Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Улсын төсөвт ч, нийслэлийн төсөвт тодотгол хийнэ

Улсын төсөвт ч, нийслэлийн төсөвт тодотгол хийнэ
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 2
Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг энэ сард өргөн мэдүүлж, хаврын чуулган хаахаас өмнө батлуулна гэдгээ мэдэгдэж байгаа. Тэгвэл нийслэлийн төсөвт ч тодотгол хийх нөхцөл үүссэн гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид хэлсэн. Учир нь нийслэлийн татвар бүрдүүлэлт доголдож, төсөв тасраад байгаа аж.
Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр 2027 оны төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийн хэлэлцүүлгийн үеэр гадна, дотнын нөхцөл байдлаас шалтгаалж, энэ оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн гэдгийг хэлсэн. Тэрээр ""Дэлхийн нийтэд эдийн засаг нөхцөл байдал богино хугацаанд хурдтай өөрчлөгдөж байна. Улс орнууд янз бүрийн хариу арга хэмжээ авч байна. Манайх Төсвийн хүрээний мэдэгдлээ зургадугаар сарын 1-нд батлана. Түүнээс хойш гурван сар хөдөлгөхгүй, есдүгээр сарын 1-ээс тодотгол хийх эрх үүснэ. Төсвийн тэнцлийн алдагдал, шатахууны үнийн өсөлт, валютын нөөц зэрэг асуудлууд үүснэ. Тиймээс төсвөө хурдан тодотгоод Засгийн газар хурдтай хариу арга хэмжээ авъя гэж байгаа юм. УИХ зургадугаар сарын 1-нд Төсвийн хүрээний мэдэгдлээ баталлаа, Засгийн газар тодотголоо өргөн барина. Тэгвэл наадмаас өмнө төсвийн тодотголоо хийнэ. Тэгэхгүй бол 2025 оны төсөв 2026 ондоо үргэлжлээд 2027 ондоо давж үргэлжлэхээр байна. 2025 онд 2026 оноосоо нэг их наядыг авч давсан" гэсэн юм.
Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсөвт гурав ба түүнээс доош сард өөрчлөлт оруулахгүй гэж заасныг өөрчилж, төсөвт тодотгол хийх боломжтой болсон юм. Тиймээс Засгийн газар ойрын хугацаанд 2026 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөл өргөн барих юм. Төсөвт тодотгол хийлээ ч урсгал зардлаас хасах орон зай үлдээгүй гэдгийг өмнөх Сангийн сайд ч шинэ Сангийн сайд ч хэлж байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтуудаасаа танах аж. Тиймээс энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт танагдахаас гадна ирэх жил шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэх төсөв, санхүүгийн боломж байхгүй гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлж байгаа. Учир нь манай улсын төсвийн 90 хувь нь зөвхөн урсгал зардлаа санхүүжүүлж байгаа юм. Мөн багш эмч нарын цалинг 50 хувь нэмсэнтэй холбоотойгоор замын салбарт тавиад байсан хөрөнгө оруулалтуудыг ч цуцалж, нэг ч зам шинээр барьж чадахгүй болсон гэдгийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн