Open iToim app
Парламент | 3 мин уншина

Сонгуулийн холимог тогтолцооны сул тал

Сонгуулийн холимог тогтолцооны сул тал
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 27
УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалж байгаа юм. Ажлын хэсэгт парламентад суудалтай гурван нам буюу МАН, АН, ХҮН багтжээ. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлэн болгосон бөгөөд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газраас санал ирсний дараа УИХ-д өргөн барих аж.
Намууд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө сонгуулийн холимог тогтолцоог оруулж ирнэ гэж сүүлийн хоёр жил ярьж байна. Холимог тогтолцоог оруулж ирснээр сонгогчдын санал гээгдэхгүй, олон намын төлөөлөл парламентад суух боломжтой гэж тайлбарладаг. Үнэндээ, санал гээгддэггүй сонгуулийн тогтолцоо гэж үгүй, холимог тогтолцоо ч сонгогчдын санал гээнэ. Харин бусад хувилбаруудтай харьцуулахад хамгийн боломжит хувилбар нь холимог тогтолцоо байж мэдэх юм.
Холимог тогтолцоо гэдэг нь мажоритар болон хувь тэнцүүлэх тогтолцооны нэгдэл. Улс төр судлаачид холимог тогтолцоог дээрх хоёр тогтолцооны эерэг шинжийг агуулдаг хэмээн тодорхойлдог. Холимог тогтолцоогоор сонгууль хийхдээ парламент дахь суудлын тодорхой хувийг мажоратори тогтолцоогоор сонгоно. Үлдсэн хувийг хувь тэнцүүлэх тогтолцоо буюу тухайн намын авсан саналыг хувьд шилжүүлэн парламентад суулгах. Тэгвэл намуудын тэгтлээ их хүсээд буй холимог тогтолцооны сул тал нь юу вэ. Сул талгүй сонгуулийн тогтолцоо гэж байхгүй бөгөөд холимог тогтолцооны сул тал нь намын жагсаалт. Өөрөөр "тооноор оруулах" ч гэж ярьдаг. Хувь тэнцүүлсэн тогтолцоог дотор нь хаалттай болон нээлттэй жагсаалт гэж хуваана. Тухайн нам, ихэнх тохиолдолд намын дарга нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг өөрөө гаргах нь хаалттай жагсаалт. Хаалттай гаргах нь тухайн нэр дэвшигч намдаа авлига өгч жагсаалтын дээгүүр бичигдэх суурийг тавьдаг. Харин сонгогчид намд санал өгөхөөс гадна дэмжиж буй нэр дэвшигчдэдээ санал өгөх боломжтой бол нээлттэй жагсаалт. Ингэснээр хамгийн их санал авсан нэр дэвшигч нь тухайн намаас парламентын гишүүн болдог. Энэ нь хаалттайгаасаа илүү эрүүл байх талтай.
Монгол Улс 2012 онд УИХ-ын сонгуулиа холимог тогтолцоогоор хийж байсан. 48 гишүүнийг мажоратори тогтолцоогоор, 28-ыг нь хувь тэнцүүлэн сонгосон билээ. Тухайн үед намын дарга нар намын жагсаалтыг хаалттай гаргасан. 2012 оны сонгуулийн үр дүнгээр АН засаг барьж байсан бөгөөд намын жагсаалтаар орж ирсэн 10 гишүүний долоо нь дээл давхарлан өмссөн. Тухайлбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Х.Тэмүүжин Хууль зүйн сайд, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд, Р.Бурмаа ХХАА-н сайд, Ц.Баярсайхан БХБ-ын сайд, Ш.Түвдэндорж ҮХАА-н сайд. Тэднээс гадна жагсаалтаар орж ирсэн З.Энхболд УИХ-ын дарга, Р.Гончигдорж УИХ-ын дэд дарга хийж байв. Жагсаалтын хамгийн сүүлд орж ирсэн М.Батчимэг агсан л дан дээлтэй байсан. Тухайн үед МАН-аас Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбааатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл /Жагсаалтын хоёроор гарч байсан У.Хүрэлсүхийн оронд/ нар тооноор орж ирсэн.
Намын жагсаалтыг хаалттай гаргахад намын олон гишүүдээс хэнийг, яагаад дээгүүр жагсаав гэдэгт хариулт байдаггүй. Хэн хамгийн их мөнгө өгсөн нь, хэн намын даргад хамгийн ойр байсан нь дээгүүр жагсав уу гэдэг хардлага гардаг. Өөрөөр хэлбэл, намын дарга нар жагсаалтаа зарах, мөнгөтэй олигархиуд дахин сонгогдох хамгийн өндөр эрсдэлтэй.
Энэ нь хувь тэнцүүлсэн тогтолцооны хамгийн том сул тал юм. Энэхүү бичвэрээр сонгуулийн холимог тогтолцоотой болох нь буруу гэсэнгүй. Харин холимог тогтолцоог сонголоо гэхэд хувь тэнцүүлсэн тогтолцооны намын жагсаалтыг хаалттай гаргах уу, нээлттэй гаргах уу гэдэгт анхаарах хэрэгтэй болж байна. Жагсаалтыг хаалттай гаргаснаар дээрх эрсдэл бий. Харин нээлттэй гаргаснаар сонгогч намаа ч сонгоно, хүнээ ч сонгоно. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед намын жагсаалтыг нээлттэй гаргадаг болоход анхаарах хэрэгтэй.

Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн