Япон, Өмнөд Солонгос хоёр дэлхийн II дайны үед Токио солонгос эмэгтэйчүүдийг секс боол болгон албадан хөдөлмөр эрхлүүлж байсантай холбоотой олон арван жил үргэлжилсэн маргааныг шийдвэрлэх хэлэлцээрийн дагуу залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр олгохоор төлөвлөж байгаа ажээ.
Японы тал амьд үлдсэн хохирогчдод нөхөн төлбөр төлөхгүй, уучлалт гуйхгүй ч солонгос залуучуудын санд хөрөнгө оруулж, тэтгэлэг олгох аж. 1910-1945 онд Солонгосын хойгийг эзлэн түрэмгийлэхэд дайчлагдсан солонгос ажилчдад нөхөн олговор олгохыг Японы Мицубиши индустриэс болон Ниппон Стиел компаниудад даалгасан Өмнөд Солонгосын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Нөхөн олговор олгох бүх асуудлыг 1965 онд байгуулсан гэрээний дагуу шийдсэн гэж Японы албаны хүмүүс үздэг. Энэхүү гэрээнд 800 сая долларын тусламж, зээлийг "нөхөн төлбөр" болгон оруулсан байдаг аж. Өмнөд Солонгосын Засгийн газар боолын хөдөлмөрийн хохирогчдод зориулсан санг санхүүжүүлэхийн Японы талаас хариуцлага нэхдэг. Энэ асуудал сүүлийн хэдэн арван жилд удаа дараа хурцадсан бөгөөд Өмнөд Солонгосчууд Японы Засгийн газрыг хохиргчдоос уучлал гуйгаагүй, нөхөн олговор олгодоггүй гэж буруутгадаг. Энэ удаагийн хэлэлцээ нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол АНУ-ын шахалтад орж, Японтой харилцах харилцаагаа засахын тулд хийж буй арга хэмжээ бөгөөд гурван улс Хойд Солонгосын аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад илүү нягт хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Юн ирэх сард Вашингтонд төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Сон Хан ням гарагт АНУ-д тав хоногийн айлчлалаа эхлүүлж, Японтой байгуулсан гэрээ нь хоёр орны харилцааны шинэ эрин үеийг эхлүүлж буй хойч үедээ туслах зорилготой гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.