УИХ-аас томилдог хэд хэдэн албан тушаалд орон гараад дараагийн хүнийг томилох ажил хүлээгдэж байгаа. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй болж байгаа бол Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Дээрх хоёр Цэцийн гишүүнийг УИХ-аас санал болгон томилуулсан учраас оронд нь УИХ-ын дарга санал болгон томилгоо хийх ёстой. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2025 оны арванхоёрдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тэгвэл СЕХ даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй зургаан сар ажиллаж байна. СЕХ-ны даргыг мөн УИХ-ын дарга санал болгон томилуулдаг хуультай. Эрх баригч МАН 2024 оны сонгуулиас хойш хоёр ч УИХ-ын даргыг чөлөөлж, гурав дахиа сонгоод хоёр сар болж байна. Хамгийн тогтвортой байдаг парламентын спикерийн албыг ийнхүү олон сольсон нь түүхэнд анхны удаа. Тэгвэл УИХ-ын дарга олон дахин солигдсоноос шалтгаалж УИХ-ын даргын санал болгон томилуулдаг албан тушаалуудад өнөөдрийг хүртэл томилгоо хийгдээгүй байна. Ямар сайндаа УИХ дахь сөрөг хүчин нь шаардлага тавьж, албан бичиг хүргүүлж байх вэ. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн 7 хоногт Цэцийн хоёр гишүүний томилгоог яаралтай хийх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод тавьсан. Тэгвэл ажлаа аваад хоёр сар болж байгаа УИХ-ын дарга С.Бямбацогт Цэцийн хоёр гишүүний томилгоог ойрын хугацаанд хийнэ гэдгийг чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Тэрээр "УИХ-ын даргаар сонгогдоод сар гаруй болж байна. Энэ хугацаанд Цэцийн гишүүнээр томилох мэдлэг, туршлагатай, чадвартай хүмүүсийг судалж байна. Гэхдээ Цэцийн дараагийн гишүүн томилогдсоноор өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусдаг. Энэ асуудлыг ойрын үед шийднэ" гэсэн юм. Тэгвэл энэ хаврын чуулган зургадугаар сарын 30-нд хаана. Үүнээс өмнө УИХ-аас санал болгон томилдог дээрэх албан тушаалд томилгоо хийх бололтой.