Open iToim app
Зочин | 7 мин уншина

З.Буяндаваа: Төмөрлөгийн үйлдвэрт хохирол учруулсан гэмт бүлгийн гол холбогдогчийг Монголд авчрах хүсэлт тавьсан

З.Буяндаваа: Төмөрлөгийн үйлдвэрт хохирол учруулсан гэмт бүлгийн гол холбогдогчийг Монголд авчрах хүсэлт тавьсан
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 7
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн өмгөөлөгч З.Буяндаваатай ярилцлаа.
-Засгийн газраас 2022 оны хавар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалсан. Үүнээс хойш хоёр талын маргаан тасрахгүй, нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Эхлээд концессын гэрээг цуцлах үндэслэл юу байсныг уншигчдад танилцуулахгүй юу?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг гангийн цогцолбор болгох зорилгоор дэлхийн том компаниудын дунд шалгаруулалт явуулсны үндсэн дээр Кью Эс Си компани шалгарсан юм байна лээ. Засгийн газар тус компанитай 2014 онд уул уурхай металлургийн төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг байгуулсан. Концессын гэрээ байгуулагдсанаар Кью Эс Си компани нь дэд бүтцийн болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах 6 төрлийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн.
1. Хуст уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж жилд 3.0 сая тонноос доошгүй хүдэр олборлох,
2. 1.5 саяас доошгүй тонн баяжмал үйлдвэрлэх үйлдвэр, жилд 500.0 мянгаас доошгүй хүчин чадал бүхий ангижруулсан төмрийн үйлдвэр барих,
3. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх /төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах/,
4. “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө (Баянгол төмөр зам) чиглэлийн 33.4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминал барих”,
  1. “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам,
6. "Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэл 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, /50 км/, өргөтгөл, дэд станц барих ажлуудыг тусгасан байна.
Эдгээр хөрөнгө оруулалтын төслийн үр дүнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүдрийн баяжмалын экспорт нэмэгдэж, нойтон баяжуулах үйлдвэр  ашиглалтад орж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн гаргана гэж тооцсон. Харамсалтай нь, энэ үүргээ хэрэгжүүлэх явцдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг их хэмжээний хохиролд оруулсан нь хөндлөнгийн байгууллагын дүгнэлт, шалгалтаар илэрсэн. Уг нь концесс хэрэгжүүлэгч нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлнэ гэж очсон ч хохироогч болгосон. Тиймээс Засгийн газар болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр хохирлыг бодитой үнэлж, нэхэмжлэх асуудал үүссэн. 
-Гэхдээ концессын гэрээг хэрэгжүүлэг Кью Эс Си компани өөрсдөө хохирсон, төр хувийн бизнесийг булааж авлаа гэдэг асуудал яригдаж байгаа шүү дээ. Концесс хэрэгжүүлэгч нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт бодитой ийм, ийм хохирол учруулсан гэдгийг яг хэн тогтоогоод байгаа юм бэ?
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Гааль, Татварын газраас хамтарсан шалтгалтаар их хэмжээний хохирол тогтоогдсон. Эдгээр хяналт шалгалт дээр үндэслэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа. Анх концессын гэрээг байгуулахдаа (Шинэчлэн сайжруулах - барих – ашиглах – шилжүүлэх)  нөхцөлтэйгээр байгуулсан. Гэтэл концессын гэрээг хэрэгжүүлэх явцад концессийн гэрээний зүйл (Барих - шилжүүлэх) болж өөрчлөгдсөн. Эхний хувилбар нь концесс хэрэгжүүлэх явцдаа төмөр зам, авто зам, агаарын шугам барьж, концессын гэрээний 30 жилийн хугацаандаа ашиглаад  төрд үнэ төлбөргүй шилжүүлэх ёстой байсан. Энэ улсад ашигтай хувилбар байсан. Гэтэл төмөр зам, авто замаа бариад, барьсан өртгөөрөө төрд шилжүүлэх болгож өөрчилсөн. Зөвхөн энэ өөрчлөлтөөс болж 280 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Улс концессын гэрээ хэрэгжүүлэгчид 240 тэрбум төгрөгийн вексель бичиж өгсөн. Векселийн хүүд 40 орчим тэрбум төгрөг төлсөн. Ингэж өрийн бичиг гаргаж өгснөөрөө  280 тэрбум төгрөгөөр хохирсон.
Хоёрт, Дархан төмөрлөгийн үйлдвэрт 350 тэрбум төгрөгийн татварын өрийг бий болгочоод явсан. Үүний 120 тэрбум нь 2014-2017 онд, 230 тэрбум нь 2017-2021 онд үүссэн өр гэдгийг Татварын ерөнхий газар тогтоосон.
Гуравт, Менежментийн зардал буюу мэргэжлийн зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэх гэрээнээс үүссэн хохирол. Энэ гэрээг 2017 оноос байгуулж эхэлсэн. Хамгийн гол нь Засгийн газартай байгуулсан концессын гэрээнд уг асуудлыг огт тусгаагүй зардал гаргасан. Кью Эс Си 2014 оноос Концессын гэрээг хэрэгжүүлэхдээ удирдлагын эрх, эд хөрөнгийг шилжүүлж авсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ТУЗ-ийг, Гүйцэтгэх захирлыг Кью Эс Си ХХК-аас томилсон. Гэтэл өөрсдийнхөө томилсон этгээдтэй их хэмжээний хэлцэл хийж, ашиг сонирхлын зөрчил бий болгосон. 2017-2021 он хүртэл менежментийн зардал нэрийдлээр 100 тэрбум төгрөгийн зардлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс Кью Эс Си компани авсан. Үүнээс гадна ирээдүйд үзүүлэх үйлчилгээгээ тооцож, дахин 150 тэрбум төгрөгийг дундын тооцооноос хасч тооцож авсан. Нийт 250 тэрбум төгрөгийг асуудал энд яригдаж байна. Энэ бол гэрээгээр ярьж тохироогүй зардал бөгөөд үйлдвэрийг  хохироосон гэж үзсэн. Үүнтэй холбоотой баримтуудыг өгч АТГ-д шилжүүлсэн.
Дөрөвт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа системийн нөлөө бүхий том банк концессын гэрээнд оролцсон, санхүүжүүлсэн асуудал бий. Кью Эс Си компани үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр зээл авахуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр 69  сая ам.долларын зээл авахуулаад тухайн өдрөө Кью Эс Си компани руу шилжүүлсэн. Тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэр зээл авах үндсэн шаардлага байсан уу асуулт гарч байгаа. Үнэхээр хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бол Кью Эс Си өөрөө авч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлж, эргээд Кью Эс Си зээлээ төлөөд явсан бол санхүүгийн зөв систем болох байсан. Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр зээл авахуулчихаад эргээд өөрийнхөө дансаар шилжүүлээд авсан. Өнөөдрийг хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс энэ зээлийн хүүд  50 тэрбум төгрөг төлсөн байна. Дээр нь, 494 тэрбум төгрөгийн үнэ бүхий Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эд хөрөгийг банкны барьцаан тавьсан. Ингэхдээ, баяжуулах үйлдвэр, газрын хөрсөн дор байгаа баяжмал, хүдэр, ирээдүйд олох орлого ашгийг нь хүртэл барьцаалсан. Энэ үйлдэлд нь системийн том банк оролцсон нь тун ноцтой.
-Тэгэхээр энэ зээлийн зөвхөн хүүг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа юм уу?
-Үндсэн болон хүүгийн төлбөрийн аль алиныг төлөөд явж байгаа. Хэрвээ төлөхгүй бол банкинд тавьсан барьцаа хөрөнгүүд нь эрсдэлд орно. Дээр дурдсан үйлдлүүдийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт учруулсан хохирол гэж үзсэн бөгөөл үүнийг барагдуулж өгөх хүсэлтийг АТГ-т өгсөн байгаа. Энэ бол том хэмжээний хохирол. Үүнээс гадна бусад хохирлууд гэж бий.
-Тэр нь юу билээ?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мөнгөөр вагон худалдаж авчихаад эргээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түрээслүүлчихсэн. Вагон авсан компани нөгөө л системийн банкны банкны эзний хамааралтай компани байсан. Зөвхөн энэ түрээсийн төлбөртэй холбоотой 75 тэрбум төгрөгийн хохирол үүссэн. Мөн:
-Ханшийн зөрүү болон бусад эрсдэлт хүчин зүйлээс үүссэн алдагдлыг дандаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр төлүүлсэн.
-Кью Эс Си концессын гэрээгээр санхүүжүүлэх ёсгүй, анхан шатны баримтгүй 20-30 тэрбум төгрөгийн зардал гаргасан
- Ашиглалтын нь хугацаа дуусаагүй байхад үндсэн үнээс хямдаар 23 төрлийн техник тоног төхөөрөмжийг худалдаалсан.
-Зарим баяжмалыг худалдан борлуулахдаа олборлосон процессоос хямд үнээр худалдан борлуулсан.
-Концесс хэрэгжүүлэгч компанийн удирдлагууд хотын төвд үнэтэй оффис авч, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн гэх мэт.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрт учирсан хохирлыг барагдуулах асуудал хууль хяналтын байгууллага дээр ямар шатанд явж байгаа юм бэ. Прокуророос нэг буцсан байх аа?
-Засгийн газраас  концесс хэрэгжүүлэгч Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна гэдгээр АТГ-т хандсан. АТГ-аас тодорхой шинжээч нарыг томилж, хохирлыг дахин тогтоох асуудал явж байна. Эцсийн дүндээ яг хэдэн төгрөгөөр хохирсон юм бэ гэдгийг шүүх шийднэ. Харамсалтай нь, энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Учир нь, хоёр хуулийн этгээд 24 хүнд холбогдох Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн хэрэг дээр  гол зохион байгуулагч этгээд гэж үзэж байгаа “системийн нөлөө бүхий том банкны эзэн” нь хилээр гараад явчихсан. Мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэг  бий болгосон гэх хэргийн гол холбогдогч юм. Цагдаагийн байгууллагаас 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ын өдөр тус хэргийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл прокурорын байгууллагаас 2023 оны дөрөвдүгээр сард гол холбогдогчийг хилээр гаргуулаад явуулцан асуудал үүссэн.
undefined

-Гэхдээ шүүхээс хилээр гарахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан биш бил үү?
-2022 оны арванхоёрдугаар сард 14 хоногийн хугацаатай эмчилгээ хийлгэнэ гээд явсан. Прокуророос тухайн үед хилээр гаргахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн юм билээ. Шүүхээс барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсөн. Барьцааны үнийн дүн нь 3 тэрбум төгрөг байсан. Гэтэл энэ гурван тэрбум төгрөг нь бидний хохирол гэж тогтоогоод байгаа 2.8 их наяд төгрөгийн 0.1 хувьтай л тэнцэх дүн. Энэ бол зөвхөн Дарханы төмөрлөгт учруулсан хохирол шүү. Хөтөл, Эрдэнэ тусдаа. Тэгэхээр ийм хэмжээний барьцаа аваад хилээр гаргасан нь өөрөө Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хортой нөхцөл байдал үүсгэсэн. Хэрэг зогсох хүртэл арга хэмжээ авагдсан гэсэн зш.
-Хэрэв хэрэгт холбогдогч ирэхгүй бол яах вэ?
-Ирэхгүй байх нь Кью Эс Си болон холбогдогч этгээдүүдэд ашигтай. Хөөн хэлэлцэх хугацаа болон бусад аргыг хэрэглэх арга байх. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрт маш хортой. Энэ хугацаанд банкнаас авсан зээл нь төлөгдөнө, барьцаанд авсан эд хөрөнгийг чөлөөлж чадахгүй, хүү төлнө. Улсад учирсан 350 тэрбум төгрөгийн татварын өрийг хэн барагдуулах нь тодорхойгүй болно. Тэгэхээр хэргийн гол холбогдогч ирэхгүй бол энэ хэрэг цаашаа явахгүй. Өмнө нь гол холбогдогч нь байхгүй гэдэг үндэслэлээр прокурор хэргийг буцаасан гэж ойлгосон. Системийн нөлөө бүхий том банкны эзнийг заавал байлгах ёстой гэж прокурор өөрөө үнэлсэн. Тиймээс энэ хүн ирж байж энэ хэрэг цаашаа явна гэсэн хууль зүйн гаргалгааг гаргаад байгаа юм.
-Засгийн газрын дэвшүүлсэн 5Ш ажиллагааны хүрээнд авчрах боломжтой юу, танай зүгээс санал хүсэлт гаргасан уу?
-Хэргийг шүүхэд шилжүүлэхэд хууль зүйн хувьд боломжгүй нөхцөл үүссэн байна. Тиймээс Засгийн газрын дэвшүүлсэн 5Ш ажиллагааны Шуваа ажиллагааны хүрээнд эл хэргийн гол холбогдогчийг Монголд авчрах хүсэлтийг бид тавьсан. Засгийн газар болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрсдийгөө хохирогч гэж үнэлээд зохих шатны байгууллагуудад шаардлагаа  тавиад явж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн