Open iToim app
Бүтээгч | 10 мин уншина

Тав тухыг урлагч

Тав тухыг урлагч
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 8
“Дэмжлэггүй ЖДҮ-чид” хэмээн өөрийн цахим хуудсаа тэсэрсэн үндэсний үйлдвэрлэгчийг бид онцолж байна. “Тайлан мэдээ харахаар төр засгаас олгогдох зээлүүд ЖДҮ-ийг чухам дэмжээд байгаа тухай өгүүлнэ. Гэтэл бодит байдал дээр энэ хөнгөлөлттэй зээлүүд нь олдоггүй юм байна. Жинхэнэ авах ёстой хүмүүст ийм зээлүүд хүрдэггүй гэдгийг энэ хугацаанд илүүтэй мэдэрлээ. Үнэнтэй ч нүүр туллаа. Учир байдлаа тайлбарлан гуйж олон ч газарт хандлаа. Тийм ч юм бүрдүүл гэж хайран цагийг минь үрэхээс хэтэрсэнгүй. Жинхэнэ дэмжлэг хэрэгтэй ЖДҮ-чин бидэнд төр засгаас олгогдох бага хүүтэй, нөхцөл нь уян хатан хөнгөлөлттэй зээлүүд их алс, их хол байдаг юм байна. Яг л бид хамрагдана гэсэн итгэл үнэмшил, горьдлого, итгэл найдвар тээж их ч явсан. Гэтэл өөдөөс тулгах шаардлага нь үнэндээ бид давахгүй нь ээ. Юун ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх вэ... “ хэмээн тэр бичсэн байлаа. Энэ бол “Good sofa” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Баатарбилэгийн ДЭЛГЭРБАЯР юм. Түүнтэй ярилцлаа.
Монголын мянга мянган жижиг, дунд үйлдвэрлэлийн нэгэн адил хүнд сорилтууд түүнийг тойрсонгүй. Бизнест төдийлэн ээлтэй бус, тэр тусмаа үйлдвэрлэгчдэд ихээхэн халтай зүдэргээт замаар тэд урагшилж, шантрах, нугарах үе олон удаа тохиож байсан ч ухарсангүй. Хамаг эрсдэлээ үүрээд, өнөөдрийн түүхээ бүтээжээ. Хичээл, зүтгэл нь ямар ч байсан энэ хугацаанд талаар болсонгүй. Тэр таван саяар эхлүүлсэн бизнесээ өнөө төвхнүүлэн босгож чадсан байна. Маргаашийн төлөөх итгэл, найдвар нь түүнийг тав тухыг урлагч болгожээ. Хэцүү бэрх үед ч түших, тулах итгэлт хамт олон нь Good sofa” компанийн амжилтыг зурж, холын замыг улам тод гэрэлтүүлжээ.
 Бид өөрсдийн чадах, мэдэх зүйлээ дотооддоо хийх нь хөгжлийн илрэл. Эс чадваас хөгжлийн яриа холдох. Дэлхийн улс орнууд ч энэ л жишгээр үйлдвэрлэгч болж, улмаар бусад улс орнуудад бараа, бүтээгдэхүүнээ экспортолж ирсэн байдаг. Наад зах нь л өөрсдийн хэрэгцээгээ хангасан. Үндэсний үйлдвэртэй хамт ажлын байр олноор бий болж, дагалдах салбарууд нь зэрэгцэн хөгжсөн түүхтэй. Үйлдвэрлэлийн түүх хаа ч газар ийм. Б.Дэлгэрбаяр компаниа 2020 онд байгуулжээ.
Good sofa” дөнгөж л хоёр ажилтантай, 36 метр квадрат талбайд үйл ажиллагаа эхлүүлж, өрсөлдөөнт зах зээлд хөл тавилаа. Айлуудын хуучин буйдан засварлах захиалга авч, энэ ажлаа 4,5 сар хийжээ. Үүнтэй хамт шинээр буйдан урлаж эхэлсэн байна. Үйлчлүүлэгч сайтай, тэдний сэтгэл ханамж ч өндөр байв. Гэвч эхний сорилт тэдний тэвчээр, хүчийг хамгийн ихээр сорилоо. Энэ бол дэлхий нийтийг бүхэлд нь тэвдүүлсэн “Ковид-19” цар тахал байсан юм. Яаж удаан тэсч үлдэх үү. Ийм шалгарал шинэ бизнесийг нь хайр найргүй угтжээ. Хууччуулд, зах зээлд ноёрхсон томчуудад хүртэл цар тахал том дүнтэй алдагдал авчирсан.
 Айл гэр, албан байгууллагын захиалга дөнгөж л авч эхэлсэн, танигдах, зах зээлээ олох, харилцагчдыг татах хамгийн хариуцлагатай цаг үед нь “Ковид-19” гарснаар Good sofa” ч бизнесээ эргэн харахад хүрчээ. Тодорхой бус байдал тэднийг нөмрөв. Энэ үе л салаа замын уулзварт авчирсан гэдэг. Нөхцөл байдал хүндэрсэн ч няцах эрх байсангүй, шүд зуун давжээ.
Б.Дэлгэрбаяр “Манайх одоо нэрийн дэлгүүртэй болж, бэлэн бүтээгдэхүүнээ хүмүүсийн гарт хүргэж эхэлсэн. Буйдангийн онцлог нь үйлдвэрийн байр, агуулах, зарж борлуулах талбай том байхыг шаарддаг. Хэмжээ том, нүсэр болохоор тэр. Өнгөрсөн жилүүдэд дан түрээсээр үйлдвэрийн байраа шийдэж ирсэн. Дэлгүүрээ ч мөн адил. Энэ намар өөрсдийн үйлдвэрийн байраа ашиглалтад оруулахаар зорьж байна. Барилгын ажлаа эхлүүлсэн. Материалын үнэ нэмэгдсэн болохоор зардал тэр хэрээр өссөн. Төлөвлөсөн хугацаандаа оруулах эсэх санхүүгийн байдлаас их шалтгаалахаар байна” хэмээн яриа дэлгэсэн юм. Санхүүгийн байдлыг борлуулалт л тодорхойлно.  
 Хоёулаа эхлүүлсэн бизнес 28-уулаа болжээ 
Good sofa” гурав дахь жилтэйгээ золгож буй. Хоёулаа эхлүүлж байсан бизнес өнөөдөр 28-уулаа болж, өргөжжээ. Харьцангуй залуу ажилчидтай. Бэлэн бүтээгдэхүүнээ дэлгүүрээр зарж борлуулахаас гадна байгууллага, аж ахуйн нэгж, айл гэрт зориулан буйдангууд тусгайлан хийдэг. Нэг буйдан бүтээхэд 20 гаруй нэр төрлийн бараа, материал ордог бөгөөд таван дамжлагын эцэст дэлгүүрт хүлээлгэн өгдөг байна. Компанийн гарааны санхүүжилт нь таван сая төгрөг байсныг эхэнд дурдсан. Таван сая нь зээл байсныг Б.Дэлгэрбаяр хэлсэн юм. Үүгээрээ багаж, тоног төхөөрөмж, зарим шаардлагатай бараа материалаа худалдан авч, үлдсэнээ түрээсийн төлбөрт оруулжээ. Бусдаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрт хамрагдалгүй, бор зүрхээрээ л Good sofa” гэж үйлдвэрээ цогцлоожээ.
Өнөөдөр Good sofa” 700 орчим сая төгрөгийн нөөц хөрөнгө, бараа бүтээгдэхүүнтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгийн үнэлгээ нь гэсэн үг. Үүнд багаж хэрэгсэл, буйдангийн түүхий эд, 28 ажилтны цалин, түрээс, нийгмийн даатгал, татвар, эргэлтийн хөрөнгө, борлуулалт, зарахад бэлэн байгаа буйдан зэрэг багтах аж. Төр засгаас олгох хөнгөлөлттэй, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл ганц ч удаа авч үзээгүй. Авах гээд зөндөө явсан ч бүтээгээгүй гэдгээ Б.Дэлгэрбаяр хэлсэн юм.
undefined
“Уг нь багахан дэмжлэг байхад л босоод ирэх үйлдвэрлэгчид олон. Бид нар тэрбум, тэрбумаар нь хүсээд байгаа юм биш ээ. 10, 20 сая, цаашлаад 100 саяыг хүсэж байгаа ЖДҮ их. Гэтэл бий болгож, бүтээж, үйлдвэрлэж байгаа хүмүүст энэ төрлийн зорилтот зээл, хөнгөлөлттэй санхүүжилт, бодлогын дэмжлэг огтоос ирэхгүй, хүртээмжгүй байгаа нь үнэхээр гайхашрал төрүүлдэг. Илүү боломжтой, мэдээлэлд ойрхон хүмүүс л зээл авчихсан байдаг. Түүнээс нэгээ хоёр, хоёроо гурав болгох гэж байгаа хүнд олдоггүй. Зээл хөөцөлдөх, зээл авах энэ үйл явц өөрөө хүнийг шантрах, шантраах байдалд хүргэдэг. Тийм л хүнд суртал ихтэй. Монголд ямар нэгэн ажил хөөцөлдөхөд заавал нэг танил тал, таньдаг хүн хэрэгтэй болчихсон. Энэ байдал нь сүүлдээ бүр хүмүүсийн тархинд суугдсан. Зүгээр л нэг ажил хөөцөлдөхөд хүртэл тэнд таньдаг хүн байна уу, энд таньдаг хүн бий бил үү гэж шаналахад хүрсэн. Ийм орчинд бизнес хийнэ гэдэг туйлын амаргүй” гэж Б.Дэлгэрбаяр учирласан юм.
“Good sofa” жилд 100 гаруй сая төгрөг зөвхөн түрээст төлдөг байна. Хэрэв зорилтот зээл нь олддог бол түрээст бус зээлээ цаг хугацаанд нь асуудалгүй төлж чадах хэмжээнд компанийн үйл ажиллагаа жигдэрчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ЖДҮ болон бусад үйлдвэрлэлийг дэмжих зээл, хөтөлбөрт хамрагдах гэж Б.Дэлгэрбаяр чамгүй олон бичиг цаас бүрдүүлж, холбогдох албаны хүний хаалгыг олон өдрөөр сахиж, эцэст нь тэнцээгүй гэх хариутай буцсан нь их аж.
Анх бизнес хийх гэж зорихдоо их л гэгээлэг, өөдрөг бодож, эхлүүлж байлаа. Яг үнэндээ бидэнд багахан л дэмжлэг байхад л босоод ирэхээр, өндийгөөд ирэхээр. 3 хувийн хүү зээл гээд баахан л шуугьсан. Дарга нар ч энэ талаар нэлээд ярьж, PR хийж, сурталчилсан. Ашгүй дээ, одоо л төр засаг ЖДҮ-ээ харж хандах нь гэж итгэсэн. Гэтэл тэр зээлүүд бодит эзэндээ хүрсэнгүй. Хаагуур ямар ч шугамаар ямар хүнд оччихдог юм бол, бидэнд л лав хүртээлгүй байлаа. Гэсэн ч шантралгүй зүтгэсээр өдөр бүрийнхээ олсон орлогыг бага гэлтгүй хуримтлуулан нэмэрлэсээр мөрөөдлийн үйлдвэрийн байраа барина даа гэсэн бусдын хувьд жижиг байж магадгүй ч бидний хувьд тэнэг том мөрөөдөл , зориг өвөртлөн тээж, ард минь асаалттай танк шиг ямагт байдаг алтан сайхан ажилчдынхаа итгэл найдвараар мөн бидэнд итгэн үйлчлүүлдэг харилцагчдаасаа урам аван ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БИ бээр үйлдвэрийн байрныхаа шавыг тавилаа” тэр нүүр номондоо бичсэн байсан юм. 
ЖДҮ-ийг дэмжих зээл нь олддог бол илүү ихийг хийж, бүтээмээр байна, даанч... 
“ЖДҮ-ийг дэмжихтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэгт аль болох байнга оролцож, тэндээс мэдээлэл авахыг боддог. Хэлэлцүүлэг, уулзалтын үр дүн харамсалтай нь дараа нь гардаггүй. Хүмүүс бодит байдлаа хэлдэг, ярьдаг. Албаны хүмүүс ч сонсдог. Тэгээд л тэр арга хэмжээ дуусдаг. Дарга нарын үг ажил болдоггүй, бодлогын өөрчлөлт ч мэдрэгдэггүй. Хэлэлцүүлэг дуусдаг, эргэх холбоо байдаггүй. Гарсан шийдвэр, сайн муу нөлөө, эргэх харилцаа байхгүй. Хэлэлцүүлгийнхээ тоогоор ч гэх юм уу, дарга нарын ярьж хэлснээр бол энэ бүхэн өнөөдөр тэс өөр байх байсан. ЖДҮ нь том, бичил нь ЖДҮ-рүү орчихсон байх байсан. ЖДҮ-ийн хөгжлөөр нь тухайн улсын хөгжлийг хэмждэг. ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр нь үнэлдэг” хэмээн Б.Дэлгэрбаяр өгүүлсэн юм.
ЖДҮ болон сантай холбоотой зээлийн талаар бидний ярилцлага цааш өрнөсөн юм. “Бидэнд тэг, ингэ гэж зөвлөдөг том компанийн ах нар, захирлууд ЖДҮ-ийн зээлүүдийг хамчихсан байдаг. Бизнес нь тогтчихсон, ашиг орлого нь хэдэн арван тэрбумаар хэмжигдэх том компаниуд жижгүүдийнхээ боломжийг ингэж булааж байгаа нь бизнесийн ёс зүй мөн үү. Сүүлийн үед сангуудтай холбоотой хэргүүд мөн гарч ирж байна. Эндээс харахад олны сайн мэдэх, аль хэзээний зах зээл дээр байр сууриа эзэлчихсэн компани, улстөрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд гарааны бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэлд чиглэсэн санхүүжилт авчихсан байгаа нь шударга бус санагддаг. Сонгон шалгаруулалт нь үнэхээр зөв, шударга хийгдсэн үү, тэнд эрх мэдэл, танил талын нөлөө орсон уу. Манайх юм хийх гээд явж байгаа хүмүүсээ дэмжих нь маш учир дутагдалтай” гэж нэмж хэлсэн юм.
Бид Good sofa” үйлдвэрийн нэрийн дэлгүүрт ярилцаж суугаа нь энэ. Буйдан сонирхсон хүмүүс энэ хооронд орж гарсаар байв. Эгнүүлэн тавьсан буйдангууд хараа булаана. Өнгө, загвар нь үлэмж тансаг юм аа. Чанар, хийц ч импортын буйдангаас ер дутах юм алга. Манайхан гоё хийдэг болжээ, буйданг.
Б.Дэлгэрбаяр “Залуучуудад бизнесийн шударга өрсөлдөөн, ёс зүй, боломж, туршлага ярьдаг хүмүүс Хөгжлийн банк болон сангуудаас зээл аваад түүнийгээ төлдөггүй. Хүүхдийн тоглоомын талбайг хашаалаад байшин барьчихдаг. Ногоон байгууламж эвддэг гээд. Ашиг сонирхлын зөрчил тэр хэрээр их байгаа нь сүүлийн үед маш тодорхой харагдаж байна. Үүнд харамсдаг. Засгийн газар, олон улсын байгууллагын үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэр болон ажлын байрыг нэмэгдүүлэх зээлүүд хэнд, хаашаа очоод юу болж байгаа нь үнэхээр мэдэгдэхгүй, тухайн зээлийн зориулалт нь ч алдагдсан. Энэ байдал тодорхой бус байгаа нь боломж хулгайлагдаж байгаа л гэсэн үг” гэв.
10, 20 сая төгрөгийн дэмжлэг хүсээд түүнийгээ авч чадахгүй маш олон ЖДҮ-чид байна. Энэ хэмжээний зээл авчихвал үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажилтны тоогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний гарцаа сайжруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх хүсэлтэй, том мөрөөдөлтэй хүмүүс их гэдгийг Б.Дэлгэрбаяр дахин хэлсэн юм. Тав тухыг урлагч Good sofa” жилийн дөрвөн улирлын турш ажиллаж байна. Найр, хуримын найман сараас хоёрдугаар сар хүртэл /сар шинэ/ өрхийн буйдангийн борлуулалт сайн байдаг бол гуравдугаар сараас албан байгууллага, аж ахуйн нэгжийн захиалга эрс нэмэгддэг аж. Тиймээс зогсолтгүй үйлдвэрлэл нь хоёр чиглэлээ хадгалдаг байна. Буйдан зараад өнгөрөх төдий бус арчилгаа, тордолгоог мөн давхар хариуцдаг аж. Good sofa” нь дотоод судалгааг сар тутам, гадаад судалгааг жилд нэг удаа хийдэг байна. Харшил өгдөггүй, ус нэвтэрдэггүй энэ оны трэнд болсон буйдангийн зориулалтын даавуугаар бүтээгдэхүүнээ тэд урлаж байна. Ноолрох, бөөстөх тухай асуухад буйдангийн даавуу гээд тусдаа гарчихсан, манай буйданд ийм асуудал үүсэхгүй гэж Б.Дэлгэрбаяр маш их итгэлтэй хэлсэн юм. 
Бор зүрхээрээ босож ирсэн ЖДҮ
undefined
“ЖДҮ-үүд бор зүрхээрээ л явж байгаа. Дотоодын үйлдвэрлэгчид олигтой хийж чадахгүй байна гэж зарим нь үгүйсгэдэг, шүүмжилдэг. Мэдээж цаашаа улам хөгжих, сайжрах шаардлага бий юу гэвэл тийм. Дор бүрнээ л үүний төлөө хичээх ёстой. Хичээж байгаа. Бид гол нь буух эзэнтэй, буцах хаягтай. Тийм болохоор сайныг, чанартайг, загвар хийц шинэлэг байлгахыг зорьдог. Үнийн хувьд ч импортын буйдангаас 2-3 дахин хямд. Гэхдээ монгол хүний олдмол онцлог гэх үү. Манайхаас зарим аж ахуйн нэгж буйдан авахаар сонирхдог. Томоохон дүнтэй худалдан авалт хийхээр... Үнийн санал авч, ирж үзээд явахдаа “Бараг урдаас авчихсан нь ялгаагүй юм биш үү” гэж хоорондоо ярих нь бий. Энэ сэтгэлгээ, хандлагыг л өөрчлөх юмсан гэж боддог. Уг нь тэр мөнгө дотооддоо үлдэх юм бол маш олон хүний цалин орлого болж, үндэсний үйлдвэр хөгжихөд том хувь нэмэр оруулна” хэмээн Б.Дэлгэрбаяр хэлсэн юм.
 “Төрийн эх оронч худалдан авалт танайд мэдрэгдэж байна уу” гэх асуултад Б.Дэлгэрбаяр “Манайх төрд ямар нэгэн байдлаар буйдан зарж байгаагүй. Төрийн худалдан авалтын системийг сайн ойлгодоггүй. Дотоодоосоо авч байгаа худалдан авалт их л цөөн байх. Ойлгомжгүй систем энд ажлаад байна уу гэж хардаг” хэмээн хариулсан юм.
ЖДҮ-ийн өч төчнөөн хөнгөлөлттэй зээл түүнд хүрсэнгүй. Авах гэж мянга зориод ч олдсонгүй. Цар тахлын жилүүдэд төрөөс олгосон 10 их наяд тэргүүтэй гурван хувийн хүүтэй зээл ч түүнд оногдсонгүй. Тэр бусад жижиг, дунд үйлдвэрлэгчдийн нэгэн адил бор зүрхээрээ л тэмцэж, тэмүүлж яваа баялаг бүтээгч аж. Үндэсний үйлдвэрлэгч тэр мөн, ажлын байр бий болгогч тэр мөн. Нэмүү өртөг шингээгч мөн. Гэвч зорилтот зээл, дэмжлэг ийм хүмүүсээ онохгүй, жинхэнэ баялаг бүтээгчдэд очихгүй байгаа нь хардлага төрүүлнэ. Улсаараа урагшлах гарц нь үйлдвэржих. Ядаж л өөрсдийн чадах, мэдэх бүхнээ улс дотроо хийдэг болчихвол  амьдралын өнгө өөрчлөгдөх төдийгүй энэ нь өөрөө хөгжил, дэвшил юм.
“...Илүү олон ажлын байр бий болгож, импортыг орлож, улс орныхоо хөгжилд ч хувь нэмрээ илүү их оруулахыг хүснэ. ЖДҮ, үйлдвэрлэлийг дэмжих зээлүүд жинхэнэ эзнээ олж байж л эцэст нь улсаараа бид урагшлах, хөгжих, орлого нэмэгдэх, илүү олон хүн ажилтай болох, ахуйгаа дээш нь татах тэр боломж бүрдэх учиртай.
Эх орончид гэвэл үйлдвэрлэгчид мөн. Тэд илүү олуулаа болж байж л улс нь хөгжсөн жишээг бид зөндөө сонсдог. Зорилтот зээл, төсөл хөтөлбөрүүд нь замдаа алга болох эсвэл буруу аргаар үр ашиггүй үрэгдэх бус баялаг бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж,  тэдэнд хүрч байж л бид өөрчлөлт гаргаж чадна. Дэмжлэггүй ЖДҮ-чид бид бор зүрхээрээ зүтгэж л явна…” хэмээн тав тухыг урлагч Б.Дэлгэрбаяр Facebook хуудсаа бичснийг дахин энд хуваалцаж байна.
Б.Баяртогтох нь iToim сайтад 2023 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Эдийн засаг, уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Bayartogtokh Batbayar-facebookБ.Баяртогтох-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн