Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуаси Комлан нар оролцлоо.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулах бөгөөд тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 10-ны хооронд явуулна. Дархлаажуулалтын эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэг дээр нь, зуны амралт эхэлснээс хойш сум, өрхийн Эрүүл мэндийн төв дээр улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх юм. Түүнээс гадна энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан заасан насны бүх хүүхэд хамрагдах ёстой. Харин сүүлийн нэг сарын дотор ямар нэгэн вакцин тариулсан бол түр хойшлуулах аж.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "2022 онд Дэлхийн 162 улс оронд улаан бурхан өвчний 172 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ нь 2021 оноос гурав дахин их бүртгэгдсэн байгаа юм. 2023 оны эхний таван сарын байдлаар дэлхийн 124 улсад улаан бурханы өвчлөл 45 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Ялангуяа манай улсын хувьд 1973-1989 онд улаан бурхан өвчний нийт 53 мянган тохиолдол бүртгэгдэж, 3-4 жилийн хугацаатай дэгдэлт гарч байсан. 1989 оноос хойш дөрвөн удаагийн дэгдэлт гарч байсан.
3-39 насны хүмүүсийг вакцинжуулж ирсэн. Үүний дүр дүнд 2017 онд 17 тохиолдол, 2018 онд нэг тохиолдол, 2019 онд хоёр тохиолдол, 2020-2023 оны эхний таван сарын байдлаар улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байдаг. Дэлхий нийтэд Улаанбурхан өвчны тархалтын тоо нэмэгдэж, ялангуяа Зүүн Европын улс орнууд ОХУ, БНХАУ, Энэтхэг ихсэх хандлагатай байна. Тиймээс манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай байна.
Иймд тавдугаар сарын 29-ны өдрөөс эхлүүлж буй улаанбурхан өвчны дархлаажуулалтад идэвхтэй хамтрагдахыг уриалж байна" гэв.
Нэмэлт дархлаажуулалтад хамруулснаар энэ насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Учир нь улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг өвчин. Энэ өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхэд өвдөх бөгөөд, өвдсөн тохиолдолд уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндрэх, улмаар эндэгдэлд хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, улаанбурхан өвчнөөр өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.
Мөн цар тахлын дараах жилүүдэд буюу 2022 оноос эхлэн улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа улс орны тоо болоод өвчний тохиолдлын тоо нэмэгдэж, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-д дэгдэлт гарч байгаа нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна.