Open iToim app
Анализ | 5 мин уншина

ХАСХОМ 2022: УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлого 6.1 хувь өсөж, 305 тэрбум төгрөгт хүрэв

ХАСХОМ 2022: УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлого 6.1 хувь өсөж, 305 тэрбум төгрөгт хүрэв
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 6
ТОВЧ АГУУЛГА
АТГ-аас хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг(ХАСХОМ) мэдүүлдэг улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын 2022 оны мэдээллийг нэгтэн танилцуулсан.
Тэгвэл манай редакц УИХ-ын гишүүдийн 2021 болон 2022 оны ХАСХОМ-ыг харьцуулсан дүн шинжилгээ хийж, анхаарал татсан өөрчлөлтүүдийг эмхэтгэн хүргэж байна.
УИХ-ын гишүүдийн нийт хөрөнгө, орлого 6.1 хувиар өсөв
УИХ-ын 76 гишүүний нийт хөрөнгө, орлого 2021 онд 287.7 тэрбум төгрөг байв. ХАСХОМ-д мэдүүлсэн нийт хөрөнгийн дүнгээр 2021 онд Д.Өнөрболор (18.58 тэрбум төгрөг), Л.Энх-Амгалан (15.77 тэрбум төгрөг), Ц.Анандбазар (14.6 тэрбум төгрөг), О.Цогтгэрэл (14.52 тэрбум төгрөг), С.Амарсайхан (14.5 тэрбум төгрөг) нар УИХ-ын гишүүдийг тэргүүлж байлаа.
Харин Б.Энхбаяр (413.7 сая төгрөг), Д.Батлут (428.2 сая төгрөг), Ж.Батжаргал (484.7 сая төгрөг) нар хамгийн бага хөрөнгөтэй байсан юм.
Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлсөн. Тиймээс 2022 онд УИХ-ын 75 гишүүн ХАСХОМ мэдүүлсэн бөгөөд тэдний нийт хөрөнгө, орлого 305.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 6.1 хувиар өссөн байна.
2022 оны мэдүүлэгт Ц.Мөнх-Оргил (18.94 тэрбум төгрөг), Д.Өнөрболор (18.38 тэрбум төгрөг), Б.Дэлгэрсайхан (16.05 тэрбум төгрөг), Ц.Цэрэнпунцаг (14.95 тэрбум төгрөг), С.Амарсайхан (14.36 тэрбум төгрөг) нар гишүүдийг бэл бэнчингээрээ тэрүүлжээ.
Эсрэг талд Ж.Батжаргал (370.4 сая төгрөг), Б.Энхбаяр (443.6 сая төгрөг), Д.Батлут (494.2 сая төгрөг) хөрөнгө мэдүүлсэн буюу хамгийн бага хөрөнгө, орлоготой гишүүд өөрчлөгдөөгүй байна.
Б.Чойжилсүрэнгийн нийт хөрөнгө хамгийн их өсөж, Л.Энх-Амгалангийнх буурчээ
Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн нийт хөрөнгө хамгийн их буюу 348.6 хувиар өсчээ. Сонирхолтой нь, Монголын барилгын салбарын аварга загас болох Хурд группийг үүсгэн байгуулагч тэрээр 2022 оны ХАСХОМ-д орон сууц, тээврийн хэрэгсэлгүй гэж мэдүүлсэн байна. 
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн нийт хөрөнгө хамгийн ихээр буюу 44.1 хувиар буурсан. Түүний өөрийн орлого 99.4 хувь, гэр бүлийн орлого 92.2 хувиар буурсан нь ийн нийт хөрөнгө буурахад нөлөөлсөн байна. Тэрээр 2021 онд нийт 15.77 тэрбум төгрөгийн хөрөнгө мэдүүлж УИХ-ын 76 гишүүнээс 2-т эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсноор 75 гишүүнээс 11-т эрэмбэлэгджээ.
undefined
П.Цэрэнпунцагийн өөрийн орлого 115 дахин, Б.Чойжилсүрэнгийнх 35 дахин өсчээ
 УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга П.Цэрэнпунцагийн өөрийн орлого сүүлийн нэг жилд 40.1 сая төгрөгөөс 4.6 тэрбум төгрөг болж 11440 хувь буюу 115 дахин өссөн бол Б.Чойжилсүрэнгийн өөрийн орлого 43 сая төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг болж 35 дахин өсчээ.
Мөн О.Цогтгэрэл, Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, С.Батболд, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Э.Батшугар, Д.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Т.Аубакир, Б.Баттөмөр нарын 11 гишүүний орлого 2-8 дахин өссөн байна. УИХ-ын 75 гишүүнээс 43 гишүүний орлого нэмэгдэж, 29 гишүүний орлого буурсан бол 3 гишүүний орлогод өөрчлөлт ороогүй байна.
Нийт дүнгээр 2021 онд гишүүдийн хувийн орлого 23.2 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 14.6 хувиар өсөж 26.7 тэрбум төгрөгт хүрчээ. Тэгвэл Монгол Улсын инфляцын жилийн түвшин өнгөрсөн онд 13.2 хувьтай гарч байв. Өөрөөр хэлбэл, гишүүдийн нийт орлогын өсөлт инфляцад идүүлээгүй буюу бодит орлого нь 1.4 хувиар өссөн байна.
undefined
Ц.Мөнх-Оргил хөрөнгө, орлогоороо 2022 онд гишүүдийг тэргүүлэхэд түүний гэр бүлийн орлого 67.2 сая төгрөгөөс 1.1 тэрбум төгрөг болж 16 дахин өссөн нь хамгийн их нөлөөлсөн байна. Түүний араас Х.Баделхан гишүүний гэр бүлийн орлого 14 дахин, Б.Чойжилсүрэнгийн гэр бүлийн орлого 9 дахин өссөн аж.
undefined
УИХ дөрвөн мянгат малчинтай
УИХ мал, аж ахуй эрхэлдэг 40 гишүүнтэй. Гишүүдийн нийт мал сүрэг 10.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 15,965 толгой малтай аж.
Түүнчлэн УИХ-д мянгат малчин дөрвөн гишүүн байна. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ 3000 толгой, Ц.Туваан 1909 толгой, П.Анужин 1495 толгой Ц.Анандбазар 1327 толгой малтай гэж ХАСХОМ-д мэдүүлжээ.   
Гишүүдийн дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж 5 тэрбум төгрөгөөр буурсан
УИХ-ын 76 гишүүн 2021 онд дотоодын банк, санхүүгийн байгууллагад нийт 35.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол энэ тоо 2022 онд 30.1 тэрбум болж, 5 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Задалбал, 31 гишүүний хадгаламж нэмэгдсэн. Хадгаламжийн мөнгөөр дүнгээр авч үзвэл хамгийн өндөр нь Ц.Цэрэнпунцаг 2.2 тэрбум, Ц.Мөнх-Оргил 1.4 тэрбум, Н.Учрал 337.2 сая, Г.Дамдинням 242.4 сая, Д.Сарангэрэл 159.7 сая төгрөгийг нэмж байршуулжээ.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар 2021 онд 6.4 тэрбум байсан хадгаламжаасаа 4.2 тэрбум, Ш.Адьшаа 1.64 тэрбумаас 1.62 тэрбум, Б.Дэлгэрсайхан 2.1 тэрбумаас 1.5 тэрбум төгрөг татаж, хадгаламж нь хамгийн ихээр буурсан байна.
Харин хадгаламжийн өсөлтийг хувиар илэрхийлбэл Сангийн сайд Б.Жавхлангийн хадгаламж хамгийн өндөр буюу 1231 хувиар өссөн байна. Тэрээр 2021 онд 1.8 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 оны ХАСХОМ-т 24.2 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
undefined
Д.Бат-Эрдэнэ шинээр 3 тэрбум төгрөгийн хадгаламж гадаадад байршуулжээ
 Гишүүд 2021 онд гадаадын банк, санхүүгийн байгууллагад нийт 204.3 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд гадаад дахь гишүүдийн нийт хадгаламж 2.9 тэрбум төгрөг болжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны ХАСХОМ-тээ гадаадын банк, санхүүгийн байгууллагад 2.8 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байв. Тэгвэл тэрээр уг хадгаламжаа цуцалсан бололтой 2022 оны мэдүүлэгт гадаадад хадгаламжгүй гэжээ.
Харин 2021 онд 185.9 сая төгрөгийн гадаад хадгаламжтай байсан Г.Дамдинням 90.2 саяыг нь татаж, 95.7 сая төгрөгийг гадаадад байршуулж байгаа бол Г.Амартүвшин 14.2 сая төгрөгийн гадаад хадгаламжаас 5.1 сая төгрөгийг татаж, 9.1 саяын гадаад хадгаламжтай байна. Х.Ганхуяг 12.2 сая төгрөгийн гадаад хадгаламжтай хэвээр байгаа юм. УИХ-ын дөрвөн гишүүн 2022 оны ХАСХОМ-т гадаадад хадгаламжтай гэж мэдүүлсний дотор нүүрсний хэрэгт нэр холбогдоод буй Д.Бат-Эрдэнэ шинээр 3.07 тэрбум төгрөгийн хадгаламж гадаадад байршуулсан нь анхаарал татаж байна.
undefined
УИХ-ын 31 гишүүн нийт 12.5 тэрбум төгрөгийн зээлтэй
УИХ-ын 31 гишүүн зээлтэй бөгөөд зээлийн өрийн үлэгдлийн нийт дүн 12.5 тэрбум төгрөг байна. Б.Дэргэрсайхан 6.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй буюу хамгийн их зээлтэй гишүүн бол түүний араас Ц.Мөнх-Оргил 2.2 тэрбум, О.Цогтгэрэл 1.5 тэрбум төгрөгийн зээлтэй аж.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн