Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

М.Цогтбаатар: Нэг сумаас багадаа гурван хүүхдийг улсын зусланд үнэгүй амраана

М.Цогтбаатар: Нэг сумаас багадаа гурван хүүхдийг улсын зусланд үнэгүй амраана
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 30
Хүүхэд багачуудын зуны амралт эхэлсэнтэй холбоотой хүүхдийн зуслангийн асуудлаар Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатартай ярилцлаа.
-Энэ жил хүүхдийн зуслан дээр хэрхэн анхаарч, яаж ажиллаж байна вэ?
-Энэ жилийн хувьд Ерөнхий сайдаас чиглэл өгсөн байгаа. Энэхүү чиглэл нь зуслангийн хүртээмж улсын хэмжээнд хангалтгүй байгаа учир хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн.  Тиймээс дэргэдээ амралт, сувиллын газартай төрийн болон орон нутгийн өмчийн ААН, байгууллагуудад салбарынхаа хүүхдүүдийг зуслан хэлбэрээр амраа гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу 11 байгууллага дээр ажилласан. Эдгээрээс гурав нь хүүхэд хүлээж авах боломжтой. Хүүхдийн зуслангийн стандарт гэж бий. Зуслангийн стандартад нийцэхүйц орчинтой гэсэн шийдвэр гарсан. Энэ ажлын хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Багабаян энхийн төлөө цогцолбор, ЦЕГ-ын харьяа Сүүж-Уул амралтад долдугаар сарын 15-ний өдрөөс хойш амраахаар тохироод ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Үлдсэн нэг нь Монголын Улаанзагалмай нийгэмлэг.
Мөн нийт хүүхдийн зуслангуудын хувьчлалын асуудал байгаа. Өмнө нь хувьчлагдсан нь гэрээний дагуу хэрэгжиж,  хүүхэд хамгаалж байгаа эсэх эсхүл өөр төрлөөр ААН нэгж байгуулж ажиллаж байна уу гэдэг ажиллагаа явагдаж байна. Эдгээр зуслангуудад хяналт шалгалт хийхээр аудитын газар бичиг хүргүүлэн ажиллаж байна. Ер нь, Монгол Улсын хэмжээнд сая орчим зуслангийн насны хүүхэд байна. Одоогийн байгаа зуслангууд бүрэн хүчин чадлаараа ажиллахад хэдэн хувийг нь хамруулж чадах вэ гэдэг тооцоо гаргасан. Одоогоор 48 байгууллага зуслангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байна. Гэхдээ энэ жилийн хувьд 38 байгууллага зуслангийн үйл ажиллагаа явуулна гэсэн мэдээллээ ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар 34 зуслан ажиллаж 10866 хүүхэд амраагаад явж байна. Дээрх 38 зуслангаас 29 нь хувийн өмчийн зуслан. Нийслэлийн бүсэд бүртгэлтэй 22 зуслан байгаагаас 17 нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 38 зуслан бүрэн чадлаараа авах юм бол 8800 хүүхэд авна. Зуны турш нэг зуслан арван ээлж авна гэж тооцвол 88 мянган хүүхэд амраах хүчин чадалтай байна. Нэг онцлог нь долдугаар сарын 20-ний өдрөөс хойш зусланд амрагчдын тоо буурдаг гэсэн мэдээлэл бий. Тус үеэр эцэг эхчүүд амралтаа авч хөдөө орон нутаг руу хүүхдээ дагуулж явдаг, наймдугаар сард хичээл сургууль орох дөхсөнтэй холбоотой буурдаг гэх статистик байна. Эдгээр зуслангуудын үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, хүний нөөцийг бэлдэх ажлууд тулгамдсан асуудал болоод байна. Энэ жилийн хувьд зургаан зуслан шинээр нээгдэж байгаа. Эдгээр нь хүүхдээ бүрэн хэмжээнд авах юм бол 1700 орчим хүүхэд авах хүчин чадалтай зуслан ашиглалтад орж байна.
Ерөнхий сайдын өгсөн чиг үүргийн хүрээнд Найрамдал зуслангийн вэбсайт, захиалгын асуудал дээр анхаарсан. Ер нь, хүүхдүүдийн амралт зургадугаар сарын 2-ний өдрөөс амардаг. Хамгийн түрүүнд ээлжээ авдаг зуслан бол Найрамдал. Үүнтэй холбоотойгоор захиалгын хандалт ихэсдэг, 1-2 минутад захиалга дуусдаг асуудал бий. Мөн бусад зуслангийн маркетинг, танилцуулгыг хүүхэд, эцэг эхчүүдэд хүргэх асуудал байна. Үүн дээр бид анхаарч Найрамдалын захиалга дуусахад бусад зуслангийн хэдэн ээлжээр, ямар үнэтэй байх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж өгөх зохицуулалтыг хийгээд явж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн байгууллагууд маш их хөрөнгө оруулалтыг хувийн зусланд оруулж байна. Хөрөнгө оруулалт оруулснаар Найрамдалтай дүйцэхүйц, сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлдэг хэлбэрээрээ ялгардаг. Тиймээс зөвхөн Найрамдал гэхгүйгээр хувийн зусланд амрах боломж хүүхэд, эцэг эхчүүдэд байгаа. Бид зуслан санхүүжүүлэх тал дээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол зуслангийн хөтөлбөрийг санхүүжүүлэх журмыг батлах гээд ажиллаж байна. Ямар зуслан илүү сайн хөтөлбөр хэрэгжүүлж, стандартыг хангаж ажиллаж чадаж байна уу гэдгээр нь шалгуур тавьж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх журамд санал авч байна.
Мөн зуслангийн хүртээмжийг дээшлүүлэх нэг арга хэмжээ бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар энэ жил 1800 орчим хүүхдийг амрааж байна. Үүнийг бүсчилсэн зургаан бүсэд хувааж,нэг аймгаас 60-80 хүүхэд амраана. Нэг сумаас доод тал нь гурван хүүхэд хамрагдаад  зусланд амраана. Жишээлбэл, баруун аймаг бол Завхан аймгийн Даян-Очир зусланд амарч байгаа.
-Шинээр гурван газар хүүхдүүдийг зуслангийн хэлбэрээр амраахаар болсон байна шүү дээ. Эдгээрт нийт хэдэн хүүхэд амраахаар болсон бэ?
-Энэ гурван газрын хүрээнд амралт тус бүр 100 хүүхэд амраахаар хөрөнгө мөнгийг нь шийдээд явж байгаа.
-Ер нь, зуслангийн үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө мөнгө нь хэр хүрэлцээтэй байдаг юм бэ, энэ жил хэдэн төгрөг төсөвлөсөн байгаа вэ?
-Зуслангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор жилд 152 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Нийт 40 гаруй зусланд гэсэн үг шүү дээ. Энэ нь ямар хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд хүрэлцэхүйц мөнгө биш л дээ. Энэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд шинэ журмын төслийг хэлэлцүүлж байна. Хэрэв хэлэлцүүлж, батлагдвал тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Мөн хөрөнгө оруулалтыг хийхэд олон санал ирж байна. Жишээлбэл, хүүхдүүдээс тодорхой норм,нормативын дагуу нэг хүүхдэд ногдох дундаж зардлаар санхүүжүүлээч гэдэг санал ирж байна. Эсхүл ахмад настнуудтай адилхан 3/1 хүүхэд өөрөө төлж 3/2 нь улсаас төлөх дэмжлэг байж болох уу гэх саналууд ирж байгаа. Хэрэв журам батлагдах юм бол зуслангийн хөрөнгө оруулалтыг дэмжих, нөөц баазыг бэхжүүлэх, хүний нөөцийг сургах тал дээр далайцтай арга хэмжээ авах байх гэж бодож байна.
-Энэ жил хэрхэн эрүүл аюулгүй байдалд анхаарч ажиллаж байна. Өмнөх жилүүдэд зусланд ямар асуудлууд хөндөгдөж байсан юм бэ?
-Манай зуслангууд үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө хүүхдийн зуслангийн нийтлэг шаардлага, стандартын дагуу хэрэгжилтийг хангуулахаар тавдугаар сард нийслэл, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шалгаж явдаг. Энэ стандарт нь хүүхдийн эрүүл аюулгүй байдал, хоол хүнсний аюулгүй байдал, орчны аюулгүй байдал зэрэг бүх талыг хангасан байдаг учир хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учирч, ямар нэг зөрчил гарах нь бага байдаг. Мөн  зусланд ажиллаж байгаа хүний нөөцийг чадавхжуулах тал дээр зуслангийн холбоотой хамтарч ажилладаг. Зуслангийн холбоо нь хүүхдүүдтэй ажиллах багш, арга зүйч, тогооч зэрэг мэргэжилтнүүдийг зуслан эхлэхээс өмнө хүүхэдтэй хэрхэн харьцах, аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын бодлогын талаарх бүх төрлийн сургалтыг өгдөг учраас мэргэшсэн алба хаагчид ажилладаг гэдгээрээ онцлог.
-Зуслангийн багш нарт тавих шалгуур, стандарт гэж бий юу?
-Одоогийн стандартын дагуу 21 наснаас дээш гэсэн заалтаар явж байгаа. Бидний хувьд хүний нөөцийн дутагдалд орж байна. Амралт, зугаалгын улирал зуны улиралтай зуслангийн амралт давхацдаг. Энэ утгаараа зусланд ажиллах мэргэшсэн боловсон хүчин болох багш, тогоочид илүү цалинтай аялал жуулчлалын компани эсхүл үйлчилгээний бусад салбар руу ажиллахаар явчихдаг тул хүний нөөцийн дутагдалд ороод байна.
-Ярилцсанд баярлалаа.
 
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн