Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Д.Ганбат: ЭЕШ-ын дүнг блокчейн системд байршуулна

Д.Ганбат: ЭЕШ-ын дүнг блокчейн системд байршуулна
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 15
Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Түүхийн шалгалтаар эхэлсэн. Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө. 
ЭЕШ-т оролцохоор 34432 хүн бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2.460 орчим хүн ажиллаж байгаа аж. 
Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат "ЭЕШ-ын зохион байгуулалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал блокчейн технологийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн. Шалгалтын материалыг машинаар уншуулж, гарсан дүн оноо нь блокчейн системд байршиж байгаа. Үүний гол ач холбогдол нь бүрэн автоматажсан, устаж үгүй болохгүйгээр найдвартай хадгалагдана. Түүнчлэн хэн нэгэн хөндлөнгийн нөлөөгөөр засах, өөрчлөх оролдлого хийх боломжгүй.
Мөн ЭЕШ дууссаны дараа аймаг орон нутаг, сургууль, багшийн түвшинд бүх төрлийн дүн шинжилгээг BI системд хийдэг болсон. Ингэснээр дараа дараагийн сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, ЭЕШ-тай холбоотой сэдэв даалгаварт юуг анхаарвал зохих зэргээ тодорхойлох боломжтой болоод байна" гэлээ. 
Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлснээс 2023 онд 12 дугаар анги төгсөж буй 30744 хүүхэд байгаа бол өмнөх оны 3688 шалгуулагч байна. 2023 онд 3290 шалгуулагч цахим хүсэлт илгээснээс 3100 шалгуулагчийн хүсэлт баталгаажиж, үлдсэн шалгуулагчдын шалгалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тул татгалзсан хариу илгээжээ.

Шалгалт өгөхөөр очихдоо:

  1. Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь,
  2. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./
  3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргээ авч очно.

Шалгалтын байранд хориглох зүйлс:

  1. Тооны машин
  2. Гар утас
  3. Ухаалаг цаг
  4. Таблет, компьютер
  5. Томьёоны хураангуй
  6. Ном, дэвтэр
  7. Үзэг, тосон бал
  8. Чихэвч
  9. Дуу хураагуур
  10. Электрон толь бичиг
  11. Ноорог цаас
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн