Сонин, содон, өвөрмөц, өөр ертөнц эсхүл өнөө “эвэртэй туулай” гэх үг зохих байх. Энэ бол Минерва Годдис брэнд. Хэдхэн хоногийн өмнө манай сайтын сурвалжлах баг “Зүүдээ хувцас болгон урладаг” тус брэндийг үүсгэн байгуулагч Г.Анударийг онцолж байсан билээ. Харин энэ удаад түүний “зүүдээр” бий болсон загваруудыг танилцуулах “Minerva Goddis Fashion show-2023”-ыг сурвалжлахаар Улаанбаатар зочид буудлын эвент холлыг зорилоо. Загварын шоу 20.00 цагаас эхэлнэ. Харин бид 19.00 цагт очив. Үүдээр ороход шоуны багийнхан үзэгчдийг хүлээн авч байв. Шоуны багийнхан өөр, өөрийн үндсэн үүрэгтэй. Тэд мэргэжлийн болоод алдаа дутагдал гаргахгүйн тулд станцаар харилцаж буй. Ингээд шоуны үндсэн заал руу ороход 32 загварыг үзэгчдэд танилцуулах тайз нүдэнд тусна. айзыг “S” хэлбэртэй, неон буюу харанхуйд гэрэлтэх байдлаар зассан байв. Загварын шоуны тайз ихэвчлэн шулуун эсхүл тэгш гадаргуутай байдал бол “Minerva Goddis Fashion show-2023”-ын моделиуд тэгш бус гадаргуу дээр алхаж байснаараа онцлог юм.

Ингээд гэрэл унтарч, ая явж, шоу эхлэлээ. Нийт 16 эрэгтэй модельтой, 32 загварыг танилцуулж, хоёр гараа үргэлжлэв. Тус брэндийн хувьд “street fashion” чиглэлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа тул этгээд, хачирхалтай өнгө төрхийг үзүүлэх нь дамжиггүй байсан. Энэ итгэлийг ч хөсөрдүүлсэнгүй. Үүний баталгаа нь дуу хөгжим, кино урлагийн томоохон төлөөлөл болох Guys хамтлагийн дуучин Д.Лхагва байв. Ихэвчлэн үсээ хойш самнаж, хослолтой тайзан дээр хардаг түүнийг сүлжсэн үс, хурц хувцаслалттайгаар тайзнаа харна гэж төсөөлөөгүй биз.

Ийн шоуны гол моделиор ажилласан Д.Лхагваас сэтгэгдлийг нь хуваалцахад “Загварын тайзан дээр анх удаа гарлаа. Өдий хүртэл юм, юм үздэг юм байна. Их сонин байлаа. Яах вэ, тодорхой хэмжээний туршлагатай уран бүтээлч ч гэсэн энэ тайз цоо шинэ нэлээд сандарлаа. Эхний гараа сандраад, хоёр дахь гараанаас тайвширчихсан. Ер нь, их гоё байдаг юм байна. Хөгжмөө мэдэрч, хувцсаа үзүүлэхдээ хэмнэлээрээ алхах гоё мэдрэмж. Өөрийг чинь хараад байж байгаа хүмүүст хувцсаа харуулаад явах бол үнэхээр сайхан мэдрэмж байна. Миний хоёр дахь хувцас хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Урт савхи байсан шүү дээ. Биед эвтэйхэн, ямар нэг байдлаар түүртэхгүй. Миний хувьд урт стайлтай зүйлд их дуртай болохоор биед сууж өгөөд их гоё байсан. Тэр хувцсыг өмсөөд нэлээд эрч хүчийг авлаа. Ер нь, Минерва Годдис брэндийн залуусыг гоё зүйлсийг хийдэг, сонин өвөрмөц шийдэлтэй. Энэ хувцсыг өмсөхөөр өөрийн эрхгүй өөр дотоод ертөнцтэй болчихдог юм билээ. Үйл ажиллагаагаа явуулаад, олон нийтэд бүтээгдэхүүнээ танилцууллаа. Залуус сонирхоорой, авч өмсөөрэй. Зөвхөн “оnly one” зүйлийг өмсөхийг хүсдэг хүмүүст дахин давтагдахгүй өвөрмөц загварууд байгаа шүү” гэлээ.

Минерва Годдис брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Г.Анударь: Залуу үе өөр болсон шүү. Бид нэг хайрцагтаа байгаад байхгүйгээр монголчууд ч гэсэн шинэ юм хийж болдог гэдгийг харуулахыг зорьсон. Залуу үеэ дэмжиж байгаарай. Монголын үндэсний үйлдвэрлэлээсээ худалдан авч байгаарай. Энэ нь бидэнд биш, ирээдүйд маш их хэр хэрэгтэй зүйл. Энэ хэрээр улс орон маань хөгжинө гэж хэлмээр байна. Дизайнер хүн бүр өөрийн гэсэн дотоод ертөнцтэй байдаг. Миний хувьд өөрийн дотоод ертөнцийг энгийн амьдралд хэрхэн бий болгож, бодитой болгохыг загваруудаараа харуулахыг зорьсон. Д.Лхагва ахыг сонгох болсон шалтгаан нь заавал залуу үе гэхгүйгээр ямар ч насны хүн өмсөх боломжтой. Мөн Д.Лхагва ах дээр шинэ дүр төрхийг бий болгохыг зорьсон л доо. Тэр маань биеллээ оллоо. Д.Лхагва ах ч гэсэн бидний маш сайхан дэмжиж хүлээн авсан хэмээсэн юм.

Шоуны ерөнхий найруулагчаар Г.Норовдаян: Анх удаа шоу хийж үзэж байна. Тэр дундаа загварын шоу. Ер нь, би тайзны урлагт нэлээд хайртай. Тиймээс, Минерва Годдис 2023 шоуг найруулахаар анх санал тавьсан. Шоуны үеэр жижиг, сажиг алдаа гарсан ч гэсэн бүгд хийх ёстой зүйлсээ хийгээд ард нь гарлаа. Мөн сегментийн маань үзэгчид ирсэн. Минерва Годдис брэндийг сонирхдог залуус бүгд хүрэлцэн ирлээ гэж бодож байна. Миний хувьд өдөр бүр гоё хувцаслахыг хичээдэг. Энэ брэндэд дуртай нэг шалтгаан бол Минерва Годдис завсрын өнгөөр хувцсаа хийдэг. Энэ жил ажиглаад байхад савхин хувцас, завсрын өнгө эргээд тренд болж эхэлж байгаа. Тэр утгаараа Минерва Годдис брэндийн шоуг өөрийн биеэр гардаж найрууллаа.
Төгөлдөр хуурч Анударь: Шоунд уригдаж ирсэндээ маш их баяртай байна. Тайз засалт, ирсэн хүмүүсийн дресс код, дизайнер Г.Анударийн дотоод сэтгэлдээ байгаа зүйлээ загвараар илэрхийлж гаргасан нь маш шинэлэг байгаа нь таалагдлаа. Тэгээд нүдтэй загвар болгон нь таалагдлаа. Энэхүү загваруудаас өөрийн уран бүтээлдээ ашиглаж, оруулбал өвөрмөц сонирхолтой санагдаж байна. Миний хувьд урт зүйлд их дуртай болохоор урт загварууд нь таалагдлаа гэв.
Энэ мэтчилэн өөр өөрийн гэсэн онцлогтой, дахин давтагдашгүй зүйлсийг эрэлхийлэх хэн бүхнийг энэхүү брэнд рүү хошууруулахаар Минерва Годдисийн хамт олон ажиллаж, эхний загварын шоугаа амжилттай хийлээ.

