Урлагийг зөвхөн мэргэжлийн түвшинд эзэмших бус, хүн бүр өөрийн сонирхол, авьяас, чадвараа нээн хөгжүүлэх боломжтой орчин шаардлагатай болсон. Тэгвэл энэ хэрэгцээнд тулгуурлан “Чадвараараа гэрэлтье” уриатай S+ Урлагийн төв Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Яармагт үүд хаалгаа нээж, сургалт, хөгжлийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.
S+ Урлагийн төвийн зорилго нь хүүхэд, залуус, насанд хүрэгчид, гэр бүл, байгууллага хамт олныг урлагийн боловсрол, бүтээлч хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан нэг дор хөгжих боломжтой орчноор хангахад чиглэж байна.
Урлагаар дамжуулан өөрийгөө нээх орчин
S+ Урлагийн төвийн үйл ажиллагааны нэг онцлог нь урлагийн боловсролыг зөвхөн хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглүүлэхгүйгээр нас, сонирхлын хүрээг өргөжүүлсэн явдал юм. Хүүхэд урлагаар дамжуулан өөрийгөө нээж, залуус бүтээлчээр өөрийгөө илэрхийлэхийн зэрэгцээ насанд хүрэгчид өмнө нь сонирхож явсан шинэ чадвараа эзэмших боломжтой. Мөн гэр бүлээрээ хамтдаа бүтээлч үйл ажиллагаанд оролцож, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.
Төвийн үндсэн сургалтын хөтөлбөрт хөгжим, бүжиг, дуу, дүрслэх урлаг багтана. Хөгжмийн чиглэлд морин хуур, төгөлдөр хуур, хийл, эвэр бүрээ, бишгүүр, шанз, хуучир, ятга, гитар зэрэг үндэсний, сонгодог, үлээвэр болон цохивор хөгжмийн сургалтыг зохион байгуулна. Харин бүжгийн чиглэлд үндэсний, сонгодог, цэнгээнт бүжиг, дууны сургалтаар уртын болон ардын дуу, нийтийн болон орчин үеийн дуу, найрал дууг заах юм. Үүний зэрэгцээ дүрслэх урлагийн сургалт ч хөтөлбөрт нь багтжээ.