“The diplomat” сайтад нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулах хүргэж байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Их Хурал тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, 126 УИХ-ын гишүүнтэй болох хуулийг эцэслэн баталсан. Энэ өөрчлөлт нь Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, төлөөллийн ардчилалд бүхэлдээ нөлөөлнө. Хууль тогтоогчдын тоог 152, 126 болгох санал Монголын эрх баригчдын дунд удаан үргэлжилсэн бөгөөд улс төрийн маргааны сэдэв болоод байв. Шинээр батлагдсан өөрчлөлт нь сонгуулийн холимог тогтолцоог шингээсэн. УИХ-ын 78 гишүүнийг мажоритар буюу тусгайлсан тойргоос, үлдсэн 48 гишүүнийг пропорциональ буюу намын жагсаалтаар сонгох тогтолцоотой болж байгаа юм.
Энэхүү шинэчлэл нь олонхын саналаар Монголын парламентад түвэггүйхэн батлагдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёсчлон батламжилсан. Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлт 2024 онд болох УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хүчин төгөлдөр болох учиртай.
Удахгүй ирэх сонгуулийн зардал, жендэрийн тэгш байдал болон бусад чухал өөрчлөлтүүдийг УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар хийх төлөвтэй байна.
Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт нь юуны түрүүнд хууль тогтоогч бүрийн төлөөлдөг сонгогчдын дундаж тоог бууруулах замаар хууль тогтоогчдын тойрогтоо үзүүлэх үйлчилгээг бэхжүүлэх зорилготой юм. Өмнөх хэлэлцүүлгүүдээр нэлээд яригдаж байсан нэг асуудал бол улсын хэмжээнд тойргийн төлөөллийн хувь тэнцүүлэхгүй байгаа явдал юм. Энэ нь 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн томоохон гажуудал гэж хууль судлаачид болон зарим парламентын гишүүн үзэж байна.
Монгол Улсын хүн амын тоо нэмэгдэж, нийслэл Улаанбаатар хотод төвлөрч байгаа нь сонгуулийн тогтолцоог тэнцвэргүй болгоход нөлөөлсөн. УИХ-ын үйл ажиллагааг өргөжүүлэх нь энэ том асуудлыг хөндөж, шийдвэрлэх зорилготой. Нэг тойрогт ногдох сонгогчийн дундаж тоо 1992 онд 27 мянга байсан бол өнөөдөр 44 мянга болж нэмэгджээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн санал өгсөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийнх сонгогдсон тойргийнхон уг шийдвэрийг дэмжихгүй байгаа талаар тайлбарласан. Олон намын тогтолцоотой ч бодит байдал дээр хоёр нам давамгайлсан Монгол Улсад энэ нь чухал өөрчлөлт болох боломжтой. Энэхүү шинэчлэлийн зорилго нь “УИХ-ын гишүүдийг ард түмэндээ ойртуулах, мөн шинэ хууль тогтоомжид тавих хяналтыг сайжруулах” юм гэж хууль санаачлагч Монголын Засгийн газар үзэж байгаа юм.
Үндсэн хуулийн шинэтгэлийн хоёр дахь гол зүйл бол хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хөндөж байгаа юм. 2019 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь парламентын гүйцэтгэх засаглал дахь нөлөөллийг хязгаарлах, эцэст нь Ерөнхий сайд болон түүний танхимыг бэхжүүлэх зорилготой байв. Энэ асуудлыг 2014-2016 он хүртэл Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ч.Сайханбилэг Засгийн газрын үед ярьж байсан. Энэ санааг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баталж байна.
Тэрээр “Пропорциональ тогтолцоо нь бизнес эрхлэгчдийг улстөрд орж ашиг хонжоо олох, улс төрийн эрх мэдлийг өөрт ашигтайгаар ашиглахаас сэргийлнэ. Энэхүү нэн чухал өөрчлөлт нь ард түмнийг жинхэнэ утгаар нь төлөөлөх, олон нийтийн төлөөлөгчөөр ажиллах үндсэн зарчим хэрэгжих баталгаа болно. Энэ нь олон иргэдийн төлөөллийг улс төрийн тавцанд гаргах үүд хаалгыг нээж өгнө” гэв.
Гэсэн хэдий ч хүн бүр үүнд итгэлтэй биш байна. Ноттингемийн их сургуулийн улс төрийн шинжээч, доктор Фернандо Касаль Бертоа “Сонгуулийн холимог тогтолцоо нь Монголын ардчилсан засаглалыг бэхжүүлэхгүй. Монголд илүү хүчирхэг улс төрийн намууд, олон эмэгтэй парламентч хэрэгтэй. Мөн сонгуулийн холимог тогтолцоо нь олон нам бий болоход, олон эмэгтэй улстөрчидтэй болоход тус болохгүй” гэж үзэж байна.
Мөн тэрээр "Сонгуулийн квотыг голдуу мажоритар тогтолцоогоор хэрэгжүүлэхэд хэцүү байх болно" гэж анхааруулав.
Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш 1999, 2000, 2019, 2022 онд томоохон нэмэлт, өөрчлөлтүүд цөөн гарсан. Хамгийн сүүлд Үндсэн хуульд оруулсан зарим нэмэлт, өөрчлөлтүүд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдлийн тэнцвэрийг хангах тухай буюу Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах зэрэг асуудлыг хөндсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог. Саяхан хийгдсэн Үндсэн хуулийн шинэчлэл, ялангуяа 2019 оноос хойших бүх нэмэлт, өөрчлөлтийн хамт Монгол Улсын засаглал, улс төрийн нам, сонгуулийн тогтолцоонд улс төрийн асар том өөрчлөлтийг харуулж байна. Улс төрийн тогтвортой байдал нь төрийг удирдах үндэс суурь боловч Монголын ард түмэн ардчиллын үндэс хэвээр байна. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улс ойрын тав, арван жилд хэрхэн хөгжихийг зааж өгнө.