Түм түжигнэж, бум бужигнасан энэ газар бол нийслэлд төдийгүй улсдаа барилгын бараа материалыг цогцлоосон ганц зах-100 айл. Нийслэлд барилга, байшин барих, угсрах, засахад “100 айл” байхгүй бол бүтэхгүй. Иймдээ ч “100 айл руу 100 явна” гэх үг гараа биз. Хэдийгээр олон нийтийг барилгын бараа бүтээгдэхүүнээр хангаж байгаа ч “хашиж зогссон” асуудал нь түгжрэл. Эргэх зайгүй, зогсох зогсоолгүй, гарах гарцгүй гэх шалтгаанаар 100 айлыг нүүлгэнэ гэж манай дарга нар байнга шахуу ярьдаг байлаа. Тэр ч үүднээс Дүнжингарав худалдааны төвийн зам дагуу талбайд ШИНЭ 100 АЙЛ барихаар шийдвэрлэж байв. Саяхан шинэ 100 айл төв нээлтээ хийсэн ч хуучин 100 айлынхан нүүсэнгүй.
100 айлыг нүүх эсэх асуудал хэрхэж байгааг энэхүү сурвалжлагаараа онцолж байна.
Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой иргэд барилга засварын ажилдаа орсон нь илт. Хуучин 100 айл урдын адилаар энд, тэнд обой, рейк, будаг, замаск зэргийг барьсан, тэвэрсэн иргэд зөрж, сүлжилдсээр. Үүнээс харахад, бизнес эрхлэгчид Шинэ зуун айл худалдааны төв рүү нүүгээгүй нь харагдаж байв.
Бизнес эрхлэгчдийн хувьд ч 100 айлаас нүүх бодолгүй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан. Өдгөө ч энэ байр суурь дээрээ бат байгаа аж. Тухайлбал,
- “100 айл”-д бизнес эрхлэгч-1: Ер нь 100 айлын хэн нь ч нүүхийг дэмжихгүй. Яагаад гэвэл энэ чинь хүн бүрийн хувийн өмч шүү дээ. Газар нь ч хувийнх байдаг. Хувь хүн түрээсэлсэн ч хувийн өмч. Заавал тэр хүнийг нүүлгэж яах гээд байгаа юм. Үйл ажиллагаа явуулж байгаа газартаа өөрөө худалдан авагчдаа татаж, хөдөлмөрлөн 20, 30 жил лангууны ард суугаад бараа бүтээгдэхүүнээ зарж байхад дээрэмдэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ. Хүнээ татаад сурчихсан байнгын тогтмол үйл ажиллагаатай захыг буулгах нь дээр байна уу. Шинэ захдаа ажилгүй байгаа хүмүүсээ татаж оруулаад тэндээ шинэ ажлын байраа бэлдэх ёстой шүү дээ. Тэрнээс энд тэндээс хүн татаж ажилд оруулна гэж байхгүй. Бид нар 1995 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байна. Бидэн шиг өглөөнөөс орой болтол уйгагүй ажилладаг зах байддаггүй шүү дээ. Түгжрэл үүсгэж байна л гэдэг. Гэхдээ ямар ч түгжрэл байхгүй. Өөрсдөө зохицоод хүмүүс өөр өөр газар машинаа тавиад ирж юм аа аваад явдаг. Хэрэв шинэ захад очвол хэзээ ч 100 айл дээр байдаг зүйл тэр захад байхгүй. Тэгээд өчнөөн захаар явж явсны эцэст 100 айл дээрээ л заавал ирнэ. Яагаад гэвэл хамгийн нарийн юм нь 100 айл дээр байдаг. Хаанаас ч, ямар мөнгөөр ч авсан юм мэдэхгүй. Массаар нь бараа татаад тавьчих маш амархан. Харин насан туршдаа зүрх сэтгэлээ гаргаж ажилласан хүнээс зөвлөгөөг нь авч, бүх зүйлээ алдаагүй аваад явбал худалдан авагчдад хэрэгтэй. Тэрнээс нэг том даргын тушаалаар нүүнэ гэж байхгүй. Дахиад нэг хүн том захыг дүүргэнэ гэвэл яах юм. Дахиад Дүнжингаравын 100 айлаа орхиод явах юм уу. Бид нар юу юм. Нүүдлийн шувуу юм уу. Үгүй шүү дээ. Нэг хүн нэг байршилдаа олон жил тогтвор суурьшилтай, тогтмол цагаар ажиллаж байж худалдан авагч ирдэг юм. Эргээд ирэхэд нь найдвартай. Хэрэв эргээд ирэхэд нүүчихсэн байвал ямар зах гэх юм бэ. Хүний юмыг дээрэмдэх амархан. Уул, ус, газар, шороо, бэлэн мөнгө, улс орноо худалдах амархан байна шүү дээ. Гэхдээ шударгаар байгаа хүмүүсийг дээрэмдэх хамгийн хэцүү.
Энэ олон жил хөдөлмөрлөж босгосон зүйлийг яаж дээрэмдэх гээд байгаа юм. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Шинэ зах өөрөө ажиллах хүн, худалдан авагчдаа олох ёстой. Энэ бол бизнесийн хууль хэмээж байсан юм.
-“100 айл”-д бизнес эрхлэгч-2: Манайх одоохондоо нүүх бодолгүй л байна. Би энд бизнес эрхлээд удаж байна. 20 гаруй жил болсон байна. Гэхдээ 100 айлыг тойроод барилгажаад байна. Аяндаа барилгажиж, шахагдаж явсаар байгаад сулрах байх. Удах тусам л нөгөө олон гээд байгаа худалдаачид багасаж байгаа. Хэрэв шийдвэр, захирамж нь гараад нүүнэ гэвэл очих л байх. Эсвэл энэ хавийнхан бүгд явахгүй бол би ганцаараа яваад яах юм. Хэрэггүй байх. 100 айл тэр чигтээ нүүлээ гэвэл хамаагүй шүү дээ нүүнэ. Байршлын хувьд төвдөө, тухтай, ойрхон. Харин түгжрэл гэвэл энэ зам наймаатай, наймаагүй түгжирдэг. Нэг дэх өдөр 100 айл амарсан ч түгжрээтэй л байдаг. Тэгэхээр нүүсэн, нүүгээгүй ялгаагүй байх. Яах вэ, бохир завааны хувьд л ярьж магад гэлээ.
Ийн одоогийн үйл ажиллагаа явуулж буй “100 айл”-д бизнес эрхлэгчид тус газраас нүүх бодолгүй хэвээр байна. Гэвч нөгөө талд тэднийг нүүлгэхээр зэхэж буй Шинэ зуун айл худалдааны төв өнгөрсөн сарын 25-ны өдөр ашиглалтад ороод байна. Иймээс тус худалдааны төвд бизнес эрхлэгчид нүүж очсон, аль эсхүл үйл ажиллагаагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд болон иргэдэд хэр тав тухтай, яагаад тус газар нүүх болсон шалтгааныг тодруулахаар Шинэ зуун айл худалдааны төвийг зорилоо.
Биднийг очиход өдрийн 11:00 цаг болж байв. Тус худалдааны эл хуль байх нь тэр. Учир нь бизнес эрхлэгчид үйлчилгээ явуулах объектоо засварлах, бараа бүтээгдэхүүнээ татах зэргийг хийж байгаа тул тогтмол үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж.
Худалдааны төвийн хувьд хоёр давхар. Нэг давхарт нь хувь бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах юм. Харин хоёрдугаар давхарт нэлээд том худалдааны заал байх аж. “Хуучин” 100 айлын бизнес эрхлэгчдийн хувьд Шинэ зуун айл худалдааны төвийг хоёр давхар байгаа нь дутагдал гэж байсан юм. Шалтгааныг нь хоёр давхарт “хэзээ ч үйлчлүүлэгч ордоггүй юм” хэмээн тайлбарлаж байлаа. Тэгвэл Шинэ зуун айл худалдааны төвийн хоёр давхарт дан ганц бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахгүйгээр заалыг “Хайпермаркет” байдлаар ажиллуулж, бизнес эрхлэгчидтэй хамтарч, тэдний бараа бүтээгдэхүүнийг борлуулах аж. Ингэснээр бизнес эрхлэгчид заавал үйлчилгээний объект худалдан авахгүй байж болох юм.

Ийн үйл ажиллагаагаа эхлүүлж буй Шинэ зуун айл худалдааны төвд бизнес эрхлэгч “100 айл”-ыг нүүлгэх болон үйл ажиллагааныхаа талаар ярилаа. Тэрээр, “Энд арай эмх цэгцтэй. Заавал 100 айлын түгжрэл рүү орох шаардлагагүй болохоор үйлчлүүлэхээр ирсэн хүмүүст харьцангуй амар юм билээ. Ер нь, хотын төвд шахцалдаж байснаас энд байсан нь дээр байх. Манайхаар үйлчлүүлж байгаа иргэд нэг л зүйлийг хэлж байгаа. Уг нь 100 айл наашаа нүүгээд ороод ирвэл сайн байна гэж байна. Одоо лангуунуудын дүүргэлт цэгцрээд ирвэл зогсоол талбай ихтэй юм чинь гайгүй болох байх. Үүгээрээ л давуу талтай байна даа. Дүнжингаравын энэ хавиар түгжрэл багатай шүү дээ. Зах руу ирэхэд хойгуураа тойроод Амгалангаар ч ирсэн болно. Эсхүл Офицер,16 дугаар хорооллоос наашаа ирэх замыг нээчихвэл амар байхаар байна.
Манай дэлгүүрийн хувьд шинэ салбараа энд нээж, үйлчилгээгээ эхлээд тав, зургаа хоног л болж байна. Үйлчлүүлэгчид одоохондоо сонирхож тандсан байдлаар л ирж байна. Гэхдээ цөөн ч гэсэн зорилтод хэрэглэгчид мэдээж ирж байгаа. Маркетингаа сайн хийхгүй бол худалдан авагчид сайн мэдээгүй байх шиг байна” хэмээж байлаа.
Харин иргэн Д.Цэвэгсүрэн: Миний хувьд 100 айлыг нүүсэн нь дээр гэж боддог. Учир нь, тэнд машин тавих ч зай олдохгүй барилгын дэлгүүрүүд шавчихсан, зам нь нарийхан, хүн ихтэй. Тиймээс энэ зайдуу газарт нүүсэн нь дээр. Дүнжингаравын хажууд гэдэг чинь хотын төв л гэсэн үг шүү дээ. Дандаа хотын төвдөө шавна гэж юу байх вэ дээ, ядаж зарим нь бэлэн болсон ийм газрууд руугаа нүүх шаардлагатай. Миний хувьд өнөөдөр ямархуу зах нээгдсэн байгааг үзэх гээд өглөө эрт гараад ирж байна гэв.
Үйл ажиллагаагаа албан ёсоор эхлээд долоо хонож буй Шинэ зуун айл худалдааны төвийн талаарх бизнес эрхлэгч болон иргэдийн сэтгэгдэл ийм байгаа бол Шинэ зуун айл худалдааны төвийн маркетингийн ажилтан А.Амарсайхан: Шинэ зуун айл худалдааны төвийн үйл ажиллагааны хувьд нэг давхар болон, дуфлекс лангуунууд бараг дүүрсэн. Одоогоор заримынх нь үйл ажиллагаагаа эхлээгүй. Ер нь, лангуугаа авч, захиалгынхаа гэрээг хийчихсэн явж байгаа. Намраас жигдэрнэ гэж бодож байна. Одоогоор бид аль болох хэрэглэгчдийг татах үүднээс задгай талбай дээрээ үзэсгэлэн худалдаа, экспог намар хүртэл зохион байгуулна. Худалдан авагчдын хувьд байнгын том худалдан авагчтай харилцагчдаа татсан газрууд байнга ирж борлуулалт хийж байгаа. Харин бусад жижиг газрууд үйл ажиллагаа нь жигдрээгүй болохоор ирэхгүй байгаа.
Түгжрэлийн цэгийг бүр их нэмэгдүүллээ гэдэг зүйл иргэдээс хэлж байгаа. Гэхдээ Улаанбаатар хотын зүүн бүсэд барилгын материалын болоод худалдаа үйлчилгээ төвлөрсөн байгаа нь ирээдүйд хотын түгжрэлийг бууруулахад үр дүн өгнө найдаж байгаа. Цаашид бусад блокууд ч гэсэн ашиглалтад орж, үйл ажиллагаа жигдрээд ирэхээр хотын төлөвлөлт тал дээр Өгөөмөр зах руу хойшоо нэвт гарна. Мөн 2025 оноос төмөр замыг хотын төвөөр байгааг нь нүүлгэж, байсан газарт нь найман урсгалтай зам тавих гэж байгаа гэсэн зүйл яригдаж байгаа юм билээ. Тэгэхээр урт хугацаандаа түгжрэлийн асуудал шийдэгдэнэ гэж бодож байна хэмээн худалдааны төвийн талаар мэдээллээ.
Энэ мэтчилэн худалдан авагч, бизнес эрхлэгчдийн байр суурь хоёр өөр туйлд байв. “100 айл” нүүх үү. Эсхүл нийслэлчүүд Шинэ зуун айл гэх худалдааны төвтэй болоод л үлдэх үү.