Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингд 14 тулалдаж, нэг ч ялагдалгүй яваа Э.Цэндбаатарын WBC холбооны ээлжит тулааны тов гарч, өрсөлдөгч нь тодорчээ.Дөрөвдүгээр сарын 10-нд “ProBox” холбооны хүрээнд ээлжит тулаанаа Тажикстаны боксчин Мухаммедхуча Ягубовтой хийхээр төлөвлөсөн ч өрсөлдөгч нь тодорхой шалтгааны улмаас тэмцээнээ цуцалсан юм. Өнөөдөр Э.Цэндбаатарын дараагийн тулаан ийнхүү товлогдож байна.Мэргэжлийн боксын ригнд мөрөө гаргаж буй монгол тулаанчдын нэг Э.Цэндбаатар дөрөвдүгээр сарын 1-нд АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотод “WBC” холбооны мөнгөн бүсний төлөө Барбадосын боксчин Кобиа Бредитэй тулалдахаар болжээ. Хэрэв Э.Цэндбаатар ялбал энэхүү холбооны мөнгөн бүсийг эзэмшсэн анхны монгол тулаанч болно.Э.Цэндбаатар "Би "WBC" бүсний төлөө оргил тулаанд тулалдахаар албан ёсоор гарын үсгээ зурлаа. Энэ бол миний карьерын хамгийн чухал тулаануудын нэг. Би бүхнээ дайчилж ялалтын төлөө гарна" гэжээ.Мэргэжлийн боксын дэвжээнд 19 тулаан хийхдээ 18 ялсан 34 настай Кобиа өнгөрсөн оны аравдугаар сард Гайанагийн Декстер Маркесийг гурван үеийн дараа хүнд цохилтоор ялснаар WBC холбооны мөнгөн бүсийг эзэмших болсон юм. Барбадосын тулаанч Кобия Бриди мэргэжлийн боксын замналынхаа цор ганц ялагдлыг 2020 оны есдүгээр сарын 19-нд амссан байдаг. Тэрхүү ялагдлыг нь Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өгсөн түүхтэй. Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар 2021 оны 12 дугаар сард мэргэжлийн боксын анхны тулаанаа Оросын тамирчин Сослан Баевтай хийж, WBA холбооны Азийн аваргын бүсний эзэн болсон билээ.