Open iToim app
Зочин | 11 мин уншина

Ж.Галбадрах: Төрийн сургуулиуд "Шинэ Монгол" шиг менежменттэй болоосой гэдэг үүднээс төслөө эхлүүлсэн

Ж.Галбадрах: Төрийн сургуулиуд "Шинэ Монгол" шиг менежменттэй болоосой гэдэг үүднээс төслөө эхлүүлсэн
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 30
"Шинэ Монгол" сургуулийн үүсгэн байгуулагч, “Сургуулийн Судалгаа Хөгжлийн Шинэ Монгол төв”-ийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрахтай ярилцлаа. Тэрээр “Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” судалгааны төслийг эхлүүлсэн. Төсөл ирэх хичээлийн шинэ жилээс илүү өргөн цар хүрээг хамарч хэрэгжих юм байна. Боловсролын салбарт чанар, стандартын өөрчлөлт, ахиц авчрах чухал санаачилгыг төслийн баг хамт олон эхлүүлжээ. 
-Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой танай төслөөс ярилцлагаа эхэлье. Яагаад ийм санаачилга гаргах болов?
-Би 32 настайдаа 1995 онд Япон явж сурсан. Тэр өндөр хөгжилтэй оронд тодорхой хугацаанд сурах явцад нэг зүйлийг маш сайн ойлгосон. Энэ улсын хөгжлийн нууц нь ерөөсөө л боловсролдоо байдаг юм байна. Улс орон хөгжье гэвэл суурь боловсролыг л маш чанартай болгох, тэр дундаа хүчтэй ахлах сургуулиудтай байх ёстой юм байна. Тэрийг төгссөн хүүхдүүд нь элит болоод ирээдүйд улсаа удирддаг юм байна, тэд илүү ур чадвартай, өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвар сайтай болдог гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Тиймээс сурч байх үеэсээ хүчтэй ахлах сургуультай болъё гэдэг мөрөөдөлтэй болж, түүнийгээ байгуулахаар Японоос ирсэн. Ингээд ахлах сургуулиа байгуулсан ч асар их өр төлбөр, зээлэнд дарагдаж, сургуулиа хөл дээр нь босгох гэж маш завгүй, цаг наргүй ажилласан, зүтгэсэн. 2000 онд "Шинэ Монгол" ахлах сургууль маань байгуулагдаж, 2010 он гэхэд арай гэж хөл дээрээ зогсож, сургууль шиг сургууль болж эхэлсэн. Тэрнээс хойш ч өнөөг хүртэл сургуулиа удирдсаар ирсэн. Энэ хоорондоо бас их зүйл бодогдсон.
Улсын маань хөгжлийн суурь болсон төрийн өмчит сургуулиудаа эргээд харахад сургалтынх нь  чанар унасан, багш нар хүрэлцээгүй, сургалтын орчин нөхцөл нь жил ирэх тусам муудаад байдаг, ажиллаж байгаа, удирдаж байгаа хүмүүс нь нэг л итгэл, үнэмшил муутай болоод, нэг ангид 50 хүүхэд хүртэл суудаг болж, улам хэцүү нөхцөлтэй болоод байсан. 
Японд байхад миний сэтгэлд нэг зүйл тод үлдсэн юм. "Чи үнэхээр амжилтын эзэн юм бол бусдадаа амжилтынхаа туршлагыг хуваалцаж, бусдад ч мөн адил тийм амжилтад хүрэх боломжийг өгөх хэрэгтэй" гэсэн үг сэтгэлээс гардаггүй болсон. Японд амжилтад хүрсэн олон хүн нийгмийнхээ сайн сайхны төлөө өөрийнхөө олж мэдсэн амжилтын нууцаа бусдадаа нээлттэй, харамгүй хуваалцсан түүхийг олон удаа сонсож байлаа. Би ч гэсэн өөрийн олж мэдсэн, хуримтлуулсан ноу хау, туршлагаа бусдадаа хуваалцъя гэдэг бодол 2019 оноос төрсөн. 2020 онд болох сургуулийнхаа 20 жилийн ойг угтаад "Шинэ Монгол" сургуулийн туршлагыг төрийн сургуулиудтай хуваалцъя гэдэг сэдлээр энэхүү төслийг хийхээр шийдсэн. 
Гэхдээ эхэн үедээ өөрийгөө жаахан голж байлаа. Би чинь практик дээр л хийгээд байсан, гэтэл энэ маань онолтой хэр нийцэж байгаа билээ, боловсролын менежментийн шинжлэх ухаантай нийцэж байгаа юу? Иймд онолын мэдлэгээ илүү гүнзгийрүүлэх зорилгоор Японы Нагояагийн их сургуулийн докторантурт 2019 онд элсэж ороод суралцаж эхэлсэн юм. Надад нэг л зорилго, бодол байгаа. Үнэхээр сайн туршлага олж авч чадсан юм бол улсын сургуулиудын чанар унаад байгаа энэ цаг үед түүнийгээ нэвтрүүлье гэсэн бодол. Ийм зорилгоор төсөл хэрэгжүүлэх болсон. Ингээд төрийн сургуулиуд дээр юу нь болоод, юу нь болохгүй байгаа, яагаад чанар унаад байна гэдгийг таньж мэдэхийн тулд найман сургуулийг сонгоод 2020 оны есдүгээр сараас 2022 оны зургадугаар сар хүртэл төслийнхээ нэгдүгээр үе шатаа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үед мөн олон сургамж авсан. Зарим сургууль дээр маш сайн өөрчлөлт гарсан. Тухайлбал, Сүхбаатар аймгийн 2 дугаар сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургууль, Хайлаастын 72 дугаар сургууль, Багануурын Гүнгалуутай цогцолбор сургуулиуд эрс өөрчлөгдөөд ирсэн. Үр дүн нь илт мэдрэгдээд. Гэтэл хотын төвийн 97, 52 дугаар сургууль даац нь хэт ихэдчихсэн болохоор яаж ч оролдоод өөрчлөлт дорвитой гарч өгөхгүй байсан. Мөн Өмнөговийн Цогт-Овоо, Булганы Баяннуур сумын сургуулийн хувьд 300 орчим хэт цөөн хүүхэдтэй, багш дутагдалтай тул менежментийн шинэчлэл олигтой явахгүй байсан. Гол нь бид нэгдүгээр үе шатнаас маш олон зүйл олж мэдэж, яагаад болохгүй байгаа шалтгаануудыг шинжилж, дүгнэх боломжтой болсон юм. 
Энэ үе шатанд бид та нар өөрсдөө хийгээд үзээрэй гээд сургуульд даатгаад найдлага хүлээлгээд байсан, харин тэд маань чадвар нь дутаад олигтой хэрэгжихгүй байсан юм билээ. Иймд бид дагуулж сургах ёстой юм байна гэдэг шийдэлд хүрч, төслийнхөө хоёрдугаар үе шатанд 80 сургууль сонгоод түүнийгээ хэрэгжүүлж үзэхээр зориглон шийдээд байна. 
Төслийг эхлүүлэх шалтгаан нь ердөө л Төрийн сургуулиуд "Шинэ Монгол" шиг менежменттэй болоосой гэдэг бодол. Энэ бол нийгмийн өмнө хүлээж байгаа миний үүрэг, итгэл үнэмшил. 
undefined
Боловсролын суурийг л чанартай өгч чадвал монгол хүүхэд хөгжинө, улмаар улс хөгжинө
-Нийгэмд өнөөдөр үүсээд байгаа тэгш бус байдал, орлогын ялгааг арилгая гэвэл боловсрол, түүний чанар, хүртээмжид анхаарах, улмаар энэ салбарт шинэчлэл хийх яриа эртнээс яригдаж, зарим нийгмийн түүчээ болсон залуус нэлээд санаачилгатай дуугарч байсан. Таны төсөл үүнтэй яв цав нийцэж байна л даа. Тэгэхээр боловсролын реформтой уялдаад нийгмийн тэгш байдал, орлогын ялгаа, тогтвортой хөгжлийг бий болгохоор зорьж байна гэж ойлголоо?
-Яг тийм. Тэгж л зорьж байна. Дунд сургуульд суралцаж байгаа нийт хүүхдийн ердөө 7-хон хувь нь хувийн сургуульд, 93 хувь нь төрийн сургуульд сурч байгаа. Тэгэхээр дийлэнхи масс сурч байгаа сургуулиудыг л сайжруулах ёстой. Хэрэвзээ төрийн сургууль сайжирвал, заавал хувийн сургууль руу аав ээжүүд хүүхдээ оруулах гээд хошуураад байх шаардлагагүй болно. Гол нь төр, хувийн сургуулийн ялгаа, зааг багасна. Төрийн сургуулийн үүсгэн байгуулагч нь төр өөрөө. Боловсролын яам, Засгийн газар гэсэн үг. Нэг ангид 50 хүүхэд сургана гэдэг үнэндээ гэмт хэрэг. 50 хүүхэд суулгаад болж байгаа гэж ярих нь үнэндээ тун хариуцлагагүй зүйл. Төр юуны түрүүнд 30-аас илүүгүй хүүхэд нэг ангид сурах нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Сая салбарын хуулийн шинэчлэл ярихад уг нь энэ нөхцөлийг л хэлэлцмээр байсан. Нэг ангид суух хүүхдийн дээд хэмжээ 30 байна гэж хуульчлаад, хүүхэд нь ихдээд байгаа газруудад шинэ сургууль барих хэрэгтэй. Ийм реформ хийгээд явах нь чухал. 
Боловсролын суурийг л чанартай өгч чадвал монгол хүүхэд хөгжинө, улмаар улс хөгжинө. Монгол хүүхэд төрөхдөө ген сайтай төрдөг нь үнэн шүү. Ийм учраас боловсролын санараа сайжруулаад, сурах зөв арга барил суулгаад, эрдмийг эрхэмлэх хичээнгүй зан чанарыг олгож чадвал монгол хүүхдүүдэд маш гоё ирээдүй байгаа. Хүүхдүүдийг хараад байхад бага сургуульд анх орохдоо маш цоглог, нүүрэндээ галтай, нүдэнд нь оч гялалзсан баясгалантай байдаг ч дунд анги руу ороод ирэхээр нүднийх нь гал аажмаар унтраад, ахлах ангид ороод бүүр унжийчихдаг дүр зураг харагддаг. Тэгэхээр манай боловсрол хүүхдийг залхаадаг, баяр хөөрийг нь алга болгож, сурах хүсэл, сонирхлыг нь алдагдуулаад байгаа юм биш биз. Тэгэхээр хүүхдэд тэгш байдал олгоё гэвэл дээрх байдлыг сургууль болгон дээр өөрчлөх ёстой, энэ байдлыг цаг алдалгүй залруулах хэрэгтэй, учир нь хүүхдийн ирээдүй энд яригдаж байна. 
Төрийн сургуулийн үүсгэн байгуулагч төр учир энэ үүргээ хүлээж, сургалтын орчинг сайжруулж, багш нарын ажиллах боломжийг хангаж, багш нар сэтгэл гаргаж ажиллах тэрхүү нөхцөл боломжийг бүрдүүлэх гэх мэт гүн рүү нь орж байж шийднэ үү гэхээс биш хувийн сургууль, төрийн сургуулийн ялгаа үүсээд байна гэж хий дэмий яриад байж таарахгүй. Үнэхээр ялгаа бол байгаа. Энэ нь төрийн сургуулиудын чанар нь унаад байгаагаас үүсэж байгаа ялгаа л даа. Төрийн сургууль чанараа бариад өөрчлөгдвөл энэ ялгаа аажимдаа арилна. Үүний тулд төр өөрийн хариуцлагаа сайн биелүүлэх хэрэгтэй.
Монголын боловсрол сүйрч байгаа Титаник хөлөг л шиг байна гээд хүмүүс ярьж, бичээд байна. Үүнийг хараад, дагаж шогшроод суух бус, яаж бид аврах вэ? Хариулт нь  сургалтын чанараа дээшлүүлэхийн тулд сургууль дотроосоо өөрийн хүчээр өөрчлөгдөх, эерэг соёл бүрдүүлэх боломжийг хайх хэрэгтэй. Энэ нь сургуулийн менежментийг сайжруулах гэж би үзэж байгаа юм. Өөрчлөлтийг гаднаас биш, дотроос хайх, зөвхөн барилга байшин бариад, багш нарыг өөрчлөхгүйгээр, хүүхдүүдийн хандлага төлөвшлийг өөрчлөхгүйгээр, зүрх сэтгэлийн боловсрол, ёс зүйн хөтөлбөр хэрэгжүүлэхгүйгээр энэ байдал өөрчлөгдөхгүй. Энэ бүгд сургуулийн менежмент дээр зангилагддаг. Бид сургуулийн менежментийн оновчтой загварыг Монголынхоо нөхцөлд тохируулан гаргаж, сургалтын чанарыг дээшлүүлье гэж төслөө эхлүүлж байгаа. "Шинэ Монгол" сургуулийн 20 жилийн хугацаанд хуримтлуулсан сургууль удирдах менежментийн арга зүй, сайн туршлагыг хуваалцахыг зорьсон. "Шинэ Монгол" сургуулийн нотлогдсон менежментийн брэнд туршлагыг нэвтрүүлэх төсөл. Тухайлбал, сургуулийн эерэг соёл төлөвшлүүлэх менежмент, зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр, хичээлээс гадуурх үйл ажиллагааны оновчтой зохион байгуулалт, багшийг ажлын байран дээр хөгжүүлэх, багш нар багт нэгдэж ажиллах зэрэг юм. 
-Хүүхдийн ирээдүй Монголын ирээдүй. Тэгэхээр хүүхдүүд сайн, чанартай боловсрол эзэмших зарчим таны энэ хөтөлбөрөөр хангагдах юм байна гэж харлаа. Яах аргагүй тулгамдсан асуудал мөн. 
-Тийм ээ. Би бол тэгж л үзээд байгаа. Монгол Улс Японы нэг томоохон аймаг шиг л хүн амтай шүү дээ. Тэгэхээр сургуульд сурч байгаа хүүхдийн тоо тэр хэрээр цөөн гэсэн үг. Тэгэхээр их амархан сэргэж болох талтай. Боловсролд зарцуулж байгаа мөнгийг үр дүнтэй зарцуулах нь их чухал. Эхлээд сургалтын орчны стандартыг бий болгох нь юун түрүүнд хийх асуудал. 
Сургалтын орчин гэхээр маш олон зүйл багтана. Спортын заалнаас эхлээд байгалийн ухааны лаборатори, кабинет, Багш нарын өрөөний стандарт гэж байна. Жишээ нь, багш өөрийн суух ширээтэй, өөрийн компьютертой байж тэр хүн бүтэн найман цагийн турш үр бүтээлтэй ажлаа хийнэ шүү дээ. Багш бүр ширээ сандалтай байвал ажлын найман цагийнхаа гурван цагт нь хичээлээ заалаа гэхэд үлдсэн таван цагт нь маргаашийнхаа хичээлд бэлдэх, сурагчдынхаа дэвтрийг шалгах, давтлага өгөх боломжтой болно. Гэтэл төрийн бүх сургуульд 100 багшийн дунд сайндаа 30-40 багш дундаа суудаг буйдан, ширээ тавьчихаад багш хөгжлийн өрөө гэж нэрлээд байдаг, гэтэл тэнд өөрийн ширээгүй багш яаж ажиллах вэ. Энэ байдал нь багш цагаа шахуулж тавиулчихаад, хичээлээ заачхаад гараад явах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Тийм нөхцөлд багш сэтгэлээ гаргаад, сурагчидтайгаа тулж ажиллах боломж бүрдэхгүй шүү дээ. 
Монголд сургууль, багшийг зөвхөн хичээл заадаг гэж ойлгоод байдаг. Зөвхөн хичээл заах бол сургуулийн боловсрол биш. Хичээлээ заана, дээрээс нь дугуйлан секцэд хүүхдүүдээ хамруулж, спорт болон урлагийн авьяас чадварыг нь хөгжүүлж, нээнэ. Зөв хүн болж төлөвшүүлэх хандлагатай болгохын тулд зүрх сэтгэлийн боловсролыг сургууль зайлшгүй өгөх ёстой. Гэтэл ихэнхи сургууль маань хэдэн цагийн хичээл заагаад л өдрийг өнгөрөөж байна. Энэ ойлголтыг өөрчлөх ёстой. 
Миний хувьд сургуулийн менежментийн гол зүйл бол багш нар яаж баг болж хамтдаа ажиллах вэ гэдэг асуудал. "Шинэ Монгол" сургуулийн амжилтад хүрсэн нууц нь багш нарын багийн ажиллагаа, багш нар нэгдэж ажилладагт байдаг. Нэгдүгээр анги ч бай, долдугаар анги ч бай тухайн үеийн 120 хүүхдийг хариуцсан 6-8 багшийг нэг багт нэгтгээд та нар ерөөсөө л энэ 120 хүүхдийн асуудлыг л шийд гэдэг. Багш нарын багаар ажиллах зургаан чиглэлийг нь гаргаад өгдөг. Сургууль дээр эерэг соёлыг тогтоовол тэр сургуулийг амжилтад хөтөлдөг. Сөрөг соёл байвал амжилтыг хойш нь татна. 
Би МУБИС-т 2016 онд “Ахлах сургуулийн соёл, төлөвшлийн менежмент” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Эерэг соёл нь сахилга бат, дэг журам тогтоож, цэгцтэй болгодог. Соёлын хэрхэн нэвтрүүлдэг аргачлал нь бидэнд бэлэн байгаа. Мөн тэр зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг хэрхэн нэвтрүүлэх, зөв сайн хүүхдийг яаж төлөвшүүлэх, ямар аргачлал боловсруулах талаар бэлэн туршлагууд бидэнд байна. Тэрийгээ л төрийн сургуулиудад нэвтрүүлж болмоор санагдаад байгаа юм.
-Таны докторын сэдэв бол тусад нь судалж нэвтрүүлмээр санагдаж байна. Одоо хүмүүс хүүхдээ улсын сургуульд өгөхөөр гаднын тэтгэлэг авч чадахгүй, хувийн сургуульд өгвөл англи хэл нь сайжрах, гадагшаа явах боломж хамаагүй илүү байна гэж харж байна. Тэр ирээдүйг нь бодоод хувийн сургуульд хүүхдүүдээ өгөх сонирхол маш их байна. Нөгөө талдаа таны хөтөлбөр хэрэгжээд ирвэл ялгаагүй болж, энэ хандлага өөрчлөгдөх нь гэж харж байна. 
-Тэгнэ. Улсын сургуулиуд сайжирвал хувийн сургуульд хүүхдээ эцэг эхчүүд хүсэн хүсэн өгөхгүй болно. Манайд төрийн сургуульд итгэх итгэл нь алдагдчихаад байна. Төрийн сургуульд англи хэл муу сурч байна гэж байна. Тэнд англи хэлний сайн багш байхгүй байгаа учраас тэр шүү дээ. Үүнийгээ сайн багш нар нь хувийн сургууль руу явчхаад байна гэж ярьдаг. Багш нарын бас л долоон хувь л хувийн сургуульд байгаа. Угаасаа багш нараа хангалттай бэлдэж чадаагүй гэсэн үг. Улсын сургуульд ажиллаж байгаа тэр олон багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх цэгцтэй бодлого  хэрэгтэй байна. Тэр ажлыг сургууль дээр бие дааж хийхгүй, багш нартаа хөгжих урам зориг, итгэл үнэмшил хангалттай өгч чадахгүй байна. Таатай нөхцөлийг нь бий болгоод багш нараа хөгжүүлээд, хөтөлбөрөө чамбайруулчихвал улсын сургуулийн олон хүүхэд гадагшаа явах боломж бүрдэнэ. 
Хувийн сургууль бол төлбөр авдаг учраас хариуцлагатай, тооцоотой, хүүхдийн өсөлт өөрчлөлтөө тооцоод, хэмжээд ажилладаг учир төгсөгчиддөө илүү боломж олгодог юм болов уу даа. Багш сургууль дээрээ суудаг ширээтэй, компьютертэй, хөгжье гэж байгаа хүүхдийг дуудаж ирээд уулзчихдаг, давтлага өгчихдөг тийм л энгийн орчныг улсын сургууль бүрдүүлээд өгчих л дөө. Тэгэх юм бол дотроосоо хөгжөөд, сурагчдаа гадаад дотоод явуулах боломж нь гараад л ирнэ. Ер нь багш нарын цалинг хангалттай нэмэх ёстой. Одоо багшийн цалин хүрэлцэхгүй байгаа учраас хичээлээ заачхаад гарч яваад өөр давхар орлого олох юмаа хайгаад байна. Тэгэхээр багшийн үндсэн ажил нь хоёр дахь ажил нь болчихоод, өөр ажил хийхээс аргагүй болоод байна. Тэгэхээр дор хаяж цалинг нь 2-3 дахин нэмж байж тайван амгалан, ажил руугаа төвлөрч ажилладаг болно. Тэгээд ирвэл хөгжөөд л явчихна. 
-Та бүхний төсөл анх найман сургууль дээр хэрэгжиж эхэлж байсан бол одоо 80 сургууль энэ менежментийн хөтөлбөрт хамрагдах гэж байна. 80 сургуулийн сонго шалгаруулалт ямар явцтай байна вэ?
-Би дээр хэлсэн. Өнгөрсөн оны зургадугаар сарын 28-ны өдөр бид найман сургуулийн тайланг хэлэлцээд дүгнэлтээ хийсэн. Тэгээд өнгөрсөн нэг жилийн турш төрийн сургуулийн менежментийн загвараа сайжруулсан. Сумын,  Аймгийн төвийн, хотын захын, хотын төвийн сургуулийн загвар гаргасан гэсэн үг. Одоо тэр менежментийн загвар дээрээ үндэслээд бүсчлэл бүрээс 20, 20-н сургууль сонгож аваад хэрэгжүүлээд үзье гэсэн юм. Энэ бол нэгэн хувийн сургууль, нэг багш өөрийн олсон туршлагаа бусадтай хуваалцая гэсэн хувь хүний зүтгэл, санааачилга юм. Ер нь оролдлого үйлдэл хийхгүйгээр, өөрийгөө зовоохгүйгээр, юм үзэж судлахгүйгээр сургууль нь аяндаа сайжирна гэж байхгүй. Захирлууд өөрсдөө мөн уншиж судлах хэрэгтэй. Менежмент гэж юу вэ гэдгийн учрыг нь олох гэж явах ёстой. Таньж мэдэх хэрэгтэй. Бидэнтэй хамтарсанаар төсөлд хамрагдах 80 сургууль өөрчлөгдөнө гэж үзэж байгаа. Бид энэ удаад хөтөлж явах, дагуулан сургах аргачлалаар долоо хоног бүр ийм ажлыг хийгээд үз гэх мэт туршаад суралцаад явах юм. Хамтдаа хийнэ. Юуг яаж хийсэн гэдгээ ярилцаад дараагийн долоо хоногт нь ахиад хийгээд үзэхээр үр дүн гарна л даа. Манай зарим удирдлагууд яг юунаас эхэлж, яаж хийхээ мэдэхгүй байгаа тохиолдол байгаа.
Одоогийн байдлаар 80 сургуулийн сонгон шалгаруулалт үндсэндээ дуусч байна. Харамсалтай нь Улаанбаатар хотын сургуулиуд сайн оролцсонгүй. Яагаад гэдгийг мэдэхгүй. Ер нь нийслэлийн боловсролын газар бид өөрсдөө чиглүүлээд менежментээ сайжруулчихаж чадна гэсэн чиглэлтэй байх шиг байна. Харин хөдөө орон нутаг, аймаг, сумын сургуулиуд маш олноороо хандсан. 160 гаруй сургууль материалаа ирүүлсэн. Эндээс бид 40 сургууль сонгох төлөвлөгөөтэй байсан ч хотоос ирээгүй тул 60 сургууль сонгооод байна. Сонгосон сургуулиуддаа зуны амралтаараа ийм зүйлс уншаад бэлдээд ирээрэй гэж "гэрийн даалгавар" өгч байгаа. Наймдугаар сарын 14-нөөс төсөл маань эхлээд явна. Хотын сургуулиудаас 10 гаруй сургууль л ирсэн, нэг анги хүрэхгүй байна. Уг нь хотоос 20 сургуультай нэг бүлэг гаргачихмаар байгаа юм. Хотын сургуулиудын бэрхшээл гэж байгаа. Хүүхдийн даац ихтэй, анги танхим нь хүрэлцэхгүй байгаа тэр орчин нөхцөлд нь тохирсон менежментийн загварыг бид уг нь гаргасан байсан юм. Тэр дагуу хамтдаа суралцаад, хөгжөөд явах ёстой л доо.
Энэ бол тийм албатай зүйл биш л дээ. Уг нь ижил асуудал, бэрхшээлтэй сургуулиуд асуудлаа яриад явбал өөрсдөд нь тун хэрэгтэй байгаа. 
-Хотод замын түгжрэл, сургуулийн боловсрол, чанар хүртээмж гээд олон асуудал байна. Дүүрэг дамнаж хүүхдээ сургуульд өгдөг. Хотын сургуулиуд уг нь энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй баймаар, мэдээлэл хэр өгч чадсан бэ?
-Дүүргүүдийн сургуулийн захирлуудыг цуглуулаад ийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тухайгаа би өөрийн биеэр очиж ярьсан, тэр үед бүгд л гараа өргөөд хамрагдана шүү, ормоор байна гээд ярьж байсан. Энэ 2023 оныг яамнаас “Сургуулийн менежментийн жил” болгон зарлачихсан учраас сургуулиудад улам л хэрэгцээ шаардлага байгаа болов уу даа. 
-Магадгүй та бид хоёрын энэхүү ярилцлагыг уншсан сургуулиудын удирдлага, захирал хамрагдахаар хандаж болох юм. Хүлээн авах уу?
-Тэгээд хандвал бид мэдээж хүлээж авна. Бидний мэйл хаяг, утас байгаа. Амралт эхэлсэн байна. Бид шууд авчихгүй. Сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарын төлөөлөл хариулах анкетын судалгаанд хамрагдах ёстой. Үнэхээр манай сургуулийн менежмент ийм байдалтай байгаа, бид ийм болгохыг хүсч байгаа, зорьж байгаа сургуулиудтай ажиллахад бид бэлэн. Түүнээс төрийн байгууллага, яамны үүрэг шиг, менежмент нь болохгүй сургуулийг очиж өөд нь татаж, заавал сайн болгоно гэсэн зүйл бол биш. Менежментээ өөрчилж, сургалтын чанараа сайжруулж, дээшлүүлэхийг хүсээд байгаа боловч яаж хийх учраа олохгүй, юунаас нь эхлэх вэ, алийг нь барьж авах вэ гээд бодоод байж байгаа сургуулийг бид сонгож аваад хамтраад ажиллана. Тэгж байж үр дүнд хүрнэ.
Гэхдээ боловсролын үр дүн бол нэг юм уу хоёр жилд гарчихдаг зүйл бол биш. Эхлээд сууриа зөв тавиад, хандлагаа өөрчлөөд, тууштай шаргуу хийж байж тодорхой хугацааны дараа үр дүн нь гардаг. Хаанаас яаж эхлэх вэ гэдэг чухал. 
Одоо боловсрол маань ингээд унаад байх нь зөв юм уу, унахыг нь бид цаашид зүгээр хараад суугаад байх уу. Юуны түрүүнд ингэж хийвэл сайжирч болдог юм байна гэдэг итгэл үнэмшлийг нь төрүүлэх нь чухал юм. Аргаа олоод эхлэх нь маш чухал. Бид мөнгөөр бус менежментээр асуудлыг шийдэхийг хүсч байгаа. Сургууль болгон багш нараа багт нэгтгэх, эерэг соёлтой болох гэсэн энгийн үр дүнтэй менежментийн аргыг хэрэглэсэн тул өмчийн хэлбэр харгалзахгүй сайн менежменттэй болох боломжтой. 
-Та бүхний эхлүүлсэн төсөлд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Баяртогтох нь iToim сайтад 2023 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Эдийн засаг, уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Bayartogtokh Batbayar-facebookБ.Баяртогтох-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн