Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.
Цар тахлын үед цаг наргүй ажиллаж, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Хүн ам өсөж, дундаж наслалт нэмэгдэх, өвдсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт салбарынхны оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэлээ.
Мөн эмч, ажилтны цалин хөлс, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулах зэрэгт бүх талын дэмжлэг үзүүлж байгаагаа хэллээ. Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, тэр дундаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Хоорондоо харилцан уялдаатай дээрх хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Цаашид бүх шатанд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хүчин зүтгэхийг уриаллаа.