Богд банкаар эхэлсэн IPO Хас банкаар өндөрлөсөн. Банкууд 5-20 хүртэл хувиа олон нийтэд санал болгосон. Хас банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк таван хувиа, Хаан банк болон Голомт банк 10 хувиа, Богд банк 20 хувиа биржээр дамжуулан арилжаалсан. Эргэн сануулахад, Худалдаа хөгжлийн банк нэгж хувьцаагаа 33 мянган төгрөгөөр үнэлсэн бол Богд банк 2450 төгрөгөөр, Голомт банк 1285 төгрөгөөр, Хас банк 677 төгрөгөөр, Төрийн банк 590 төгрөгөөр, Хаан банк 959 төгрөгөөр тус тус хувьцаагаа анх зарласан юм.
Хөрөнгийн биржийн даваа гарагийн арилжаагаар Хаан банкны нэгж хувьцааны үнэлгээ 1117 төгрөг байсан бол Голомт банкных 914 төгрөг байв. Хас банкны нэгж хувьцаа ханш ялимгүй суларч 627.99 төгрөг болсон байна. Худалдаа хөгжлийн банкны хувьцаа энэ өдөр 33 мянга 100 төгрөгт хүрэв. Төрийн банкны хувьцаа 532.95 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Нэгж хувьцаагаа энэ оны гуравдугаар сард 20 дахин хуваасан Богд банкны үнэлгээ сүүлийн арав хоногийн турш өссөн үзүүлэлттэй байлаа. Тодруулбал, тус банкны нэгж хувьцаа 14 хоногийн хугацаанд 85.77 төгрөгөөс 92.67 төгрөг болтлоо нэмэгджээ.
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжааны зургаан банк олон нийтээс нийт 460 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 70 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй болсон.