Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) мэдээлснээр Хятад улсын иргэд хамгийн залуудаа тэтгэвэрт гардаг ажээ. Тус улс 1950-иад оноос эмэгтэйчүүдийг 50, эрэгтэйчүүдийг 60 насандаа тэтгэвэрт гарах боломжийг олгосон байна. Тэтгэвэрт гарах нас нь харьцангуй залуу улс орнуудад Орос, Индонези, Колумб, Турк багтжээ. 2019 онд Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын хөдөлмөрийн насны хүн амын тоо тэтгэврийн насныхаас цөөрсөөр байгаа талаар мэдэгдсэн. Хэдийгээр эрт тэтгэвэрт гарах нь сонирхол татахуйц сонсогдож байгаа ч бодит байдал дээр зарим нь амьдралын хэв маягаа хадгалахын тулд тэтгэвэрт гарахгүй байх эсвэл өр зээлээ төлөхийн тулд үргэлжлүүлэн ажиллахаас өөр аргагүй болдог. Хятадад Засгийн газар тэтгэврийн санхүүжилт тэтгэвэрт гарах хүмүүсийн тоог гүйцэхгүй байгаа нь зарим хятад хүнийг ажиллах хүчинд удаан байлгахад хүргэж байгаа талаар мөн мэдээлж байсан.
Гэтэл тэтгэвэрт гарах нас нь 64, 65 байдаг улс орнуудад хүн амын хөгшрөлт нь анхаарал татсан асуудал болоод байна. Жишээлбэл, Францад ойролцоогоор дөрвөн хүн тутмын нэг нь 60-аас дээш настай. 2040 он гэхэд энэ хувь гурван хүн тутмын нэг болж өснө гэсэн тооцоо бий. Японы нийт хүн амын 28 хувийг өндөр настан эзэлдэг бол Италид 23 хувийг эзэлж байна. Финлянд, Грек, Португалийн иргэдийн 22 орчим хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байдаг. Хятадад хамгийн олон өндөр настан амьдардаг. 2050 он гэхэд Хятадын оршин суугчдын 26 орчим хувь нь 65 ба түүнээс дээш насныхан болохоор байгаа аж. Хэдийгээр 2022 онд дэлхийн хүн ам найман тэрбумд хүрсэн ч өсөлтийн хурд нь удааширчээ. Дэлхий даяар илүү олон хүн тэтгэвэрт гарахын хэрээр улс орнууд тэдгээр хүмүүсээ хэрхэн дэмжих, тэтгэврийн сангаа хэрхэн бүрдүүлэх талаар бодох ёстой болж байгаа юм.