Бензиний хомсдолоос болж иргэд шатахуун түгээх станцуудад өдөрт 2-4 цаг оочирлож байна. Салбарын яам шатахуун тасалдаагүй гэж мэдээлсээр байгаа ч иргэд хонон өнжин дугаарласаар байгааг манай сурвалжлах баг газар дээр нь очиж сурвалжилсан юм.Оочирт зогсож байсан нэгэн иргэн бухимдлаа ийнхүү илэрхийлэв "Бензин авах гэж хоёр цаг оочирлолоо. Ямар сайндаа хөзөр тоглоод сууж байна. Бид нар чинь ардаа ажил, амьдралтай хүмүүс. Петровис зэрэг томоохон шатахуун түгээх компаниуд бензинээ өгөхгүй байснаа дараа нь өгөхдөө үнээ нэмчихдэг. Ийм газруудыг одоо болиулмаар байна" гэв. Өдрийн ажлаа оочирт тааруулан төлөвлөх болсон иргэд ч цөөнгүй байлаа. Нэгэн иргэн "Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд шууд оочирлож эхэлсэн. Одоо хүүхдээ авах цаг болчихлоо. Бензинээ арай гэж авлаа" гэж ярив. Иргэдийн гомдол нь зөвхөн оочирт хамаарахгүй, түлшний чанарыг ч мөн шүүмжилсэн юм."АИ92 автобензиний нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгааСалбарын яамны зүгээс оочир үүсэж байгаа ч нөөц байгаа гэсэн байр суурьтай байгаа юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр мэдээлэхдээ "Улсын хэмжээнд 20500 тонн буюу ердийн хэрэглээгээр тооцоход 10 хоногийн нөөц байна. АИ95 автобензин 14 хоногийн, дизель түлш 85600 тонн буюу 21 хоногийн, онгоцны түлш 4670 тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна. Энэ сарын эхний 28 хоногийн байдлаар улсын хэмжээнд 57000 тонн автобензин орж ирсэн нь АИ92 автобензиний нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгааг харуулж байна. Дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний дутагдал үүсэж байгаа энэ үед Монгол Улсад нийлүүлэгдэж байгаа түлш, шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлага тулгарч байна. Иргэд хэрэглээндээ тохируулан бензинээ аваарай" гэсэн юм.