УИХ-ын ээлжит бус чуулган эхлээд гурав, намрын ээлжит чуулган эхлээд хоёр долоо хонож байгаа ч чуулганы хуралдаан хэвийн үргэлжилж чадахгүй өнөөдрийг хүрэв. Эрх баригч намын дотоод хагарал, улстөржилтөөс үүдэн Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж чадалгүй бүтэн сарын нүүр үзлээ.
Хэрэв ирэх долоо хоногт төсвийн тодотголыг эцэслэн баталж чадахгүй бол арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ёстой ахмадуудын тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг олгох боломжгүй болохыг УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр хэлсэн.
Тэгвэл чуулганы, байнгын хорооны ирцээ бүрдүүлэхгүй байгаа эрх баригч намынхан УИХ-ын Ерөнхий хяналтын сонсголын ирцээ хүртэл бүрдүүлхээ болив. Өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх байсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт нээлттэй сонсгол ирц хүрээгүйн улмаас цуцлагдсан.
Тус Байнгын хорооны 29 гишүүнээс ердөө 12 нь ирсэн бөгөөд тэдний олонх нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд байв. Хурал даргалагч, УИХ-ын гишүүн М.Мандхай болон АН-ын гишүүд хэвлэлийн хурал хийж, тус асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулахаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүн М.Мандхайн 2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл, урамшуулал олгосноос 2.6 их наяд төгрөг нь эргэн төлөгдөөгүй, нэг аж ахуйн нэгж 7-9 удаа хөнгөлөлттэй зээл авсан хэрнээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа талаар дурдсан. Мөн Засгийн газраас жил бүр олгодог арилжааны банкны зээлийн хүүгийн татааст зуун тэрбумаар тоологдох төгрөг төсвөөс гарсан ч бодит үр дүн, өгөөж нь тодорхойгүй байгаа талаар байнгын хорооны гишүүд хэлсэн. Тиймээс эрх баригчид өнгөрсөн 16 жилийн хугацаанд ХАА-н салбараар дамжуулан хийсэн хулгайгаа нуун дарагдуулахын тулд сонсголын ирцийг зориудаар бүрдүүлэхгүй байна гэж хардаж байгаагаа ч хэлж байгаа.