Японы Аичи, Нагоя хотноо болж буй ХХ удаагийн Азийн наадамд оролцож буй Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтдоо Малайзын багийг 89:81-ээр хожиж, шөвгийн наймд шалгарлаа.Монголын шигшээ баг Тайвань, БНСУ, Малайзын багуудын хамт С хэсэгт багтсан. Манай баг хэсгийн эхний тоглолтдоо Тайванийн шигшээд 67:76, БНСУ-ын багт 61:88-аар хожигдсон ч сүүлийн тоглолтдоо Малайзыг хожсоноор дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.Ийнхүү Монголын эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд БНХАУ-ын шигшээ багтай тоглоно.Малайзын эсрэг хийсэн тоглолтод Монголын багийн тоглогч О.Хулан 31 оноо, 12 самбар, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багтаа өндөр хувь нэмэр оруулсан бол Амари Робинсон 27 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт хийжээ. Мөн Б.Ариунцэцэг 16 оноо, 4 самбар, 7 оновчтой дамжуулалт, Б.Цацрал 2 оноо, 7 самбар, 7 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлттэй тоглосон байна.Монголын шигшээ баг ийнхүү хэсгийн шатанд нэг хожил, хоёр хожигдолтойгоор шөвгийн наймд шалгарч, Азийн наадмын медалийн төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.