Нийслэлээс Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хүнс, эрүүл ахуй, зам тээвэр болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Эх, үрсийн баярыг тохиолдуулан Сүхбаатарын талбайд 20 асраар хүнс, зайрмагны худалдаа, хүүхдийн тоглоом зэргийг зохион байгуулна. Явуулын 13 хоолны цэгээр үйлчилнэ. Хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд худалдаа үйлчилгээний таван газрыг гаргасан. Хүүхдийн ордны хойд зам дээр мөн 20 асраар худалдаа, үйлчилгээг ард иргэд, хүүхэд багачуудад үзүүлнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн мөн арга хэмжээтэй. Тэнд 40 газар хүнс, зайрмагны худалдаа, хүүхдийн тоглоом байршина. Үндэсний соёл амралтын хүрээлэнд худалдаа, үйлчилгээний 20 газар гарна. Эдгээр газруудад өчигдөр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хүнсний аюулгүй байдлыг хангах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах заавар, зөвлөмж өгч, сургалт хийсэн” гэв.
Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагч н.Чиндаваа “Эх үрсийн баярыг тохиолдуулан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийхээр төлөвлөгөө гарч, багууд ажилласан. Есөн дүүргийн хэмжээнд нийт таван байршилд 163 цэгт 46 улсын байцаагч, улсын ахлах байцаагч хяналт тавин ажиллана. Аж ахуйн нэгжүүдэд сургалт мөн явуулсан. Ард иргэддээ зөвлөмж өгөхөд ил задгай, гарал үүсэл нь тодорхой бус хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхийж, хувь иргэдийн гар дээрээс худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс худалдан авч хэрэглэхгүй байх. Мөн шууд хэрэглэдэг жимс, жимсгэнэ заавал угааж цэвэрлэж хэрэглэх тал дээр зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна” гэлээ.