Бриллиант эмнэлгийн Гар сарвуу, бичил мэс заслын эмч Г.Идэртэй ярилцлаа.
-Гар сарвууны ямар өвчтэй иргэд танай дээр үзүүлж, эмчлүүлж байна вэ?
-Гар сарвууны гэмтэл, зөөлөн эдийн хавдар болон ясны гэмтэл бэртлүүдтэй иргэд зонхилон ирж байна.
-Хавдар гэж байна. Тэгэхээр гар сарвууны хавдрын талаар яривал?
-Хавдар болон зөөлөн эдийн эмгэгтэй бүтцүүд гэсэн үг л дээ. Хавдар гэх юм бол мөчдийн хавдартай хүмүүс их ирж байна. Жишээлбэл, гар, хөлийн, ясны хавдрууд. Дээрээс нь нэмээд зөөлөн эдийн хавдрууд их болсон.
-Ер нь хамгийн түгээмэл байдаг гар сарвууны өвчин юу байдаг юм бэ?
-Хамгийн түгээмэл өвчин гэвэл гэмтлийн л өвчин байдаг даа. Тухайлбал, гар сарвууны гэмтэл, гар, шуу, сарвуу, мөр зэргийн хугарлууд байна. Мөн гарын нугалагч болон тэнийлгэгч хөдөлгөөний шөрмөс тасрал, мэдрэлийн гэмтэл орж ирдэг. Гарыг үндсэн гурван мэдрэл мэдрэлжүүлж байдаг. Тэрхүү гурван мэдрэлийн гэмтэл болон эмгэгүүд элбэг тохиодог. Ажил мэргэжлээс үүдэлтэй мэдрэлийн дарагдлууд ч бий.
-Ажил мэргэжлийн шалтгаантайгаар ямар өвчлөл үүсэж байна вэ?
-Ажил мэргэжлийн шалтгаантай гэхээр ихэвчлэн компьютерын ард суудаг хүмүүст бугуйн сувгийн хам шинж, тохойн сувгийн хам шинж зэрэг үүсдэг. Үүнээс шалтгаалан гарын үзүүр рүү бадайрах, өвдөлт өгөх, мэдээ алдах гэх мэтчилэн зовуурьтай хүмүүс манайд ирж үйлчлүүлдэг.
-Ажил мэргэжлээс шалтгаалж байгаа энэ үед ажлаа солихгүйгээр хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ер нь нэг хэвийн хөдөлгөөнтэй удаан яваад байвал тухайн хэсэгт өөрчлөлт өгч байдаг. Булчин болон холбоосын түвшинд гэсэн үг. Холбоосын түвшинд өөрчлөлт өгч эхлэхээр гарын сувгуудаар явж байдаг мэдрэлүүдэд дарагдал юм уу, шахалт үүсдэг. Энэ шалтгаантайгаар өвдөлт өгч эхэлдэг. Жишээлбэл, байнга хулгана (mouse) барьж ажиллаад байхаар бугуйн сувгийн хам шинж үүснэ. Энэ нь бугуйны дотор талд байдаг алганы холбоос нь бугуйны дотор талаар явж байгаа шөрмөс болон мэдрэлийн багцыг дардаг гэсэн үг. Үүнээс үүдэн гарын үзүүр рүү бадайрах, янгинаж өвдөх, булчингийн хатангиршил үүсэх шинж тэмдэг, зовуурь илэрнэ. Түүнчлэн, эдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэхээр гарын болон бугуйн үений зөв дасгалыг ажлынхаа хажуугаар хийж хэвших хэрэгтэй. Удаан хугацаагаар сууж ажиллахгүйгээр ажил, амралтын цагаа зөв зохицуулах хэрэгтэй гэсэн үг.
-Энэ нь цааш даамжирч, хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?
-Нэгд, үүний хүндрэл нь алганы болон хурууны мэдээ мэдрэхүй алдагдаж эхэлдэг. Хоёрт, байнгын өвдөлттэй болно. Гуравт, жижиг булчингууд нь хатангиршиж эхэлдэг. Үүнийг эхний ээлжид бага хэмжээний зовуурь илэрвэл сэргээн засах эмчилгээгээр эдгээх бүрэн боломжтой. Эсхүл мэдрэл нь дарагдаж мэдрэлийн гаралтай үрэвсэл болчихсон бол мэс заслын аргаар дарагдчихсан байгаа мэдрэлийг чөлөөлж өгөхөөс өөр аргагүй.
-Хатангиршина гэхээр гар ямархуу болно гэсэн үг вэ?
- Хатангиршина гэхээр тухайн хүн гараараа өмнө нь хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа болино гэсэн үг. Ерөнхийдөө гарны үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ гэж ойлгож болно. Гар бол маш олон бичил ажилбаруудыг хийх чадвартай байдаг. Амьдралын бүх цаг үед бүх үйл ажиллагаанд гарны туслалцаа байдаг. Тэгэхээр мэдрэл нь дарагдсан гар өмнө нь хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа болино гэсэн үг.
-Энэ өвчний мөн эсэхийг тухайн өвчтөн яаж мэдэх юм бэ?
-Тухайн хүнд бугуйн үеэр өвдөлт өгч эхэлдэг гэдгээр нь мэдэж болно. Хоёрт, хурууны үзүүр рүү мэдээ мэдрэхүй алдагдаж, бадайрч эхэлдэг. Ингэсэн тохиолдолд эхний ээлжид эмчид үзүүлэх шаардлагатай. Эмчид үзүүлж хийсэн шинжилгээний хариуг харж байгаад ямар эмчилгээ хийх, энэхүү өвчний ямар шатад байгааг оношлох хэрэгтэй.
-Манай улсад энэ төрлийн өвчлөл хэр түгээмэл болж байна вэ?
-Ер нь, оффисын ажилтнуудын тоо эрс ихэслээ шүү дээ. Үүнийг дагаж энэ төрлийн өвчлөл ихсэж байгаа. Энэ өвчин нь зонхилохдоо 45-аас дээш насныхан өвчилдөг байсан. Одоо үйл ажиллагаа, ажлын шалтгаанаас хамаарч насжилт нь хамаагүй залуужсан байгаа. 25-аас дээш насныхан ихэвчлэн энэ өвчнөөр өвчлөх эрсдэлтэй болсон.
-Энэ өвчин нь хэр хурдан хүндэрдэг юм бэ ?
-Өвдөлт өгч эхэлснээс хойш дадал зуршил нь хэвээр байвал 3-6 сарын дотор гарын үзүүр рүү бадайрч, мэдээ алдаж эхэлнэ. Тэгэхээр өвдөлт өгч, мэдээ мэдрэхүй алдагдаж, өмнө нь хийж чаддаг байсан зүйлээ чадахаа болих юм бол гар сарвуу бичил мэс заслын эмчид хандах нь зүйтэй.