Онлайн дуудлага худалдааны Bidend.mn платформыг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр банк санхүүгийн салбарт 10 орчим жил ажилласан туршлагатай юм. Тэдний багийнхан Монгол Улсдаа онлайн дуудлага худалдаа шуурхай хийх Bidend.mn гарц шийдлийг нээгээд байна. Бидний яриа онлайн дуудлага худалдааны зах зээлийн талаар өрнөлөө. -Онлайн дуудлага худалдааны талаарх ойлголтыг уншигчдад өгөх үү?
-Дуудлага худалдаа гэдэг нь аливаа хөрөнгийг худалдан борлуулах бас нэгэн суваг бөгөөд дэлхийн улс орнуудад өргөн хэрэглэгддэг арга хэрэгсэл юм.
Дуудлага худалдаагаар бүх төрлийн хөрөнгүүдийг худалдан борлуулах боломжтой тул бусад оронд банкны өмчлөх бусад хөрөнгө, чанаргүй зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаас гадна урлагийн бүтээл, үнэт эдлэл, эрхийн бичиг зэрэг бүхий л хөрөнгийг олон нийтэд ил тод, нээлттэй, шударга, тэгш оролцоог хангасан онлайн байдлаар явуулж байна.
Бид ч мөн адил Монголд дуудлага худалдаа гэх худалдан борлуулах шинэ сувгийг таниулах, нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Энэ чиглэлээр ажиллах сэдэл хэзээнээс бий болов. Яагаад заавал онлайн дуудлага худалдаа зохион байгуулах платформ хийх болов?
-Анх дуудлага худалдааны платформ бий болох санааг “Ковид-19” цар тахлын үед манай гэр бүлийн хүн бид хоёр гаргасан. Монгол Улсад 6.11 их наяд төгрөгийн 106,323 зээлдэгч ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаас дийлэнх нь залуу болон идэр насны гэр бүлүүд байна. Бусад гэр бүлийн адил бид ч гэсэн ипотекийн зээлтэй, шинэ хүнээ өлгийдөн аваад удаагүй, цар тахлын үеийн хил гаалийн асуудлаас үүдэн импорт, худалдаа үйлчилгээний бизнес зогсонги байсан тул нэг хүний орлогоор амьдрах шаардлагатай болсон. Энэ үед л бид хоёр хэрвээ цар тахал удаан үргэлжлэх, зээлээ төлж чадахгүй бол яана аа гэдэг асуултаас бүгд эхэлсэн.
Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан тул шүүхийн бус журмаар зээлдүүлэгчийн зүгээс авах арга хэмжээний тухай ойлголттой байсан ч шүүхийн журмаарх процессын мэдээлэл дутмаг байсан. Ийм учраас судалж эхэлсэн.
-Уламжлалт аргаар буюу биет байдлаар албадан дуудлага худалдаа зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувь, хэрэв худалдан авагч тодроогүй тохиолдолд хоёр дахь дуудлага худалдааэд үнийг 20 хувиар бууруулж дуудах, дуудлага худалдааны мэдээллийн зарыг олж харсан этгээд л оролцох боломжтой байсан юм. Зээлдэгч хүний өнцгөөс харахад, хөрөнгийнхөө үнийг бууруулж албадан худалдуулахаас илүүтэйгээр тухайн хөрөнгийн элэгдэл хорогдол бага, үнэлгээ өндөр үед сайн дурын дуудлага худалдаагаар олон нийтэд ил тод, нээлттэй, шударга, тэгш оролцоог хангасан онлайн хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулж зээлээ төлж, үлдэгдлээр нь дараагийн хөрөнгийн урьдчилгаа төлбөрийг бий болгох боломжийг эрэлхийлснээр өнөөдрийн Bidend.mn-ийн эхлэл тавигдсан.
-Зээлдэгчид их давуу талтай гэж харлаа?
-Яг тийм. Хамгийн шударга арга бол аукцион буюу онлайн дуудлага худалдаа юм. Та зээлээ төлөхөд хүндрэлтэй байвал бидэнд ханд. Бид танд барьцаагааүнэ өсгөн худалдан борлуулахад тань тусална
-Bidend.mn-ийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлаж өгвөл?
-Bidend.mn зөвхөн онлайн дуудлага худалдааны платформ биш юм. Дуудлага худалдаа эхлэхээс дуусах хүртэлх бүхий л үйлчилгээг нэг дороос цогцоор хангах шийдэлтэй. Үүнд, шууд болон онлайн дуудлага худалдаа худалдаа, худалдагч, худалдан авагч талуудын эрх шилжүүлэх үйлчилгээ, харилцагчдад зориулсан хяналтын back-office систем, хэрэглэгчдэд зориулсан tracking систем, зөвлөгөө болон бусад үйлчилгээнүүд багтдаг тул худалдагч болон худалдан авагч талуудад чирэгдэл бага, цаг хугацаа хэмнэсэн, хүртээмжтэй байдлаар нэгдсэн үйлчилгээг нэг дороос санал болгож байна. -Манай улсад хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулдаг арилжааны цахим системыг анх удаа гаргаж байна. Уншигчдад ойлгомжой болгох үүднээс та цахим дуудлага худалдааны системийн талаас нь тодруулж өгөөч?
-Хэн ч нөлөөлөх боломжгүй, ил тод бөгөөд шударга явагдахаар програмчилагдсан систем учраас найдвартай. Технологийн шийдлийг энэ салбарт туршлагатай Мезорн ХХК-ийн баг хөгжүүлсэн, бидний хамтарсан төсөл. ISO 27001 SO 27001 стандартаар Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан шийдлийг бүрэн гаргаж чадсан.
Төлбөр тооцоог гүйцэтгэх харилцагчийн данстай холбосон, цэнэглэх боломжтой хэтэвч үүсгэж өгсөн. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлж, хэтэвчээ цэнэглээд аукционд оролцох эрх үүснэ. Зарах тал хөрөнгийнхөө дуудах доод үнийг оруулна. Харин хөрөнгийн мэдээллийн үнэн бодит байдлыг өөрөө хариуцна. Авахыг хүсч байгаа худалдан авагч хөрөнгийн байдлыг газар дээр нь үзэх бол бидэнтэй холбогдож, дуудлага худалдааны өдрөөс өмнө хөрөнгийг үнээ системд оруулж, санал болгоно.
-Хамтран ажиллах хүсэлтэй, хөрөнгөө шууд болон онлайн дуудлага худалдаагаар худалдан борлуулах хүсэлтэй этгээд яах вэ?
-Бидэндийн хувьд хамтран ажиллах хүсэлтэй иргэд, байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хэрэв танд хамтран ажиллах санал хүсэлт байвал bidend.mn дээрх хөрөнгө зарах, хамтран ажиллах хэсэгт онлайнаар хүсэлт илгээх, манай холбоо барих дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа. -Хэрэглэгчийн хувьд дуудлага худалдаанд хэрхэн оролцох вэ?
-Дуудлага худалдаанд оролцохын тул эхлээд бүртгүүлж хэрэглэгч болох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хувийн мэдээллээ E-mongolia дамжуулан баталгаажуулна. Үүний дараа хүссэн дуудлага худалдаандаа хэтэвчээ цэнэглэн дэнчин байршуулан оролцоно. Дуудлага худалдаанд оролцох процесс энгийн хялбар байдлаар зохицуулагдсан бөгөөд манайд нэвтрэн тухайн бүр заавар, зөвлөгөө авах боломжтой байгаа.
-Дуудлага худалдаа ямар давуу талтай вэ?
-Дуудлага худалдаа нь ил тод, нээлттэй, хаанаас ч оролцох боломжтой тул гадаадад оршин суугаа иргэд оролцох, хэдэн ч дуудлага худалдаанд зэрэг оролцох боломжтой. Мөн тухайн хөрөнгөд санал өгсөн оролцогчид, үнийн мэдээллүүд нээлттэй байгаа тул уламжлалт аргааас олон давуу тал, тунгалаг байдлыг олгож байгаа юм. Нөгөө талаар худалдагч болон худалан авагч талуудад харилцан ашигтай тэр цэгт уулзуулах тул талуудад ямар давуу талтайг дурдая.
Тийм ч учраас барилгыг бүхлээр нь байршуулах, уран зураг, урлагийн бүтээл, үнэт эдлэл зэрэг хөрөнгүүдийг шууд болон онлайн дуудлага худалдаагаар худалдахаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
-Бусад улс оронд онлайн дуудлага худалдаа хэрхэн явагддаг вэ?
-Азийн хөрөнгийн захын хямралын дараа олон орон нь банк, санхүүгийн салбараа аврахын тулд төрөөс нь бодлогоор дэмжих чанаргүй зээлийн зах зээлийг хөгжүүлэн муу зээл, активыг тэдгээр байгуулагуудын балансаас цэвэрлэж, мэргэжлийн активын удирдлагын компаниуд руу шилжүүлсэн байна. Өмнөд Солонгост KAMCO, UMACO зэрэг төрийн болон хувийн өмчийн активын удирдлагын компаниуд bidend.mn системтэй ижил платформ ашиглан вебсайт болон гар утасны аппликэйшнээр дуудлага худалдаа зохион байгуулж байна. Ер нь бол олон улс оронд технологийн хөгжлийг ашиглан олон төрлийн хөрөнгүүдийг нэг платформоор дамжуулан smart contract /ухаалаг гэрээ/, e-sign /цахим гарын үсэг/-ээр баталгаажуулан худалдан борлуулдаг. Жишээ нь: автомашин, ураг зураг, үнэт эдлэл гээд төрөлжсөн тухайн хөрөнгөөр дагнан дуудлага худалдаа явуулдаг платформууд ч олон байна. -Жишээ нь, Хөгжлийн банкны зээлийн барьцаанд хураагдсан эд хөрөнгийг зарахад ашиглаж болох уу?
-Бүрэн боломжтой. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаас үүдэн олон нийт Хөгжлийн банкны барьцаа болон өмчлөх бусад хөрөнгүүдийн худалдан борлуулахад анхаарал ихээхэн хандуулж байгаа. Онлайн дуудлага худалдаагаар худалдан борлуулахад хэдэн хүн, хэдэн төгрөгөөр худалдан борлуулах санал өгсөн зэрэг бүхий л мэдээллүүд ил, тод нээлттэй тул хүмүүсийн хувьд хардлага төрүүлээд байгаа асуудлыг дижиталаар шийдвэрлэх боломжтой юм.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.