Open iToim app
Соёл, урлаг | 3 мин уншина

Холливудын жүжигчид уран бүтээлчдийн ажил хаялтад нэгдлээ

Холливудын жүжигчид уран бүтээлчдийн ажил хаялтад нэгдлээ
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 20
АНУ-ын Зохиолчдын эвлэлийн зохиолчид өнгөрсөн тавдугаар сарын 2-нд удаан хугацаанд үргэлжилсэн хөдөлмөрийн маргааны улмаас ажил хаялт зарласан. Ажил хаялтад дэлгэцийн бүтээлийн зохиолч 11 мянга гаруй уран бүтээлч нэгдсэн. Үүний дараа, АНУ-ын Дэлгэцийн жүжигчид болон Телевиз, радиогийн уран бүтээлчдийн холбоо зургадугаар сарын 14-нд ажил хаялтад нэгдсэн.  
Уран бүтээлчид хөдөлмөрийн маргааны асуудлаар хамгийн том 350 гаруй контент үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн Америкийн Кино, телевизийн продюсеруудын холбоотой зөвшилцөлд хүрэх хүртлээ ирээдүйд дэлгэцнээ гарах ямар ч бүтээл дээр ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Тэд "Netflix", "Apple TV+", "Hulu", "Disney+", "Prime video" зэрэг стрийминг үйлчилгээ үзүүлэгч компаниудаас ирэх орлогын хувийг продюсерууд зохиолч болон уран бүтээлчидтэй шударгаар хуваах ёстой. Кино компаниуд уран бүтээлчдийг хөлсөлж ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээнд "бүтэн цагийн ажилтан" байхаар зааж, долоо хоногт ажиллах цагийн хэмжээг зүй зохистой тодорхойлох ёстой. Кино болон телевизийн томоохон компаниуд контентын зохиолд хиймэл оюун ашиглах болсон нь хүмүүсийн ажлын байрыг булааж байгааг эсэргүүцсэнээр уг ажил хаялт эхэлсэн. Ингэснээр АНУ-ын телевиз болон кино үйлдвэрлэлийн салбар ковид-19 цар тахлаас хойших хамгийн том тасалдалд ороод байгаа юм.
undefined
Кино, телевизийн продюсеруудын холбоо стрийминг үйлчилгээнээс зохиолчдод жилд 86 сая ам.долларын орлого хуваах боломжтой гэх тооцоог хийсэн байна. Гэвч АНУ-ын Зохиолчдын эвлэл стрийминг үйлчилгээ үзүүлэгч компаниудаас уран бүтээлчдэд ирэх нийт орлогын хэмжээ жилд 429 сая ам.доллараас багагүй байх шаардлага тавьж байгаа юм.  
Тус улсын Зохиолчдын эвлэл хамгийн сүүлд 2007 онд "CBS", "MGM", "NBCUniversal", "Sony Pictures", "Walt Disney", "Warner Bros" зэрэг кино, телевизийн салбарын томчуудыг уран бүтээлчдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэхийг шаардан таван сарын турш үргэлжилсэн ажил хаялт зохион байгуулж байв. Харин жүжигчид хамгийн сүүлд 1980 онд ажил хаялт хийж байжээ.
Гэвч АНУ-ын телевизүүд болон Холливудын томоохон кино студиуд ирэх аравдугаар сар хүртэл Зохиолчдын эвлэлтэй хэлэлцээ хийхгүй гэх мэдээлэл цацагдсан. Хэрэв ажил хаялт удаан үргэлжилбэл уран бүтээлчид санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орж, продюсеруудын холбооны шинэ гэрээг хүлээн авахаас өөр сонголтгүй болж магадгүй юм.  
Тиймээс Холливудын алдартай жүжигчид ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, бусад уран бүтээлчидтэй хамт гэдгээ харуулах зорилгоор кино, дэлгэцийн бүтээлийн зураг авалт, нээлтийн ажиллагаа, маркетинг, зах сурталчилгаанд оролцохоос татгалзаж эхэлсэн.
Тухайлбал, хамгийн анх жүжигчин Дрю Бэрримор ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлэн 2023 оны "MTV Movie & TV Awards" арга хэмжээг хөтлөхөөс татгалзсан юм. Үүний дараа, Педро Паскаль тэргүүтэй хэд хэдэн жүжигчин "MTV Movie & TV Awards" шагнал гардуулах ёслолын үеэр ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Одоогоор Жорж Клуни, Кеке Палмер, Сюзан Сарандон, Давид Духовный, Жессика Чэстэйн, Марк Руффало, Кевин Бэкон тэргүүтэй Холливудын алдартнууд ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, Зохиолчдын эвлэлийн эсэргүүцлийн жагсаалд нэгдээд байгаа аж.
undefined
Хамгийн сүүлд, энэ зуны хамгийн шилдэг кино гэгдэж буй найруулагч Кристофер Ноланы "Oppenheimer" киноны гол дүрийн жүжигчид болох Киллиан Мерфи, Эмили Блант, Мэтт Дэймон, Роберт Дауни Жуниор болон Флоренс Пью нар киноныхоо нээлтийн үзвэрт оролцохоос татгалзсан. Мөн найруулагч Кристофер Нолан жүжигчдийн байр суурийг хүндэтгэж байгаагаа илэрхийлээд, том компаниуд уран бүтээлчдийг мөлждөг энтертайнмент салбарын бизнес моделио эргэн харахыг уриалсан байна.  
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн