Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас 655 сая долларын зээл авна

Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас 655 сая долларын зээл авна
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 8
Засгийн газраас ирэх жилүүдэд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд 655 сая ам.долларын зээлийн Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг батлуулахаар УИХ-д оруулж ирлээ.
Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг УИХ-ын Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдлын байнгын хороодод танилцуулж, хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийг зөвшилцсөнийг дэмжсэн байна. Хоёр тал Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зурсан байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын Азийн Хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь Олон улсын гэрээ бөгөөд заавал УИХ-аар соёрхон батлах зайлшгүй шаардлагатай юм. УИХ албан ёсоор соёрхон баталснаар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн зээлийн гэрээ хэлэлцээрийг байгуулах, эх үүсвэрийг авч ашиглах боломж бүрдэнэ гэж Сангийн сайд Б.Жавхлан чуулганд танилцуулав.
Азийн хөгжлийн банкнаас авах 655 сая ам.долларыг дараах төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцжээ. Үүнд:
-Төсвийн дэмжлэг, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд 200 орчим сая ам.доллар,
-Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд 400 орчим сая ам.долларыг,
-Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих хоёрдугаар үе шат, эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанарыг сайжруулах төсөлд 50 орчим сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.
Маргааш буюу баасан гаригийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах санал хураалтыг хийхээр боллоо.

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн