Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй албаны хүмүүс хүнд аж үйлдвэрийн төв Дархан-Сэлэнгийн бүсэд ажлаад ирлээ. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон “Цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр, Дархан-Уул, Орхон аймаг бусдыгаа тэргүүлдэг. Үүний “нууц” нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой аж холбогдолтой дээрх үйлдвэрүүдтэй шууд холбогддог.
Орон нутаг болон улсын төсөвт нэн чухал үүрэгтэй, тэр хэрээр ачааны хүндийг үүрдэг XX зууны бүтээн байгуулалтууд XXI зуунд хэрхэн ажиллаж байгааг, тэр тусмаа төрд шилжсэн цагаас хойш үйл ажиллагаанд нь ямар өөрчлөлт гарсныг энэ удаагийн албан томилолт “шалгах”, тодорхой үүрэг даалгавар өгөх байлаа. “Шинэ сэргэлтийн бодлого” зургаан чиглэлд хэрэгжиж буй. Үүний нэг нь аж үйлдвэржилтийн сэргэлт.
Дархан-Сэлэнгийн бүс нутаг зэсээ баяжуулах, төмрийн хүдрээ боловсруулах, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох эхлэл цэг. Энэ утгаараа төр, хувийн хэвшлийн анхааралд, ашиг сонирхлын зөрчил дунд байнга оршиж ирсэн. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд эдгээр үйлдвэрийг тойрсон шүүхийн маргаан өндрөө авч, хэрүүл, талцлын “бай” болоод байгаа. Хэдий тийм боловч тэнд үйлдвэрлэл өрнөж, тасралтгүй уулын ажил урагшилж, уурхайчид цаг наргүй ажиллаж байна.
Эхний зогсоол: Төрд эргэн ирсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК
Дарханы авто зам ашиглалтад орсноор хойд чиглэлд зорчих амар болжээ. Торох зүйлгүй засмал замаар хурдлан довтолгосоор зорьсон газраа бид товлосон цаг хугацаандаа ирлээ. Зуны дэлгэр цаг учраас хотоос орон нутаг руу чиглэх урсгал эрс нэмэгдэж, номин ногоон тал нутаг талбиун сайхнаар угтана. Томилолтын эхний зогсоол “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” байв. Засгийн газар “Кью Эс Си” компанитай байгуулсан концессын гэрээгээ цуцалсан цагаас хойш 14 сарын дараа ирж таарлаа. Үйлдвэрийн жилийн хүчин чадлыг 300 мянган тоннд хүргэх, шинэчлэл хийх, эцсийн бүтээгдэхүүн гаргах гэрээний нөхцөл аль аль нь биелэлээ олоогүй тул төр төмөр нүүрээ харуулсан хэрэг.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу яваа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар хувьд шилжчихсэн үйлдвэрийг булааж авсан зүйл огтоос энд байхгүй. Төрөөс 30 жилийн хугацаатай концессын гэрээгээр авсан этгээдүүд зорилгоо хангахгүй, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй найман жил ажилласан. Энэ хугацаанд зөвхөн төмрийн хүдрийг экспортод гаргаж, зарж борлуулах ажил хийсэн. Үүнийг хийхдээ мөн л луйвар болгосон. Хамгийн ноцтой нь дэлхийн зах зээлийн үнээс маш хямдаар төмрийн хүдрийг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд зарж борлуулж, тэр нь цааш үнэд хүргэх байдлаар мөнгө угаасан. Хямд борлуулсан өртөг нь Монголд орж ирсэн. Харин 2-3 дахин өндөр үнээр зарсан мөнгө нь хаана байршсан бэ. Хаанахын оффшор данс руу орсон, гадаадад ямар хөрөнгө болсон бэ. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан одоо шалгаж байгаа гэж ойлгож байгаа” хэмээн албан томилолтоо эхлүүлсэн юм. Гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдэр борлуулсан нь тогтоогдоод байна.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Төмрийн хүдрийн жишиг үнийг Сангийн яамнаас гаргадаг. Концессын гэрээ байгуулснаас хойш буюу 2014 онд төмрийн хүдрийн жишиг үнэ 71.9 доллар байсан. Энэ үед “Дархан төмөрлөг”-ийн борлуулж байсан төмрийн хүдрийн үнэ 33.1 доллар. Зөрүү нь 38.82 доллар. 2015 онд үнэ буурсан, жишиг үнэ 55.2 ам.доллар болсон. “Дарханы төмөрлөг”-ийн борлуулалтын үнэ 24 доллар. Зөрүү нь 31.1 доллар. 2016 онд жишиг үнэ 50 доллар, “Дархан төмөрлөг”-ийн үнэ 32.7 доллар, 2017 онд жишиг үнэ 54.5 доллар, “Дархан төмөрлөг”-ийнх 24.1, 2018 онд жишиг үнэ 59.6 доллар, “Дархан төмөрлөг” 14.3 доллар, 2019 онд жишиг үнэ 82.4 доллар, “Дархан төмөрлөг”-ийнх 30.1 доллар, зөрүү нь 52 доллар. 2020 онд гэхэд жишиг үнэ 97.7 доллар, “Дархан төмөрлөг” 33.8 доллар. Зөрүү нь 63 доллар. 2021 онд жишиг үнэ 144.1, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн үнэ 75.6 доллар. Зөрүү нь 68.49 доллар. Ийм борлуулалтын зөрүү байгаа” гэлээ.
Улс болон орон нутгийн төсөвт 9.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ
“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь Төмөртэй, Төмөртолгой, Хуст уулын ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын металлургийн салбарын анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Монгол, Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу байгуулагдсан. Өдгөө нийт 1500 гаруй ажилтантай бөгөөд үүний 49 хувь нь гангийн үйлдвэрт, үлдсэн нь уурхайд ажиллаж байна. Дархан-Уул аймгийн дөрвөн сумаас нийт ажиллагсад бүрдэх бөгөөд үүний дийлэнх буюу 83 хувь нь Дархан сумын харьяат аж. Үйлдвэрийн дундаж цалин 2.6 сая болж нэмэгдсэн байна. Үндсэн цалинг 58 хувиар өсгөжээ. Дарханы 95 иргэнээс 800 сая, аж ахуй нэгжүүдээс 6.7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, нийт дүн нь 7.5 тэрбум хүрчээ.
Аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжих учиртай ууган үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн, уурхайчид нь ажилтай, орлоготой, улс болон орон нутгийн төсөвт үйлдвэр өөрийн үүргээ гүйцэтгэж байгааг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав онцолсон юм. Үүнээс илүү байх боломж байсан хэдий ч тэр боломж алдагджээ.
Концессын гэрээг нь цуцалж, төр өмчөө хүлээн авах үед тус үйлдвэр 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол үйлдвэрлэлээ жигдрүүлж, экспортоо хэвийн үргэлжлүүлж эхэлсэн цагаас хойш оны эхний таван сарын байдлаар 15.2 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажилласан байна. Улс болон орон нутгийн төсөвт 9.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Концессын гэрээгээр ашиглуулсан тухайн хугацаанд үйлдвэрт ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй бөгөөд үйлдвэрийн борлуулалтын орлогыг компани руугаа шилжүүлдэг, өмч хөрөнгийг нь барьцаалан зээл авсан зэрэг ноцтой зөрчил байсныг үйлдвэрийн зүгээс хэлж байсан юм.
Эргэн сануулахад, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах санаачилга 2010 оноос эхэлсэн. Улмаар 2014 онд “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг бүрэн хэрэгжүүлэхээр Засгийн газартай /Эдийн засаг, хөгжлийн яам/ концессын гэрээ байгуулж. Эндээс хуудуутай хэлцлийн маргаан эхэлж, өнөөдрийг хүртэл төр, хувийн хэвшлийн дунд “зодоон” үргэлжилсээр. Концесс эзэмшигчид маш товчхондоо, гэрээний үүргээ биелүүлээгүй, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, явцуу ашиг сонирхлоор хандсан нь төр өмчөө эргүүлэн авах, гэрээг цуцлах шалтаг, шалтгаан болсон байдаг.
Д.Амарбаясгалан: “Кью эс си” нийт 2.6 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх үүргээ гэрээ байгуулсан цагаас хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй тул Засгийн газар цаашид “Кью Эс Си” компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн юм. Дархан, Сэлэнгийн бүсийн хамгийн том ажил олгогч нь тус үйлдвэр. Тэрчлэн орон нутгийн эдийн засагт, хувийн хэвшилд худалдан авалтаар дамжуулан багагүй мөнгөний урсгалыг бий болгодог. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийт худалдан авалтынхаа 40 гаруй хувийг орон нутгийн ханган нийлүүлэгчдээс авч байна. Ган бүтээгдэхүүн, төмрийн баяжмалын орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны таван сар хүртэлх хугацаанд 151.8 тэрбум төгрөгт хүрчээ. Төр муу менежер хэдий ч өмчөө хамгаалах, үнэгүйдэх эрсдэлээс сэргийлэх үүднээс “Кью Эс Си” компанитай тангараг тасраад байгаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Олон нийт үр ашгийг нь хүртэх ёстой улсын томоохон үйлдвэрүүдийг концесс нэрийн дор хэдхэн хүн, бүлэглэл луйвардан авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэлгүй өөрсдөө өгөөж хүртдэгийн жишээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т явагджээ. Тус үйлдвэрийг долоон жилийн хугацаанд концесс нэрээр ашиглаж, хувьчилан “Кью эс си” компани нийт 2.6 их наяд төгрөгийн хохирол учруулсан нь хяналт шалгалтаар нотлогдоод байна. Энэ их хэмжээний хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулсангүй. Монгол Улс хулгайгүй, хууль бүгдэд үйлчилдэг байхыг олон нийт ард иргэд хамгийн их хүсэж байгаа энэ цаг үед тус хэргийг шүүх, хууль хяналтын байгууллагууд шуурхай, үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж, хохирогч болох Засгийн газрын зүгээс идэвхтэй ажиллах болно” гэлээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй холбоотой эрүүгийн нэг, захиргааны хоёр, иргэний нэг буюу нийт дөрвөн хэргийн хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаа” гэдгийг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав хэллээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Үйлдвэрт “Кью эс си” компани концесс авснаасаа хойш хөрөнгө оруулалт хийгээгүй. Хийсэн хөрөнгө оруулалтаа концесс хэлбэрээр төрөөс буцаагаад авчихсан. Харин үйлдвэрийн өмч хөрөнгө, лиценз, ордыг барьцаалан зээл аваад, түүнээсээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт буцааж хийгээгүй. Зөвхөн “Кью эс си” компани аваад явчихсан. Ийм л байдалтай байна. Нэмээд 40 гаруй сая ам.долларын төмрийн хүдрийг урьдчилж зараад, мөнгийг нь авчихсан. Энэ нь ахиад төрд учирсан хохирол. Өнөөдөр үйлдвэр 40 гаруй сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх өрөнд уначихсан байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нойтон баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж чадсангүй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго руугаа алхам хийсэнгүй. Энэ хооронд концесс эзэмшигч тал олборлолт хийсэн. Дээрээс нь Монголын төрд бизнесийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө төлөх ёстой байсан татвараа төлөөгүй зэрэг үйл ажиллагаанаас хамаараад 800 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн байна” гэв.

Татварын өр 355 тэрбум төгрөг бол мөн тооны мөнгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрээр Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч, энэхүү мөнгөө зээлж авсан даруйдаа “Кью эс си” компани руу шилжүүлэн авсан байна. Үйлдвэр өдөрт гурав орчим сая тонн төмрийн хүдрийг олборлон тээвэрлэх боломжтой. Гэтэл үүний 700 орчим мянга нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд хадагджээ. Өр төлбөрийн энэхүү ээдрээтэй байдлаас болж гангийн үйлдвэрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох ажилд хүндрэл үүсэж эхэлсэн байна. Сангийн сайд Б.Жавхлан “Тухайн концессын гэрээний хугацаанд хоёр ч цогцолбор барих хэмжээний борлуулалт хийсэн ч үйлдвэр барих нь битгий хэл шав ч тавиагүй” гэдгийг дурдсан юм.