Монголбанк он гарснаас хойш ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээ зогсоосон. Учир нь цаашдаа ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэн өгч байгаа.Ингэхдээ оны эхний улиралд багтаан Засгийн газар тодорхой нэгж байгуулж, ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэн авна гэж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гаргаагүй байгаа. Гэхдээ албан ёсны шийдвэр гараагүй ч он гараад Монголбанк ипотекийн хөтөлбөрт санхүүжилт хийхээ зогсоосон. Тиймээс арилжааны банкууд зөвхөн эргэн төлөлтийн мөнгөөр л ипотекийн зээл олгож байна. Үүнээс шалтгаалаад зээл олголт маш их буурсан, бараг зогссон гэж хэлж болно. Учир нь Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй учраас арилжааны банкууд эргэн төлөлтийн мөнгөөр зээл олгож эхлээд дөрвөн сар болжээ. Энэ хугацаанд ипотекийн зээл авах иргэдийн хүсэлт банкууд дээр овоорч, зээл олголт зогссох хэмжээнд хүрчээ. 2012 оноос хойш Монголбанк ипотекийн хөтөлбөрт 6.9 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргаж, 112.1 өрхийг орон сууцтай болгожээ. Төв банк ипотекийн хөтөлбөрөөс гарахаар санхүүжилтгүй болно гэсэн үг. Харин Засгийн газар цаашдаа энэ хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлэх, ямар газар харьяалуулах шийдвэрээ өдий болтол гаргасангүй. Уг нь ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй, найдвартай зээл. Бэлэн мөнгөөр орон сууц худалдаж авах боломжгүй иргэдэд дэмжлэг болдог ганц төсөл. Гэтэл Засгийн газар өөрөө энэ хөтөлбөрөө зогсоочихлоо. Цаашдаа хэвийн үргэлжлүүлэн олгох ямар ч гарц шийдэл, боломжийг танилцуулалгүй өнөөдрийг хүрч байна. Гэтэл ипотекийн зээл авах иргэдийн оочир дугаарт банкууд дарагдаад байна. Дашрамд дурдахад, манай улс 2013 оноос эхлэн ипотекийн зээл олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зургаан их наяд төгрөгийн зээл олгоод байна. үүний 4.3 их наядыг Монголбанк, 300 орчмыг Засгийн газраас, 400 тэрбумыг арилжааны банкнаас олгожээ.