Open iToim app
Нийтлэл | 7 мин уншина

Торойбандийн ураг төрөл

Торойбандийн ураг төрөл
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 10
Миний аав Дуваа(Аагаа) Алтан-Овооны анхны тахилгыг хийхээр 1990 онд Дарьганга суманд анх очихдоо өөрийн ээж Рэгзэдмаагийн төрөл садан гээд Дарьгангын засаг даргын тамгын газрын Д.Сүхбаатарынд очсон юм. Тэр үед Сүхбаатарын ээж Дэжинцоогийн эх бололтой Цэрэнжав(хонин гөеө гэж авгайлдаг) гэдэг өндөр настай болов уу гэмээр эмээг Аагаа миний нагацын төрөл гэдэг байсан гэж Д.Аюурсэд ах 1990 оны уулзалт явдлаа дурсан ярьснаас энэ “шилийн сайн эр” Торойбандитай миний ээж Норжинбалын талынхан ахан дүүсийн холбоотой болох түүх намтрын хэлхээний эх үүсвэр эхэлсэн юм. Цэрэнжав гөеө Аагаагийн болон бидний ээж Норжинбалын маань ээж Рэгзэдмаагийн ах Амаасүрэнгийн охин, заавал уулзах ойрын хүн гэдэг нь ингэж тодорхой болсон юм.
undefined
Ингэж сайн цаг ардчиллын ачаар бидэнтэй холбоотой бас нэгэн гайхмаар түүх бүрэн ил болох боломж ирсэн юм. Хүний төөрөг тавилан гэж сонин байдаг юм байна. Анхаарал татсан, бичиж үлдээхээс өөр аргагүй нагац Д.Сүхбаатарын яриа түүх нь та бидний эмээ ээж Рэгзэдмаагийн талын хүмүүс, үеэл дүү нар нь халх даяар алдартай “шилийн сайн эр” Торойбанди Нанзаддоржтой садан төрлийн холбоотой болохыг өгүүлэн ярьдаг байсан хонин гөеө Цэрэнжавын дурсамж яриа байгаа юм. Цэрэнжав хонин гөеөгийн ярьсан түүхийг тодруулж зарим архивын баримтуудыг үзэж садан төрлийн хэлхээ холбоог гаргалаа.
Дарьганга уулын хошууны 1926 оны Баянтөхөм уулын сумын хүн амын тооллогын бүртгэлийн дараалсан 187, 188, 189 дугаарт бичигдсэн айл өрх, хүмүүс анхаарал татдаг. Бүртгэлийн 187 дугаарт  Гүрийн Жамц 32 настай хөл тахир, Цэрэнжав эм 32 настай, гэрт гэж бүртгэгдсэн нь Цэрэнжав хонин гөеөгийнх бөгөөд үүнээс тооцоход тэрээр 1894 онд төржээ. Түүнийг 1994 онд бурхан болсон тухай Сүхбаатарын яриагаар тэрээр 100 насыг зооглосон нэгэн байжээ. Та бидэнд Торойбандитай садан төрлийн холбоотой түүх намраа ярих гэж, мэдүүлэх гэж зуун насыг Цэрэнжав хонин гөеө насалжээ гэж хэлэхэд гайхах хүн гарахгүй байхаа гэж бодож байна. Цэрэнжав хонин гөеө нь Амаасүрэнгийн том охин болохыг Торойбандийн удам төрлийн модны гол салаа мөчрүүд зургаас харагдана.
Бүртгэлийн 188 дугаарт Мөнхийн Шүрэнхор(Сүрэнхорлоо) 56 настай малчин, Бадам эм 36 настай гэрт, Мажиг дүү 35 настай лам, Цэвэл эгч 52 настай гэж бичигдсэн бий. Энд бичигдсэн Мөнх бол Торой бандийн ах Мөнх-Очир мөн болох нь түүний хүүхдүүдийн нэрээс харагдаж байна. Бас дүү Мажиг 35 настай гэснээс хөөж бодоход Амаасүрэнгийн дүү, Ласрангийн бага хүү Лувсанмажиг болох нь танигдаж байна.
Мөн дараачийн 189 дугаарт Ласран Амаасүрэн 42 настай, Балжин эм 42 настай, Чойдог 26 настай, Гүндэгмаа дүү 33 настай гэрт, Долгор охин 5 настай гэж бүртгэгдсэн байдаг. Мөнх-Очирын хөвгүүд Сүрэнхорлоо(Шүрэнхор), Ласран нар болохыг, бас 188, 189 дараалалд бичигдсэн байдал нь нэг хотонд, эсхүл айл саахалт байсныг илэрхийлэх магадлалтай. Чойдог хүү нь Цэрэнжавын дүү болох нь харагдаж байна.
Тэр цаг үед ардын аж ахуйтай байсан ах дүү хүмүүс ихэнхдээ нэг хот айл хэлбэртэй амьдардаг байсан түүхтэй. Уг номонд тоо бүртгэл хөтөлсөн байдлаас харахад хоёр нэрээс бүрдсэн хүний нэрийг ихэнхдээ нэг нэрээр нь бичсэн байдал харагддаг юм билээ. Жишээ нь Мөнх-Очирыг зөвхөн Мөнх эсхүл Очир, түүнтэй адил Лувсанмажигийг Лувсан эсхүл Мажиг гэх мэт. Эндээс Сүрэнхорлоо Ласран хоёр бол Мөнх-Очирын хөвгүүд болохыг ойлгож болохоор байна. Мөн бүртгэлээс Ласран нь Амаасүрэн, Лувсанмажиг нарын хөвгүүдтэй байсныг төвөггүй олж харж болохоор байна.
Бидний ээж Норжинбалын ээж Рэгзэдмаа айл гэр болж хүний эхнэр болсон тул аав Ласрангийн хүн амын энэ оны бүртгэлд ороогүй бололтой, харин бүртгэлийн 136 дугаарт Ваанжилын Дорждашийн хүн амын бүртгэлд орсон байдаг.
Энэ бидний эмээ Рэгзэдмаа нь Торойбанди болон түүний ах Мөнх-Очиртой ураг садан төрлийн холбоотой түүхийг ярьсан хүн бол эмээ Рэгзэдмаагийн төрсөн ах Амаасүрэнгийн охин, Чойдогийн эгч Цэрэнжав хонин гөеө юм. 1926 оны архивын тооллогын бүртгэлд түүний нөхөр Гүрийн Жамц хөл тахир гэжээ. Энэ байдлаас үүдэн Цэрэнжав гөеө ганц бие болж дүү Чойдогийнд буюу гэртээ, сүүлдээ түүний охин Дэжинцоотой буюу  Дарьганга сумын ЗДТГ-ын дарга асан Сүхбаатарынд хамт амьдарч ирсэн юм билээ.
undefined
Сүхбаатарын ээж Дэжинцоогийн аав Чойдогийн төрсөн эгч, Амаасүрэн Балжинянм хоёрын хүүхдийн том нь Цэрэнжав хонин гөёө болохыг зураг харуулдаг юм. Бидний эмээ ээж Рэгзэдмаагийн төрсөн том ах Амаасүрэнгийн хүүхэн гэсэн үг. Энэ хонин гөеө гэж төрөл садан, нутгийн хүмүүс нэрлэдэг хуурч яриа ихтэй, үлгэр түүх, хүний намтар ярьдаг “цээж сайтай” тухай Онгон сумынхан ярьдаг юм билээ.  Алтан-Овоогийн 2 дахь тахилгын дараа буюу 1994 онд насан өөд болсон гэж Д.Сүхбаатар ярьсан даа. 
Эмээ ээж Рэгзэдмаагийн аав дархан Ласран түүний дүү Сүрэнхорлоо нарын аавыг Мөнх-Очир, түүний төрсөн дүүг Нанзадорж(Торой банди) гэдэг түүхийг Цэрэнжав гөеө ярьдаг байсан юм билээ. Мөнх-Очир, Нанзаддорж нарын аавыг Данзан, ээжийг Дулам гэдэг байжээ. Торой бандийн төрөл садангийн хүмүүс бид, хүмүүсийн ярьдгаар Торойбандийн мах цусны тасархай болж таарч байгаа юм. Энэ түүхээ бидний өмнөх үеийн хүмүүс социализмын цаг үед амьдарч үндэсний үзлийг хориглодог байсан учраас нуудаг байсан, харин одоо ардчилсан нийгмийн цаг үед амьдарч байгаа та бид нуугаад ч яахав. Хүмүүс юу гэж хэлэх нь ер хамаагүй, надад удам судрын үнэн түүх л хэрэгтэй. Нагац Торойбандийг ямар нэгэн садан төрөлгүй, хээрээр гэр хийсэн, хэцээр дэр хийсэн “хулгайч” муу хүн болгож харагдуулахын тулд түүний ураг төрөл, удам судар, ах дүүг дурсан ярихыг дарагдуулдаг, хориглодог байсан нь ойлгомжтой билээ. Мэдээж муу нэртэй явсан хүний төрөл садан болж муу хэлэгдэхийг хэн хүсэхэв дээ.
Эрхэм дүү нарт нагац Торойбандитай хэлхээ холбоотой урагийн төрлийн түүхийг ойлгомжтой болгох үүднээс зурж “Торой банди Нанзаддоржийн ураг төрлийн модны гол салаа мөчрүүд” зурагт дүрсэлж үзүүлсэн болно. Зургаас харахад нагац Торой бандийн ах Мөнх-Очир, түүний хоёр хүү Ласран, Сүрэнхорлоо нарын удмын хүүхдүүд болсон Амаасүрэн, Лувсанмажиг, Рэгзэдмаагийн үр хүүхэд гэсэн гурван том салаа мөчир болж өргөжин тэлж, өсөж үржсэн дүр зураг гарч байгаа юм. Энэхүү ураг садангийн зургаар Торойбанди, ах Мөнх-Очирын хөвгүүд дүү Сүрэнхорлоо, ах Ласрангийн хүүхдүүд Амаасүрэн, Лувсанмажиг, Рэгзэдмаа(нөхөр Дорждаш) нарын болон эдгээрийн хоорондын ураг садан төрлийн холбоог тодорхой ойлгомжтой болгож үзүүлэхийг зорьсон болно. Мөн Амаасүрэнгийн хүүхдүүд охин Цэрэнжав, хүү Чойдог, хүргэн Дорждашийн(Рэгзэдмаа эхнэр) хүүхнүүд Чойжиймаа, Чогжмаа, хүү Дуваа Аагаа, хүргэн Доржийн(Норжинбал эхнэр) хүүхдүүдээс хойших үеийн хүмүүсийн үр ач, зээ нарыг дэлгэрэнгүй оруулах боломжгүй байсныг харгалзан зөвхөн тэдний хүүхдүүдээр хязгаарласан болно. Үр ач олон бий.
Танай ээж Норжинбалын эхийг Рэгзэдмаа гэдэг хүн байсан,  түүний аав нь Ласран гэдэг  дархан хүн байсан гэдэг түүхийг Чимиддорж багшийн ээж Нансалмаа эгч надад ярьж өгсөн юм. Мөн эмээгийн ах Лувсанмажигийн хүү Дамдин өвгөн аав Ласрангаар овоглосон, адуучин хүн байсныг би мэднэ.
Монгол даяар Шилийн сайн эр гэж алдаршсан Торойбандийн удам төрлийн модны гол санаа мөчрүүд зурагнаас харахад Торойбандийн ах Мөнх-Очирын хүү Ласрангийн гурван хүүхдийн бага хүүхэд нь миний ээж Норжинбалын ээж Рэгзэдмаа байгаа нь харагдаж Мөнх-Очир-Ласран-Рэгзэдмаа(Дорждашийн эхнэр)-Норжинбал(Доржийн эхнэр)  гэсэн дөрөв дэх үеийн ураг садангийн хүмүүс болж харагдаж байна.
Монголчууд үүх түүхээ үр удамдаа, хойч үедээ үлдээхийг “хууч хөөрөх” гэж нэрлэдэг юм билээ. Бидний нүүдэлчин хүмүүст түүх намтраа бичиж үлдээх боломжгүй учраас амнаас ам дамжуулан ярьж хойч үедээ үлдээдэг эртний сайхан уламжлалыг Цэрэнжав(хонин гөеө) давтаж энэ түүхийг Сүхбаатарт ярьж өөрсдийн удмын түүхээ бидэнд хүргэж ирлээ дээ гэж баярлаж сууна. Би тэр холч ухаантай, маана мэгзэм их уншдаг, үлгэр түүх ярьдаг Цэрэнжав(хонин гөеө)-ийн ярьж үлдээсэн тэр эмээгийн, Рэгзэдмаа эмээ ээжийнхээ удам судрын намтар түүхэнд эргэлзээгүй, харин яасан баян түүхтэй эмээ ээжтэй хүмүүс вэ бид нар гэж л бахархаж яваа.
Ээжийн ах Дуваа Аагаа маань аграмба цолтой, Ванчин-Эрдэнэ ламын шавь байсан гэдгээр хувьсгалын эсэргүү Ёнзонхамбын бүлгийн лам байсан гэж хилс хэргээр 10 жил ял эдэлж зовсон нэгэн байсан учраас энэ Торойбандитай холбоотой түүхийг мэдэж байсан ч бидэнд яриагүй, бодвол ах дүү садангийнхан маань “эсэргүүнийхэн” зовлон дээрээ  нэмээд “шилийн сайн эр, хулгайч” хүний төрөл садан болж “нүд үзүүрлэгдэх” давхар давхар зовлон улам нэмэгдэнэ гэж тэр ухаантай хүн бодсон биз ээ.
Энэхүү “шилийн сайн эр” хүн Торойбандийн ураг садангийн гайхалтай түүхийн үнэн мөнийг олж бидний болон хойч үеийн үр ач, зээ, ураг садангийн хүмүүст ойлгомжтой болгох буянт үйлсийг бүтээлцсэн нагац Дэжинцоогийн Сүхбаатар, ах Дуваагийн Аюурсэд нарын олон хүмүүст гүн талархал илэрхийлж байна.
Ардчиллын ачаар үндэсний үзэл сэргэж, хүмүүс сэтгэлдээ тээж явсан үр удмын эртний нууц түүх, амьдралаа ил гаргаж ярьдаг эрх чөлөөтэй болсны ачаар бидний эмээ ээж Рэгзэдмаагийн садан төрлийн үеэл Цэрэнжав(хонин гөеө)-ийн хууч ярианы ачаар халх даяар алдаршин “Шилийн сайн эр” нэртэй явсан Торойбандитай удам төрлийн холбоотой тухай, гашуун боловч үнэн түүх бидэнд ил болсон юм. Сайн үйл дэлгэрэх болтугай.  
Доржийн Моондой
Утас:95911992 
2023.04.09.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн