Open iToim app
Леонардо да Винчи: Харж сураарай, бүх зүйл бусадтай холбогддог гэдгийг ухаар
Соёл, урлаг | 5 мин уншина

Леонардо да Винчи: Харж сураарай, бүх зүйл бусадтай холбогддог гэдгийг ухаар

Монголын уран зургийн галерейд Италийн суут зураач Леонардо Да Винчигийн үзэсгэлэн дэлгэгджээ.
Үзэсгэлэн рүү орвол тэртээх дундад зууны сэргэн мандалтын үе рүү хөл тавин орж буй мэт сэтгэгдэл төрж байлаа. Ороод харвал хамгийн эхэнд Леонардо да Винчи болоод түүний шавь, тухайн үеийн язгууртан, энгийн иргэдийн өмсөж байсан хувцасны үзмэр байв. Энэхүү хувцаснуудыг Леонардо да Винчигийн зурсан бүтээлүүдээс сэдэвлэн бүтээжээ.
Зохион бүтээгч Леонардо да Винчитэй танилц
Леонардо да Винчи нь зураач байгаад зогсохгүй зохион бүтээгч байжээ. Амьд ахуй цагтаа цэрэг, байлдааны техникүүд, тэр дундаа байлдааны гүүр, үхэр буу, алтан гүүр, эргэдэг гүүр, эргэдэг алх, холхивч, татуурга, өөрөө явагч тэрэгч, нисдэг тэрэгний анхны загвар, нисэх төхөөрөмж, дугуй, танк зэрэг бүтээж байсныг дэлгэн тавьсан байна. Түүний зохион бүтээсэн техникүүдээс онцлон хүргэе.
Байлдааны гүүр
Энэ загвар бол дэлхийн анхны тулгуургүй гүүр байсан аж. Ийм гүүр нь асар өндөр даацтай, энгийн, хурдан босгох, хураах боломжтой. Дээрээс нь хүнд зүйл тавих тусам улам бат бөх болдог технологийн гайхалтай нээлт байсныг тайлбарлагч онцолж байлаа.
Алтан гүүр
Энэхүү гүүрний загвар, хийцийг харвал орчин үед бүтээсэн гэмээр. Доогуур нь хөлөг онгоц чөлөөтэй нэвтрэх боломжтой. Хэрэв энэ гүүр тухайн үедээ баригдсан бол хамгийн урт гүүр  болох байсан аж. Харамсалтай нь, түүний төсөөлөл биеллээ олоогүй билээ.
Эргэдэг гүүр
Эргэдэг гүүр нь нэг талаасаа 90 градус эргэснээр дайсны хөлөг онгоц тэр гүүрээр нэвтрэх, дайран өнгөрөхийг зогсоох чадалтай байжээ.
Гүүрүүдээс гадна Леонардо да Винчигийн алдарт бүтээл бол холхивч юм. Холхивч бол нисдэг тэрэгний хамгийн хэрэгтэй эд анги. Холхивч байхгүй байсан бол техникийн хөгжил одоо ямар байх байсныг төсөөлөхийн аргагүй. Одоо бол холхивчийг дугуйнаас эхлээд бүх техникт ашигладаг.
Леонардо да Винчи амьдралынхаа хугацаанд хэрэгжүүлж амжаагүй нэгэн бүтээл бол нисдэг тэрэгний анхны загвар. Энэхүү загвар нь орчин үеийн нисдэг тэрэгний ажиллагааны зарчмыг хамгийн анх бий болгосон байна. Нэг ёсондоо шууд газраас хөндийрөх ажиллагаатай. Орчин үеийн нисдэг тэрэгний санааг энэхүү бүтээлээс эхтэй гэж үздэг байна.
Тэрээр нисдэг тэрэгний анхны загварыг гаргасан шигээ орчин үеийн шиг загварыг гаргаж байжээ. Энэ нь өөрөө явагч тэрэг юм. Тухайн үед томоохон хүлээн авалт, театрын тоглолтын үеэр өөрөө явагч тэргийг ашиглаж байсан.
Дараагийн танилцуулах бүтээл бол шумбагчийн хувцас. Энэ хувцас нь усан доогуурх дайсны онгоцыг сөнөөх зориулалттай. Тухайн үед Леонардо да Винчи худлаа ярьж байна, энэ боломжгүй гэж олон хүн ярьж байсан ч зүгээр ажиллаж байсан аж.
Эдгээр бүтээлүүдийг нь харахад Леонардо да Винчи ганцхан зураач байгаад зогсохгүй техникийн гайхалтай шийдлүүдийг дэвшүүлсэн зохион бүтээгч байсныг илтгэж байна.
undefined
Үзэсгэлэнгийн ерөнхий дизайнер Г.Мөнх-эрдэнэ энэ “Миний хувьд энэхүү үзэсгэлэн гаргахын тулд бүтэн нэг жил судалгаа хийсэн. Леонардо да Винчигийн бүтээсэн тоймгүй олон бүтээлээс зөвхөн онцлох бүтээлийг л гаргаж дэлгэсэн. Түүнийг зохион бүтээгч байсныг илэрхийлэх энэхүү хэсэг нь хот байгуулалт, зэр зэвсэг, техник болон нисдэг төхөөрөмж гэсэн дөрвөн үндсэн бүлэгтэй. Үзэсгэлэнгээ гаргахын тулд хүний нөөц зэргээс эхлүүлээд олон асуудал гарсан ч үзэсгэлэнгээ амжилттай нээсэндээ баяртай байна” гэлээ.
Леонардо да Винчигийн бүтээлүүдээс гадна түүний сэтгэхүй, үзэл бодол гэдэг судалгааны том сэдэв байдаг. Тэрээр урлагийг урлаг гэхээсээ илүү шинжлэх ухаан гэж үздэг байсан. Тэр ч утгаараа шинжлэх ухааны шинжтэй 13 мянган хуудас бүтээл гаргасан. Үзэсгэлэнд эдгээрээс ердөө 18 хуудсыг толилуулжээ.
Тухайлбал, хүний анатоми зургийг анх Хятадад 4000 жилийн тэртээ зурсан байдаг. Уг зураг нь эртний зураг тул нэлээд бүдүүлэг байсан. Харин Леонардо да Винчигийн тэмдэглэлд үлдсэн “Анхны хүүхдүүд” зурагт хүний шөрмөс, судас, ясны бүтэц, булчин зэргийг нарийвчлан харуулжээ. Үүнээс гадна түүний тэмдэглэлд ургийн бүрэлдэж байгаа зураг байдаг. Энэ зургийн эх хувь Италид байдаг бөгөөд үзэсгэлэнд хуулбарыг нь тавьжээ. Мөн амьтан яаж хөдөлдөг, хөдлөхөөрөө яадаг, булчин шөрмөс яаж ажилладаг, сунадаг гэх мэтчилэн нарийвчлан харуулсан зургууд түүний тэмдэглэлд байдаг гэж тайлбарлагч ярилаа.  
undefined
Леонардо да Винчи уран зурагт гурван техник оруулж иржээ  
Түүний алдарт бүтээлүүдийн нэг бол Мона Лиза. Уран зурагт тэрээр гурван техник оруулж иржээ.
Нэгд, алслал. Энэ нь аливаа зүйл алсрах тусам жижгэрч, замхарч, өнгө нь хувирдаг гэх техник.
Хоёрт, байгалийн гэрэл сүүдрийг давхарласан будгаар илэрхийлэх. Байгаль дээр нарийн зураас гэж байхгүй, дандаа гэрэл сүүдэр л гэж байдаг. Тэр гэрэл сүүдрийг бодит мэт харагдуулахын тулд будгуудийг нарийн давхарлана. Будгийг нимгэн давхарлах тусам ард нь байгаа будаг нэвт гэрэлтэж харагдсанаар байгалийн гэрэл, сүүдрийг яг л бодит мэт харагдуулна. Леонардо да Винчигийн бүтээлд гарын хуруу, бийрийн ямар нэгэн ул мөр байдаггүй. Энэ нь тэрээр нь ямар нямбай хүн байсан бэ гэдгийг харуулж байна.
Гуравт, хөрөг зургийг эгц урдаас эсвэл эгц хажуугаас зурдаг байсан. Леонардо да Винчи хөрөг зургууддаа хагас эргэлтүүдийг хийж өгсөн. Нэг ёсондоо дотоод динамик буюу дотоод хөдөлгөөнийг бий болгож уран зураг дахь хөргийг дүрийг илүү амьд болгох техник юм. Мона Лизагийн хөргийг хаанаас нь харсан ч бидэн рүү хараад байдаг нь энэхүү техник билээ.
undefined
Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч Н.Оргилболд энэ талаар “Миний хувьд олон төсөл дээр ажилласан. Тэр дундаас энэ төсөл 100 хувь биеллээ оллоо. Миний хувьд энэ төслийг хэрэгжүүлэхийг арваад жилийн хугацаанд мөрөөдсөн. Сүүлийн хоёр жил зориглоод хичээсний үр дүнд үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулж байна.
Ерөнхийдөө Монголын анхны интерактив буюу тухайн сэдэвт, мөн чанарт бүрэн автуулах цогц хэмжээний үзэсгэлэн гэж тодорхойлж болно. Бид Леонардо да Винчигийн олон мянган бүтээлээс өчүүхэн хэсгийг үзүүлж байгаа. Гэхдээ энэ хэдхэн бүтээлээс Леонарда да Винчи гэх хүнийг олон талаас нээх, тухайн цаг үед очих, түүнийг мэдрэх боломжтой. Леонардо да Винчигийн бүтээлийг эх хувиар нь олж харахын тулд дэлхийг тойрох хэрэг гардаг л даа. Тэр бүхнийг энд, нэг зааланд цуглуулж өгч байгаагаараа манай үзэсгэлэн онцлогтой. Мөн Леонардо да Винчиг зөвхөн Мона Лиза бүтээлээр ойлгохоос илүүтэй түүнээс ч өөр бүтээл байдаг шүү гэдгийг хараасай” гэсэн юм.
Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид “Мөрөөдлөөр жигүүрлэ” гэсэн уриатай ажиллаж байгаа аж. Учир нь уг үзэсгэлэнг үзсэн хүмүүс мөрөөдөх ямар чухал юм бэ, мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлэх нь ямар чухал юм бэ гэдгийг мэдрээсэй гэсэндээ ингэж уриалжээ. Уг үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд тавдугаар сарын 20 хүртэл дэлгэгдэх юм байна. Сурвалжлагаа Леонардо да Винчигийн "Харж сураарай. Бүх зүйл бусадтай холбогддог гэдгийг ухаар" гэсэн үгээр төгсгөе.
undefined
Сурвалжлагыг бэлтгэсэн: Н.Туул
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн