Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг танах асуудлыг Ерөнхий сайд Н.Учрал Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болголоо. Энэ хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж эхлэх хэд хэдэн тогтоол батлагджээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Эрчим хүчний тулгамдсан асуудлыг аргалах бус сууриар нь урт хугацааны шийдэл болгох, санхүү эдийн засгийн тал дээр бие даасан, үнэ тариф нь иргэдэд ээлтэй, шинэ эрчим хүчний техник нэвтэрсэн дорвитой шийдэл гарган ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт хэд хэдэн тогтоол баталсан.
Нэгдүгээрт, одоо баригдаж байгаа хувийн хөрөнгө оруулалттай Сэлэнгийн 70 МВт-ын чадалтай цахилгаан станцыг хугацаанд нь ашиглалтад оруулах, БНХАУ-аас эрчим хүч импортлох шаардлагатай байгаа “Зэс-Оюу” цахилгаан дамжуулах дэд станц барих ажлыг шуурхайлан ашиглалтад оруулах,
Хоёрдугаарт, цахилгаан станцын оргил ачааллын үед цахилгаан хязгаарлахгүйн тулд батарей хураагуурыг богино хугацаанд хэрэгжүүлж ажиллана. Та бүхний мэдэж байгаа таван аймагт таван байршилд баригдах нарны цахилгаан станцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Хамгийн чухал асуудал үнэ, тариф гэхээсээ илүүтэй энэ салбарын зардал, засаглал, үр ашгийн асуудал. Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах өртгийг бууруулах чиглэлээр хамгийн багадаа гурван өөр аргаар богино хугацаанд бууруулна гэсэн чиг үүргийг өгсөн. Зөвхөн зардлыг бууруулах бус бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөлт хийх, орон тооны оновчлолыг хийх гэх мэтчилэн судалгаа, баримттай хийх ажлууд байна. Мөн эрчим хүчний салбар хэрэглэгчдэд чиглэсэн ойлгомжтой хэлбэрээр төлбөрийн мэдээлэл дэлгэрэнгүй харуулдаг цахим ухаалаг систем нэвтрүүлнэ. Энэ оны гуравдугаар сард багтааж дулааны тоолуурыг бүх шатанд үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, эрчим хүчний салбар тулгамдсан асуудал ихтэй учраас богино хугацаанд аргацаах бус урт хугацаанд Монгол улсын эдийн засгийг бүрдүүлэгч суурь салбарын нэг гэдэг утгаар нь бодлогын шийдвэрээр цогцоор нь хэрэгжүүлж байгаа. Цаашдаа ч гарах эрчим хүчний ажлуудыг бодлогын түвшний иж бүрэн хэлбэрээр нь оруулж, Засгийн газрын хуралдаанаар шийдүүлж байх болно.