УИХ-ын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Чуулган хаахаас өмнө Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм.
Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Казиногийн тухай хуулийг боловсруулсныг онцолсон.
Гол онцлох заалтуудаас дурдвал:
-Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 жилийн дотор Монгол Улсад оруулахаар тусгажээ.
-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоно.
-Ингэхдээ олон улсын стандарт шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолбор барьж байгуулахыг тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг 60 хувь, цогцолбор байгуулах төслийн техникийн саналыг 40 хувьд тооцон тусгай зөвшөөрөл олгоно.
-Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч өөрийн хувьцааны 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ.
-Казино эрхлэгч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулна.
Казиногийн үйл ажиллагаанд хориглох зүйл:
-Казинод Монгол Улсын иргэнийг нэвтрүүлэхийг хориглоно.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт казиног цахимаар зохион байгуулахыг хориглоно.
-Нийтэд хандсан зар сурталчилгаа явуулахыг хориглоно.
-Зээл өгч, эсхүл тоглогчийн хөрөнгө, бичиг баримтыг барьцаалж тоглуулахыг хориглоно.
-Тоглогчийг мэхлэх зорилгоор тоглоомын үр дүнг өөрчлөх, тоглоомын төхөөрөмжийн эд ангийг өөрчлөх, солих, тоглоомын төхөөрөмж болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хориглоно.
-Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис үйлдвэрлэх, худалдах, хадгалах, хэрэглэх, дамжуулахыг хориглоно.
Казиногийн хуулийн төслийг боловсруулахдаа Макаогийн туршлагыг судалж, зарим санааг оруулсан гэж хууль санаачлагчид тайлбарласан.
Макаогийн мөрийтэй тоглоомын хуулийн түүх нь 1849 онд “Fantan” хэмээх мөрийтэй тоглоомыг бүс нутагт тоглохыг хуульчилж өгснөөр эхэлсэн байдаг.
Мөрийтэй тоглоомын аялал жуулчлал нь Макаогийн хамгийн том орлогын эх үүсвэр бөгөөд 2019 оны байдлаар эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлж байна. Ихэнх зочид нь эх газрын Хятадууд болон ХонгКонгоос ирсэн хятад жуулчдаас бүрддэг аж. Жил бүр 30 сая гаруй жуулчид Макао руу аялдаг бөгөөд шөнийн цагаар ирэх жуулчдын тоо нэмэгддэг нь Макаогийн мөрийтэй тоглоомын салбарт хөдөлгөгч хүч авчирдаг байна.
Макаогийн мөрийтэй тоглоомыг казино, greyhound racing, sports betting, болон lotteries гэсэн 4 хэсгээс бүрддэг ба одоогийн байдлаар Макао бооцоот тоглоомын онлайнаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоогүй байгаа. 2019 оны байдлаар Макао-д нийт 41 казино үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд татвар нь 35 хувь байдаг байна. Харин Монгол Улс казино эрхлэгчээс үйл ажиллагааны орлогоос 40 хувийн татвар авахаар тусгажээ. УИХ-ын гишүүдийн олонх нь Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа илэрхийлсэн ч монгол хүнийг казинод нэвтрүүлэхгүй, үйлчлүүлэхгүй гэж заасан нь Үндсэн хууль зөрчих вий гэдгийг анхааруулсан юм.