Улаанбаатар хотод "Дэлхийн экспортыг дэмжих форум 2023" болж байна. Форумын ач холбогдол гарах үр дүнгийн талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржоос тодрууллаа.
-"Дэлхийн экспортыг дэмжих форум 2023"-ыг зохион байгуулж байгаа нь манай улсад ямар ач холбогдолтой вэ. Форумаас ямар үр дүн гарах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Дэлхийн экспортыг дэмжих форум 2023"-ыг Олон улсын худалдааны төв болон Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулж байна. Үйл ажиллагаанд 200 гаруй гадаадын зочид төлөөлөгчид ирлээ. Тэр дундаа шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс, бизнесмэн, хөрөнгө оруулагчид, томоохон импортлогч компаниуд хүрэлцэн ирсэн. Бидэнд 150 гаруй хүн ирнэ гэж бүртгүүлсэн ч 200 гаруй хүн ирсэн нь энэхүү үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Цаашид энэхүү үйл ажиллагаанаас гарах үр дүн нь Монгол Улсыг сурталчлах, зах зээлийн боломжийг дэлхийд нээж өгөх, таниулах, зөвхөн уул уурхай гэхээс илүү уул уурхайн бус бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүн боловсруулж гадаадын зах зээлд нийлүүлэх боломжтой юм.
-Форумын хүрээнд ямар уулзалт, хэлэлцээ хийх вэ?
-Лаос улсын Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайдтай маргааш уулзана. Лаос нь БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилгад хамрагдсан. Тиймээс манай улс БНХАУ, Лаосаар дамжаад цааш Бангладеш, Тайваний зах зээл рүү төмөр замын сүлжээгээ холбох боломжтой болох юм. Тэгэхээр Монгол Улс Гашуунсухайт, Хангийн төмөр замын холболтыг үргэлжлүүлээд БНХАУ, Лаосаар дамжуулан Зүүн өмнөд Ази руу экспорт хийх боломжтой болно. Энэ талаар маргааш Лаос улсын Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Bountheung Douangsavanh-тай уулзана.
Мөн зөөлөн дэд бүтэц буюу цахим платформ, системийг хөгжүүлэх шаардлага бий. БНХАУ болон ОХУ-ын хил гаалийн цахим системтэй холбогдох, тэдэнтэй нэг түвшинд системээ хөгжүүлж, уялдаа холбоогоо сайжруулж, экспортын нэвтрэлтийг сайжруулах гээд олон зүйлс форумаар яригдаж байна.
-БНХАУ, Лаосаар дамжаад Зүүн өмнөд Ази руу экспорт хийнэ гэлээ. БНХАУ-ын төмөр замын сүлжээтэй холбогдоход манай талаас холболтын төмөр замыг барих шаардлагатай байгаа. Энэ ажил хэрхэн урагшилж байна вэ?
-Холболтын төмөр замын ажлын хэсэг Х.Нямбаатар сайдаар ахлуулаад ажиллаж байна. БНХАУ-ын талтай уулзалтуудыг хийгээд явж байна. Ерөнхий сайдын БНХАУ дахь айчлалын үеэр холболтын төмөр замын ажлыг түргэтгэнэ. Одоогийн байдлаар холболтын цэгүүдийг тохирсон. Цаашдаа China Energy компанитай замаа холбох яриа хэлэлцээг хийнэ. Энэ төмөр замын холболт бол манай экспортын хамгийн чухал хэсэг. Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболт, цаашлаад баруун босоо, зүүн босоо эдийн засгийн коридорын холболтын төмөр замын асуудал яригдана. Энэ төмөр замуудыг холбовол бүхий л цонх хаалгаа нээсэнтэй адил экспортын гарц нэмэгдэж, дэлхийтэй харилцах нь эдийн засагт чухал ач холбогдолтой.
Форум зургадугаар сарын 26-28-ны өдрүүдэд болох Шангри-Ла зочид буудлын хурлын танхим болон Сүхбаатарын талбайд болох юм.