Саяхан бид Марксизм-Ленинизм хэмээх харийн онолыг эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа гэж андуурч “Хоймор залахад хийморь болж айл гэр тэтгэх Ленин багш минь” гэж хөгшин залуугүй дуулж байсныг бид мартмаагүй баймаар. Бас сүүлийн үед Монголын 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч нь мөн л хамжлагт нийгэмдээ байгаа харийн төвөд орноос залан ирсэн Богд Жавдандамба хутагт болж хувирсан нь гадаадын үзэл сурталд итгэсэн хэвээрээ, шинэ цагийн манжууд олноор буй болж байна уу гэсэн бодлыг эрхгүй төрүүлж байна.
Манжийн дарлал хэрхэн хэрэгжсэн тухай нэрт эрдэмтэн Хөдөлмөрийн баатар, Академич Ш.Бираа гуай “Нэг зүйлийг ний нуугүй, би одоо өвгөрсөн хүн залуу улсууд мэдэг гэж хэлье. Шашин улс төртэй холбоотой болохоор их аюултай юманд хүргэдэг. Манжийн хаан ухаантай, 5 дугаар Далай ламыг Мүгдэнд урьж шарын шашныг Монголд дэлгэрүүлэх бодлого эхэлсэн. Өнөө дайнч байлдаанч их сүсэг бишрэлгүй, Чингэсийн цэргүүдийн удмын монголчуудын эрэгтэйчүүд шарын шашинд толгой дараалан оруулаад хорхой шавьж алж болохгүй, амь тасалж болохгүй нэг талаар их хүмүүнлэг маягийн, нөгөө талаар монголчуудыг ямар ч эсэргүүцэл тэмцэлд оролцох бололцоогүй болгоод. Лам хүн эхнэр хүүхэд, гэр бүл болж болохгүй. Тэгээд монгол хүний тоо эрс цөөрөөд. Гаднаас орж ирсэн юм бүгдийг шүүмжлэнгүй хандах хэрэгтэй. Шарын шашныг Монголд манжчууд дэлгэрүүлсэн. Түүхийг яривал, Надад нүгэл битгий болоосой” гэж монгол туургатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан баримтаар шарын шашныг Монголд хаанаас, хэн ямар зорилготой (youtube.com/watch?v=bA5EuPA6klg&ab_channel=Монгол тулгатан) дэлгэрүүлсэн болон Богд Жавзандамба хутагт ч ямар зорилготой ирсэн, хэн болох нь тодорхойлсон байдаг. Коммунизмын 70 жилд гаргасан алдаагаа бид мартаж, монгол орон манжийн дарлалд орж 300 жил болоход гол үүрэг гүйцэтгэсэн шашныг “цагаан хэрэмний наагуур татсан шар хэрэм” гэж хүртэл “монголын тусгаар тогтнолын хэрэм” мэт магтан дуулж радио телевиз, сошиалаар сурталчилж байгаа нь монголын залуу үеийн маань ирээдүйн эх орны сэргэн мандуулах үйл хэрэгт хэр зохимжтой юм боллоо. Энд Монгол Улсын бүх ард иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг буруутгах гэсэн санаа агуулаагүй болно.
Өөр нэг Манжийн хаан монголчуудыг эрхэндээ оруулахын тулд шашин ашигласнаас гадна элдэв отго жинс бүхий цол хэргэм олгох, өндөр цалин пүнлүү амлах, бүр онцгой гэрлэх нөхцлийг манжийн төрөөс монголчуудад олгодог байсан тухай мэдээ байдаг.
Манж нар 1644 онд Бээжинг эзэлж улмаар бүх Хятадыг захирах болсноор манж, монгол, хан хятад болон Хятадад хамаарч байсан олон үндэстнийг нийлүүлсэн их Манж Чин гүрэн бий болсон. Олон үндэстний энэ улсад манж ба монгол гэсэн хоёр үндэстэн онцгой эрх эдэлж байв. Газар нутаг нь Хятадаас тусгаарлагдсан онцгой бүс, хүн ам нь татвараас гадуур төдийгүй хэргэм зэрэгтнүүд нь пүнлүү хэмээх сул цалин хүртдэг, төрийн ажилтнууд нь өндөр цалинтай, хариуцлага багатай. Цол хэргэм, албан тушаалын дээд эгнээнд зөвхөн энэ хоёр үндэстэн дэвших эрхтэй. Хоорондоо гэрлэхийг төрөөс дэмжин цол хэргэм олгож пүнлүүгээр тэтгэх мөртөө аль алиныг нь өөр үндэстэнтэй холилдохыг хуулиар хориглосон байжээ гэж нийтэлч Б.Баабар “Манжийн дарлал гэгчийн тухай” гэсэн нийтлэлдээ бичжээ.
Ялангуяа монгол язгуур овгоос хатан авах нь манжуудын хувьд нэр төрийн хэрэг байсан гэвэл итгэх үү. Яагаад гэвэл агуу их Монгол Улсын сүр хүч, мэдээж Чингис хаан, монголын төр сэргэн хэзээ нэгэн цагт мандана гэдгээс эмээж “ирээдүйд ирэх аюулаас” хамгаалах хэрэгсэл болгож ашиглах зорилготой байсны илэрхийлэл байсан биз.
Мөн дайн байлдаанд сайн монголчууд Манжийн хааныг аюулд орвол цэрэг цуухаар тусалж байх үүрэг өөртөө оногдуулсан байжээ. Манжууд улсаа хамгаалахын тулд “монголчуудад хөнгөлөлт эдлүүлсэн онцгой эрхээ” сүүлийн он жилүүдэд цуцалж монголоос цэрэг цуух, адуу мал, хонь хүнс гээд дааж давашгүй татвар татах болов. Англичууд ембүү буюу металь мөнгийг зөөсөөр байгаад Манж Чин гүрний мөнгө-санхүүгийн системийг эвдсэн гэлтэй. Дээрх учир шалтгааны улмаас “шилийн сайн эрчүүд”-ийн хөдөлгөөн үүсэх шалтгаан болжээ гэж судлаач Д.Ганхуяг “Манжид эзлэгдэхээсээ өмнө бид ямар байсныг ярих жигтэйхэн дургүй” нийтлэлдээ бичсэн нь бодит үнэнд ойртсон судалгаа гэж үзэж болохоор байна.
Харин нь яагаад 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүстэл манжийн дарлалд өнгөрүүлсэн 300 жилийн туршид монголчуудын дайчин, тэмцэгч, монгол орноо сэргээн дахин мандуулах хүсэл эрмэлзлэлийг сэтгэл зүрхэндээ хадгалж “Шилийн сайн эрс” нэртэй тэмцэж ирсэн, Монгол эх орон гэж байсныг үргэлж нь монголчуудад сануулж ирсэн хүмүүсийн түүхийг ярьдаггүй, сурталчилдаггүй, яривал “хулгайч”-ийг магтлаа гэж шоолж баалдаг юм бол оо.
Манай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Шилийн сайн эр” Торойбанди болон Засагт хааны цахиур Төмөр нарын дурсгалд зориулсан хөшөө дурсгал босгосон тухай мэдээг эсэргүүцэн шүүмжлэх маягтай “хулгайч” нарт зориулж хөрөнгө мөнгө зарж хөшөө босгоод гэсэн маягтай нийтлэл гарсныг уншаад залуу манжууд монголчууд бидний дунд өсөн өндийж байгаа юм биш биз гэсэн бодол төрсөн юм.
Иймээс түүхээ сөхөж “шилийн сайн эр” Торойбанди болон цахиур Төмөр нар гэж хэн байв, тэд хэний хөрөнгөнөөс хулгай хийж, хэнийг дээрэмдэж, хэн гэдэг хүнд өгч байсан вэ гэдэг асуултанд хариу хайж олсон баримт, судлаач эрдэмтдийн хийсэн дүгнэлтийг жишээ татаж баримтжуулан энд бичлээ.
1944 онд нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай Үнэн сонины 217-д бичсэн "Торой банди" хэмээх өгүүлэлдээ "Торой банди бол сайн эр, муу хулгайч хэмээх хоёр нэртэй явсан хүн. Ардууд түүнийг сайн эр гэж магтдаг. Ноёд, хятадын зальхай худалдаачин түүнийг муу хулгайч гэж занадаг байсан... Торой банди бол тэмцэлт хүн” хэмээн бичсэн байна. Түүний “сайн эр, тэмцэгч хүн” гэсэн хоёр өгүүлбэрийн гол санаа нь Торой банди бол эх оронч, үндэсний үзэлтэн, манжийн дарангуйллыг эсэргүүцэгч байсан гэсэн санаа агуулагдаж байна гэж дүгнэж болохоор байгаа юм.
1963 онд академич Ш.Нацагдорж бичсэн манжийн дарлалын эсрэг монголчуудын тэмцлийн тухай “Манжийн эрхшээлд байсан үеийн Халхын хураангуй түүх(1691-1911 он) номдоо “Түүний бие хятадын худалдаачдыг дээрэмдэн олсон олзыг ядуу ардад түгээн өгдөг байжээ. Энэ нь Английн тариачин сайн эр Робин Гудын явдалтай адилавтар юм” гэжээ. Энд бичсэн “олзыг ядуу ардад түгээн өгдөг” гэсэн нь Торой банди ядуу ардуудын сайн сайхны төлөө манжуудтай тэмцэл хийдэг байсныг баталсан түүхэн баримт болох биз ээ.
Социализмын үзэл суртал ид хүчтэй байсан 1983 онд судлаач эрдэмтэн М.Зэнээ бичсэн Дорно дахины судлалын асуудал номын “Ардын домог түүхийг өгүүлнэ” бүлэгт “Манжийн төрийн колончилох бодлогыг эсэргүүцсэн монголын ард түмний тэмцлийн өөр нэг сонин хэлбэр нь сайн эрсийн тэмцэл байв. Сайн эрс гэдэг бол зөвхөн хулгай хийдэг хүмүүс байсан мэтээр ойлгох явдал нилээд байдаг бөгөөд энэ нь ташаа зүйл гэдгийг юуны өмнө тэмдэглэмээр байна. Тэд нийгмийн хүнд хэцүү дарлалаас болж нүүдэлчин ард түмний онцлогч тохирсон ангийн тэмцлийн өвөрмөгц нэгэн хэлбэрийг сонгосон хүмүүс байсны зэрэгцээ, харийн дарлалын эсрэг шийдвэртэй тэмцэгч хувь хүмүүс байжээ. Манжийн дарлалын үед ийнхүү сайн эрс гэдэг нэрээр Монголчууд тэмцлээ явуулж байсан” гэж бичиж сайн эрс нь үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч үндсэрхэг үзэлтэй хүмүүс байсан үндэслэлийг гаргаж ирсэн анхны зоримог дүгнэлтйг хийсэн байдаг юм билээ.
Мөн нийтлэлд Торой бандийг онцлон дурдаж “Манж, хятадын колончлогчдын мөлжлөгийг зоригтой эсэргүүцэж байсан сайн эрсийн тоонд нийт монгол даяар нэр алдар нь цууриатсан Дорнод монголын Дарьгангын хошууны Торой банди зүй ёсоор ордог. Торой банди сайн эр, муу хулгайч гэсэн хоёр цолтой бөгөөд сайн эр гэдэг нь ард түмэн өгсөн цол, муу хулгай гэдэг нь дотоод гадаадын эзэрхэгчдийн оноосон цол байв. Торой банди баяд ноёдын мал адуунаас хөөж, хятадын зальхай худалдаачдын эд хөрөнгийг булаан авч ядуу ардад түгээн өгөх зэргээр тэмцлээ явуулж байв. Торой банди энэ бүхнийг хийхдээ зөвхөн амин хувийн эрх ашгийн төлөө биш, үгээгүй ардын амь зуулгыг хангах, тэдний тусын тулд халуун амь, бүлээн цусыг үл хайрлан зүтгэж явсан юм” гэж түүний ядуу ард нийтийн төлөө тэмцэгч байсныг тодруулж эрдэмтэн бичжээ.
Доктор Хэрээд Л.Жамсран гуай Дарьганга(1999 он) номондоо бичихдээ “Дарьгангад сайн эрсийн тэмцэл гарч хятад худалдаачид ба ноёдын мал хөрөнгийг хүчээр авч ядуучуудад тарааж тусалдаг учраас ард түмэн тэднийг “сайн эр”, хятад худалдаачид, ноёд, баячууд “муу хулгайч” гэдэг. Дарьгангын тийм сайн эрсийн нэг нь Ар, Өвөр Монгол дахинд “Торойбанди” хэмээн алдаршсан Нанзад(1824-1904) юм гэж бичиж үлдээжээ.
Эдгээр эрдэмтэн мэргэд хийсэн судалгаандаа үндэслэн Торой банди Нанзаддоржийг ядуу ардын төлөө тэмцэгч, эх оронч, үндсэрхэг үзэлтэн байсныг битүүхэндээ баримтаар нотлосон боловч социалист нийгмийн үед Марксизм-Ленинизмээс өөр үзэл суртлыг ярих, сурталчлах хориотой байснаас эмээж ил тод хэлж чадаагүй бөөрөнхийлсөн дүгнэлт гаргасан гэж үзэж болох мэт санагдана.
Зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын 2011 онд бичсэн “Ар халхын шилийн сайн эрчүүд” номондоо Торой бандийн тухай нилээд дэлгэрэнгүй бичиж “Торой банди урьд ч, одоо ч, ирээдүйд ч гадаад дотооддоо үүрд мөнх дурсагдаж ирсэн, цаашдаа ч дурсагдах алдартай хүн юм. Гэвч одоогоос 200 шахам жилийн өмнө Торой банди нь тухайн нийгмийнхээ хаад, ноёдод нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах аятай адлуулж, төрийн бөөс, шилийн дээрэмчин, засрашгүй хулгайч гэх мэтээр цоллуулж явсан хүн. Харин түүнийг өнөөгийн өндөрлөгөөс харахад аргагүй л “Ардын баатар” мэтээр төсөөлөгдөнө гэж бичжээ. Гэхдээ ухвар мөчид нэгэн одооны “малын хулгайч” гэж дүгнэж болох юм. Радио телевизээр нэг хууль ч “Чингэс хаан насанд хүрээгүй байхдаа төрсөн дүүгээ харваж алсан, Торой банди гэхэд насаараа мал хулгайлсан. Эд нарын хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь хэдэн арван жилээр биш, хэд хэдэн зуунаар яригдаж байгаа” гэж ярьж суугааг харсан гэжээ. Зарим нэгэн түүхийг яллах гээд байна уу, эсхүл эдгээр алдартныг уу гэсэн асуулт урган гарч байна.

Нэрт зохиолч, яруу найрагч, Чингисийн одонт Г.Мэнд-Оёо гуай 2015 онд Торой банди Нанзадын амьдралыг өгүүлсэн “Шилийн богд” хэмээх роман бичиж олон түмний хүртээл болгосон нь тун сайн хэрэг. Энэ уран зохиолын романд Данзан гэдэг айлын амьдрал Бударын чулууны дундах бяцхан сүм Өвгөн хурал хэмээхийн дэргэд өрнөдөг. Тэдний том хүү нь Сайнбуян, дүү нь Нанзад гэж гардаг бөгөөд номын гол үйл явдал Нанзад(Торой банди)-ын амьдрал үйл явдлаар бичигдсэн байдаг билээ.
Сайн эрсийн тухай үлгэр домог, шүлэг дуунаас гадна газар нутаг, уул усаа сайн эрсийн нэрээр нэрлэсэн нь тэднийг алдаршуулсан мэт боловч далдуур цаагуураа тэдний үйл хэргийг зоригжуулж зөвхөн Дарьганга нутагт бус Халх дөрвөн аймаг, шавь таван хошуу, Баруун монгол хаа сайгүй монгол орны газар болгонд эх орончид байсаар байгаа, монголчууд бид үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх цаг ирнэ гэдгийг олон түмэнд тасралтгүй өдөр болгон сануулах зорилго агуулсан байжээ гэсэн гаргалгааг хийж болохоор байна. Ёстой л Монголчууд хэзээ нэгэн цагт дахин сэргэж манжийн дарлалаас гарч тусгаар тогтносон улсаа мандуулна шүү гэсэн “төрийн хар хайрцагны бодлого” шилийн сайн эрс нэрийн дор явагдаж байсан юм билээ.
Их зохиолч Д.Нацагдорж алдарт “Миний нутаг” шүлгэндээ
“Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай” гэж шүлэглэж угтаа эртнээс монгол түмэн эрт дээр үеэс “сайн эрсээрээ” бахархаж байсныг харуулдаг. Шилийн сайн эрсийн нэртэй холбоотой олон газар бий. Үүнд:
Архангай аймгийн төвөөс урагш 25 километрт урь Тамирын голын хоёр салааны дундах Бумбат уулын тагтыг нутгийн хүмүүс “Сайн эрсийн уяа” гэж нэрлэдэг. Мөн Чулуут, Өндөр-Улаан сумдын заагт хэдэн азарга адуу хашчихмаар хавцалтай бас “Сайн эрсийн отог” нэртэй эгц өндөр уулын хавцал бий. Эдгээр газар нутаг нь Халхын сайн эрчүүдийн болзоот газар байсан бөгөөд агт морьд, азаргаар адуугаа солилцдог бааз нь болж байсан тухай домгийг нутгийн хүмүүс ярьдаг.
Өвөрхангай аймгийн Хужирт суманд “сайн эрийн цохио” буюу “соруулт цохио” гэж бий. Нутгийн сайн эр хаш соруулт гансаа энэ хадны ангалд унгаснаар үүдэн ийн нэрлэдэг болсон гэсэн домогтой аж.
Одоогийн Төв аймгийн нутагт Шижир хэмээх сайн эр хятад худалдаачдыг Их хүрээний ойролцоох даваанд отож эд юмсыг дээрэмдэж ардуудад тарааж өгдөг байж. Тиймээс Улаанбаатар хотын баруун хойтох давааг “Шижирийн даваа” гэж өнөөг хүртэл нэрлэж заншсан түүхтэй.
Дорнод аймгийн Матад сумын нутагт байх “Хундар” хэмээх уулыг нутгийнхан “Сайн эрсийн уул” гэж нэрлэсээр иржээ. Энэ тухай нэрт гүүш Г.Аким гуай “Манай нутгийн Хундар уул бол Хатагины сайн эрс хол явж, адуу хөөж чадахгүй болохдоо уургаа өргөдөг гол уул юм” гэж бичсэн бий.
Дундговь аймгийн Их газрын чулуун дунд “Торой бандийн хорио” гэж газар бий бөгөөд сайн эрчүүд адуугаа оруулчихаад найр наадам хэсээд явдаг байсан тухай нутгийн хүмүүс домог ярьдаг. Мөн “Сэнжит” хадыг Дарьгангын Торойбанди морио уядаг байсан тухай домог бий.
Говь-Алтай аймгийн нутагт “хангай” Жигж сайн эр алс хол явахдаа энэ овоон дээр хэдэн сайхан морьтой ирж тайллага үйлддэг, уйлж хайлаад, дуулж хуурдаад, нутгийн ардууд алсаас дурандаж хараад “за манай хангай Жигж хангай руугаа явах нь дээ” гэдэг. Энэ түүхийг зурхайч, Шинжлэх ухааны гавъяат ажилтан, доктор Л.Тэрбиш гуай өгүүлжээ.
Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт хошууны сайн эр “заан” Цэмбэл нь Хантайширын өвөрт “Цэмбэлийн битүү” хэмээх агуйд олон жил амьдарсан домог бий.
Увс аймгийн Цагаан хайрхан сумын нутагт “Мөндөөхэй” гэдэг агуй байдаг бөгөөд энд Хятадын шоронгоос оргосон дуулиант эр “Гайхал” Жамъян орогнож байсан домог бий.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “нуур хатавч” хэмээх нутагт шилийн сайн эр “хулгар” Зундуйн агуй байдаг бөгөөд гурван хошууны ардыг тэжээчих эрдэнэс хураалттай байсан тухай домогтой.
Говьсүмбэр аймаг буюу эртний Боржигон цэцэн вангийн хошуунд Харын Молор гэдэг сайн эр байжээ. Түүний оргонож байсан “харын агуй” гэх бөгөөд энэ нь түүний эцэг сайн эр Хараас уламжлагдан ирсэн гэсэн домогтой.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Засагт ханы сайн эрийн нэрээр нэрлэгдсэн “Шижигтийн хавцал” гэж байдаг аж. Их усны чимээнээс сүрдсэн манж цэргүүд хавцалд ойртдоггүй байсан гэсэн домогтой аж.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжлийн голыг өгсөөд “Тойн толгой” гэж байдаг бөгөөд эрт цагт Далай чойнхор вангийн шилийн эр “харц” Тойн гэдэг хүн манжийн хааны төмөр сүрэгт халдаад асга хадны хясаан дээрээс түлхүүлжээ.
Сэлэнгэ аймагт “Минжин хангай” романы баатар шилийн сайн эр “улаан” Дамжаа хэд хэдэн агуйтай байжээ.
Булган хангайн сайн эр “зэрлэг” Цамба Хантайн нурууны ар талын “Моёдой” уулын баруун суганд агуйтай байжээ. Цамбын “гозгор” нэртэй жижиг байц хад одоо ч байдаг.
Завхан аймгийн Түдэвтэй суманд Засагт ханы шилийн сайн эрчүүдтэй холбоотой “эрх шарын хөндий”, “шувуун цагаан”, “асганы гацаа”, “Гиваапилын овоо”, “хараат”, “мөнгөтэй уул”, “Цагаанхүүгийн орон” гэх уул нуруу, агуй хонгил олон байдаг ажээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд монгол хүний “эрийн хийморь сэргээдэг” Шилийн богд, Торойбандий ул мөрийг хадгалсан “Торойн жим” бүхий Алтан-Овоо, сайн эрсийн ундааны ундарга ус бүхий Талын агуй, хөөсөн адуугаа хашаалдаг Агтана хүрээ гээд, Торойбандийн төрсөн нутаг Бударын чулуу, Торойн шанд, засаг ханы “цахиур” Төмөрийн хоноглодог “Хар говь” гээд шилийн сайн эрсийн нэртэй холбоотой газар нутгууд олон бий.
Дээрх жишээнүүд бол монгол орон даяар манжийн дарлалын эсрэг, ганцаарчилсан хэлбэрээр буюу “шилийн сайн эрс” нэрийн дор нэгдэж тэмцлээ тасралтгүй олон жил үргэлжлүүлж байсныг илэрхийлж байна гэж хэлэх үндэстэй.
Ингэж олон түмэн нутаг орныхоо уул овоо, агуй хайц хад газар нутгаа сайн эрсийнхээ нэрээр нэрлэж, өнө удаан жил дуудаж, тэдний тэмцлийн үйл хэргийг үеийн үед мөнхжүүлж, манжийн эсрэг ирээдүйн тэмцэлд уриалан дуудаж ирсэн түүх болохыг илтгэнэ.
Халхын Заябандид Лувсанпэрэнлэй “сайн эрс”-ийг цуглуулан хуарагнуулж хооллож ундлан ажил даалгадаг байжээ. Манж, хятад руу урсаж буй үнэт эрдэнэс, адуу малыг Монголын хилийг давахаас нь өмнө нууцаар буцаан авчруулдаг байжээ. Заябандид тэднийг “Төрийн сайн эрс” хэмээн нэрлэж, тэдний хүчээр монголын баялгийг хэсэг зуур ч гэсэн хамгаалж чаддаг байсан (http://mongolcom.mn/read/13436) түүхтэй гэжээ. Заябандид 1640 онд Тарвагатайд болсон Халх ойрадын 44 ноёдын Их чуулганд оролцож тэндээс гаргасан “Их цааз “-ыг түгээн дэлгэрүүлэх, сахин хэрэгжүүлэхийн төлөөнөө Ойрад , Халх, Халимагийн нутгаар явж байхдаа хошуу ноёдод сануулж, манж чин улсын эсрэг эвлэлдэн нэгдэхийг уриалж явжээ гэж бичснээс харахд манжийн эсрэг энгийн ардуудын нэгэн адил монголын зарим ноёд тэмцсээр иржээ гэж хэлж болох байхаа. Торой бандийн тухай Дарьганга нутгаар аялж байсан Унгарын Монголч эрдэмтэн Ш.Иштван (http://etoim.mn/p?id=23953) “Архангайн Зая бандидын хүрээний нутаг дахь сайн эрсийн ууланд 250 орчим шилийн сайн эрс цугларч Торой бандид дээд шагнал олгох, зангиа зүүж өгөх монгол төрийн нууц даалгавраар Зая бандид гэгээн өөрийн биеэр заларч хүндэтгэл үзүүлсэн баримт байна” гэсэн нь Монголчууд “шилийн сайн эрс”-ийн тэмцлийг ил далд дэмжиж байсны гэрч болох байхаа. Сайн эрийг дагаж суралцаж сайн эрийн цол чимэг хүртэх, ядарсан хүнд тус хүргэх, олсон олзоо ядуу ардад түгээж өгөх ёс үйлчилж байжээ. Энэ цуглаанаас Торойбанди гэсэн нэрийг сайн эрчүүд дундаасаа өөрсдөө өгсөн гэсэн нь Өвөрмонголын Ц.Бавуудорж судлаачийн саналтай адилхан гэж хэлэх байна. Торой банди Нанзаддорж /1834-1904/ нь 1860-аад оны үед Цахар найман хошуунд төдийгүй ар Халхад ихэд нэрд гарсан шилийн сайн эр байжээ. Нанзадын уг гарал нь Цахар хүн гэжээ. Тэрээр 1830 онд одоогийн “Бударын чулуу" хэмээх газар төржээ гэж сурвалжид бичсэн байдаг юм билээ.
1791 онд Халх журам хуулинд “суурин иргэд Манж, Хятад худалдаачдын бие, хөрөнгөнд халдсан этгээдийн гарыг мухарлах, цөлөх, есөн эрүү тулгах, цаазын ял оноох” тухай заалтууд оруулжээ. Харин Торой банди энэ хуулийн ялаас ер айгаагүй, сайн эрийн замыг сонгосон бололтой байдаг. Торой банди баяд ноёдын адууны сүргээс авсан адуугаа үгээгүй ядуу хүмүүс тарааж явахдаа адуугаа таниад ирсэн эзэнд нь “Торой бандиас авсан” гэж хэлж байгаарай гэдэг байж. Хэрэв адууны эзэн баяд ноёд адуугаа аваад буцсан байвал түүний адуунаас шилж байгаад дахиад хөөдөг заншилтай байжээ. Иймд алдсан адуу морьдоо таньсан баяд, ноёд “Торой банди өгсөн” гэж сонсвол буцааж авдаггүй байжээ.
Нэрт зохиолч Ч.Лодойдамба гуайн Тунгалаг тамир романд гардгаар бол Засагт хааны цахиур Төмөр баячуудаас хулгайлсан адуугаа хөөж Засаг хааныханд хүртэл тараадаг. Одооны Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг шүү дээ. Цахиур Төмөрийн халхын шилийн сайн эрс болохын тулд “Шилийн богд” гэдэг намхан бор толгойд гарч тангараг өргөдөг тухай Хонгорт хуучлан ярьдаг даа.
Хонгор зүүдэлж Шилийн богд дээр гарч тангараг өргөдөг. Тангарагтаа “Эрийн хийморь сэргэсэн Шилийн богд сонсож бай, Ид хаваа гайхуулсан Халхын сайн эрс дуулаж бай, Холын холоос хэлэх Хонгорын үгийг сонсож бай, Торой банди, тогос Чүлтэм, ганган Төгс, гархи Намжил, харцага Бор, хүрэл Дампил, цахиур Төмөр, царцаа Гомбо, Хаяагаа хадрахгүй, Харснаа авахгүй, Сайн нөхрөөсөө урвахгүй, Сариг ингэ авахгүй, Эрийн сайнаар ноёдыг дийлж, Морины сайнаар талыг туулна” гэж сайн эрийн тангараг өргөж байдаг даа.
Шилийн сайн эрчүүдийн тангарагны “Хаяагаа хадрахгүй, Харснаа авахгүй, Сайн нөхрөөсөө урвахгүй, эрийн сайнаар хоёдыг дийлж” тухай өгүүлэмжид олон зүйлийн утга санааг багтаасан байдаг. Өнөөгийн хуулийн шударга ёс, хууль сахих тухай зарчимтай дүйцэх бөгөөд одоо ч нийгэмд утга учиртай хэвээрээ байгаа ойлголт. Тангаргийн үгийн энэ өгүүлбэрийн утга нь Монголчуудынхаа ард ирэдийн эд хөрөнгө, адуу малыг хулгайлан дээрэмдэхгүй гэсэн гүн гүнзгий ойлголтыг, “Сайн нөхрөөсөө урвахгүй” гэсэн нь эх орныхоо төлөө хийж байгаа үлдэл гэдгийг илэрхийлсэн байна гэж хэлж болох юм. Дарьгангачуудын дунд одоо ч яригдаж байдаг, Торой банди болон шилийн сайн эрсийн тэмцлийн агуулгыг илэрхийлж “манжийн хааны сиймхий хадаг, сэтэрхий тэвнийг ч үлдээхгүй” гэсэн тангаргийн үг байдаг тухай нутгийн хүмүүс ярьдаг юм билээ.
Манай улсын тусгаар тогтнолын түүхийн судлаач эрдэмтэн, мэргэд, олон түмэн манжийн дарлалд байсан 300 жилийн хугацаанд “тусгаар Монгол улс байсан шүү, дахин сэргэн мандах өдөр ирнэ ёстой шүү” гэж 1911 он хүртэл үргэлж монголчуудад сануулж ирсэн “Шилийн сайн эр” нэртэй Торой банди нарын үндсэрхэг үзэлтнүүдийн түүхийг судалж, хөшөө дурсгалыг босгож ард иргэддээ танилцуулах сайн цаг удахгүй ирэхийг хүлээх л үлдэж байна.
Нийтлэлийг бичсэн: Ардын их хурлын депутат Доржийн Моондой,