НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онд хэрэгжүүлж, үр дүнгээ /2023.03.28/ танилцууллаа.
Дэлхий даяар жилд 7 сая хүн агаарын бохирдлоос шалтгаалж нас бардаг байна. Агаарын бохирдолд эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү өртдөг. Монгол Улсад хүйтний улиралд хот, суурин газрууд агаарын бохирдол иртэй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал болж байна. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд олон төрлөөр сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд үүнд ургийн амьгүй төрөлт, дутуу төрөлт, бага жинтэй төрөлт, уушгины хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин, уушгины үйл ажиллагааны хүчин чадал, функц муудах, тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Хүйтний улиралд агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуух байдаг. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, гэр хороололд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж, халаалтаа цахилгаанаар шийдэх боломжийг нэмэгдүүлэх, халаалтын уурын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг тодорхой шат дараалалтай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын хэмжээ 40 хүртэл хувиар буурсан хэдий ч хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэнээр агаарын бохирдлын асуудал тулгамдсан хэвээр байна.

НҮБ-ын агаарын бохирдол, байгаль орчны хөтөлбөрийн менежер С.Алтанцэцэг: Нийслэл хотын хувьд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан. Ялангуяа PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 40 хувь буурсан боловч хүхэрлэг хий нэмэгдсэн. Энэ нь тодорхой хэмжээгээр сайжруулсан түлштэй холбоотой. Бид агаарын бохирдлын тухай ярихаар дандаа л гэр хорооллоос боллоо, нүүрс хэрэглэснээс боллоо гэж ярьдаг. Гэхдээ авто зам тоос ихтэй байдаг учир жилийн дөрвөн улиралд агаарын бохирдолтой байдаг гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас судалж гаргаж ирсэн. Ингэхдээ намрын эхэн сар буюу есдүгээр сар болон арванхоёрдугаар сард PM2.5 тоосонцор ямар байгаа, Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр хаана байна вэ гэдгийг дөрвөн цэгээс дээж авч судалгаа хийхэд бүх цэгт агаарын бохирдол маш их байсан. Бид гадна болон дотор орчны агаарын чанарыг судалсан. Гадна гэлтгүй дотор орчинд ч гал түлж, барилгын материалаас ч агаар бохирдуулагч дэгдэмхий органик бодис ялгарч байгаа. Энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлж байна. Энэ чиглэлд бид зургаан цэцэрлэгийн агаар сэлгэлтийн системийг бүрэн сольсон. Мөн эрүүл мэндийн гурван байгууллагын агаар сэлгэлтийн системийг суурилуулсан. 2019 онд цэцэрлэг болон эрүүл мэндийн 33 барилгад үнэлгээ хийхэд агаар сэлгэх систем 33 барилгаас 7 барилга л агаар сэлгэх систем ажиллуулсан байсан. Ажиллаж байгаа хэд нь дутуу ажиллаж байсан. Энэ нь хүүхэд дотор орчинд буюу сургууль, цэцэрлэгтээ ч цэвэр агаартай орчинд байж чадахгүй байна гэсэг үг. Үүнээс болж хүүхдэд ядарч, нойрмоглож, уйлагнаж байгаа юм. Энэ нь тухайн орчноосоо амьсгалын замын өвчин авах, ханиад томуу тусах шалтгаан болоод байгаа юм. Үүний үндсэн дээр агаар сэлгэхтэй холбоотойгоор барилгын нормд өөрчлөлт оруулсан.

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ: НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн алба нь агаар, ус хөрсний бохирдлын чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Орчны эрүүл мэндийн алба нь НҮБ-ийн хүүхдийн хөгжлийн сан болон Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр хэд хэдэн судалгаа, төсөлт ажлуудыг хэрэгжүүлсэн. Үүний нэг нь орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог Монгол Улсад хамгийн анх бий болгож, үүнтэй холбоотой тандалтыг бэхжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй хийж гүйцэтгэсэн. Үүнд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн ус хөрс, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийн талаарх тойм мэдээлэл, тандалтын тогтолцооны номуудыг гаргаж шийдвэр гарагчдад өгч байгаа.
Бид астма буюу багтраа өвчний судалгааг хийсэн. Агаарын бохирдол астма өвчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалсан. Сүүлийн арван жилийн дата мэдээлэлд судалж гаргасан. Гол үр дүн нь агаарын чанарыг сайжруулахгүй бол 2027 оноос шинээр оношлогдох астма өвчин эрс нэмэгдэнэ гэж гарсан. Энэ үр дүнг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүлээлгэж өгсөн. Агаарыг бохирдуулагч түгээмэл хүчин зүйл буюу азотын давхар эслийн агууламжийг бууруулж чадах юм бол шинээр гарах астма өвчлөлийг бууруулах боломжтой. Азотын давхар исэл нь замын хөдөлгөөнд оролцож буй автомашинаас ялгардаг. Агаарыг түгээмэл бохирдуулагчийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас хэмждэг. Хэмжээд гарсан дата мэдээлэлд үндэслэн эрүүл мэндийн салбарынхан судалгааг хийдэг. Агаарын бохирдол нь астма болон зүрх судасны өвчлөл, тархины цус харвалт зэрэг өвчинд нөлөөлж байна гэдгийг судлаачид гаргасан. Жишээ нь, астма нь хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоос тоосонцрын агууламж өндөр байхад гурав хоногийн дараагаас астма болон амьсгалын замын өвчлөл ихэсч, түүнтэй холбоотой эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо эрс нэмэгддэг.
Агаарыг чанарын асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. НЭМҮТ-өөс сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоод орчны агаарын чанарыг тандах судалгааны ажлыг хийсэн. Судалгаагаар Монгол Улсын дотоод орчны агаарын чанарын стандарт болон ДЭМБ-ын стандартаас давдаг, нүүрс түлж байгаа цагт гадаад болон дотоод орчин хоёул бохирдоно гэсэн үр дүн гарсан гэлээ.