Засгийн газраас “Шүүр” ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж: Шүүр ажиллагааны хүрээнд нэгд, төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад хууль бус томилгоо байгаа эсэх. Хоёрт, томилгоо хийдэг удирдах албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг албан тушаалд томилсон эсэх. Гуравт, хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн ур чадварыг хангаж чадаж байгаа эсэх. Дөрөвт, ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон албан тушаалтнууд төрийн албанд ажиллаж байгаа эсэх. Тавд, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг албан тушаалд томилохыг хориглосон байдаг. Ийм томилгоо төрийн албанд байгаа эсэх найман бүлэг асуудал дээр “Шүүр” ажиллагаа ажилласан.
ЗГХЭГ-ын дарга өнгөрсөн хугацаанд нийт 3000 гаруй томилох эрх бүхий албан тушаалтанд найман бүлэг асуудалд ямар арга хэмжээ авсан талаар албан бичиг явуулсан. Уг албан бичиг нь эмч, багш, төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад хамаарахгүй. Авлигын эсрэг хууль, Нийтийн ашиг сонирхлын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу зөвхөн төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд буюу дарга нарт хамааралтай. Мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон тэтгэвр тогтоолгосон эмч, багш нарт хамаарахгүй. Зөвхөн төрийн захиргааны албан тушаал дээр тэтгэвэр тогтоолгосон хүн ажиллаж болохгүй. Харин улс төрийн албан тушаал дээр ямар нэгэн хязгаарлалт байхгүй.
Байгууллагууд дээрээс ирсэн албан бичгүүдэд дүн шинжилгээ хийхэд Засгийн газрын харьяа 16 яам, 39 агентлаг, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дээр 6187 зөрчил илэрсэн.
Нийт илэрсэн зөрчлийг ангилж үзвэл төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаал дээр 349 албан хаагчийг чөлөөлсөн. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд дээр 76, төрийн тусгай албан тушаал дээр 9 хүнийг чөлөөлсөн. Мөн төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаал дээр 15 хүн, төрийн болон төрийн өмчит компаниуд дээр 12 хүнд сахилгын арга хэмжээ авсан.
Одоогоор төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаал дээр 976 хүнд ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлээд байгаа бол төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дээр 150, төрийн тусгай алба хаагчид дээр 51 хүнд тус бүр мэдэгдэл хүргүүлээд байна.
Илэрсэн зөрчлүүдийг салбараар нь ангилж үзвэл нутгийн удирдах байгууллага дээр дийлэнх нь буюу 2900 гаруй, боловсролын байгууллага дээр 1600 орчим, санхүүгийн салбарт 779, эрчим хүчний салбарт 656, уул уурхайн салбарт 114 зөрчил илэрсэн.
Үүнээс зөрчил шийдвэрлэсэн байдлыг салбараар нь авч үзвэл эрчим хүчний салбарт 46 албан тушаалтан чөлөөлж, 76 хүнд мэдэгдэл хүргүүлсэн.
Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны зөвлөмжөөр төрийн үйлчилгээний албан тушаалд 65-аас дээш насны тэтгэвэр тогтоолгосон иргэн гэрээний үндсэн дээр ажиллаж болно гэдгийг зөвшөөрсөн. Гэтэл төрийн байгууллагын удирдлагуудаас ирсэн мэдээллээр ТҮК-ийн ажилчид, эмч, багш нарын эрх зүйн байдлыг дордуулсан, ажлаас чөлөөлсөн зүйлс байгаа. Тиймээс “Шүүр” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногоос эхлэн эдгээр хүмүүсийг чөлөөлсөн асуудлаар хяналт, шалгалтын ажлыг эхэлнэ. Үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс “11-11” төв болон бусад эх сурвалжаар дамжуулан өргөдөл, гомдолоо гаргах бүрэн боломжтой.
“Шүүр” ажиллагаа 2023 оны дуустал үргэлжилнэ. Авлига, албан тушаалын ашиг сонирхол хаана байна, дарга нарын хамаарал бүхий этгээдүүд хаана томилогдсон байна тэр бүгд дээр дарга нартай хатуу арга хэмжээ авна.