Засгийн газар энэ сарын 14-нд Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын өргөн барьсан Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн 7 хоногт хэлэлцэхийг дэмжээгүй. Учир нь тус хуульд газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвийг багтаан гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхээр оруулж ирээд байсан ч Сэлбэ дэд төвийг хасах боломжгүй байсан учраас хуулийг нь батлалгүй унагасан. Ингээд Засгийн газар газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг оруулж Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг өргөн барьж УИХ хэлэлцэхийг дэмжлээ. Засгийн газар 1991 оноос хойш нийт 308 төсөл, арга хэмжээнд 10.4 тэрбум ам.доллар буюу 33.4 их наяд төгрөгийн төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллар буюу 19.6 их наяд төгрөгийн хөрөнгийг ашиглаж 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэл байгаагийн 38 хувь нь буюу 5.3 их наяд нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл санхүүжилт байгаа аж. Хэрэгжиж буй төслүүдийн 68 хувь буюу 52 төсөл нь хөнгөлөлттэй, 32 хувь буюу 22 төсөл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжиж байгаагаас гадна зарим төслүүд нь зээлийн эх үүсвэрийг дагасан тусламжийн санхүүжилттэй байна. Нийт зээлийн төслүүдийн 13.8 их наяд төгрөгийн ашиглагдаагүй үлдэгдлийн 89 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй байгаа нь ирэх 3 жилд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.