Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Хачиг нэг удаагийн хазалтаараа 30 гаруй төрлийн халдвар дамжуулдаг

Хачиг нэг удаагийн хазалтаараа 30 гаруй төрлийн халдвар дамжуулдаг
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 8
Хачиг нь ихэвчлэн өвс, ургамлын дор, газрын хөрсөнд оршин амьдардаг. Орчны тохиромжтой нөхцөл бүрдэх үед идэвхжиж, өвс ургамлаар дамжин хүн болон мал, амьтны биед наалдаж, цус шимэгчлэн амьдардаг юм. Зарим хүний ойлгодог шиг хачиг тэнгэрээс унадаггүй. Харин шувуу, сарьсан багваахай зэрэг амьтдад шимэгчлэн наалдсан хачиг тэдгээр амьтад нисэх үед газар унах боломжтой. Халдвартай хачиг нь хөгжлийнхөө бүх үе шатанд халдварт өвчин дамжуулах чадвартай байдаг.
undefined
Хачигт хазуулах эрсдэл Монгол Улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэж, ялангуяа хаврын улиралд илүү идэвхжиж байна. Ой, хээр зугаалах, зусланд гарах, мал аж ахуйн ажил хийх үед хүмүүс хамгийн их өртдөг. Хачиг нь нэг удаагийн хазалтаар 30 гаруй төрлийн аюултай халдвар дамжуулах чадвартай бөгөөд хачигт энцефалитын халдварын 80 хувь нь хазуулснаар, 20 хувь нь халдвартай малын түүхий сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс үүсдэг байна. 
Хачиг нь өвс, бут, модны мөчир дээр байрлан хүн, амьтан өнгөрөхийг хүлээдэг. Хазах үедээ мэдээ алдуулах үйлчилгээтэй шүлс ялгаруулдаг тул хүн ихэвчлэн анзаарахгүй өнгөрдөг байна. Жил бүрийн дөрөвдүгээр сараас идэвх нь нэмэгдэж, тав, зургадугаар сард оргил үедээ хүрдэг. Ялангуяа өглөөний 08:00–12:00, оройн 17:00–20:00 цагт хамгийн идэвхтэй байдаг. Монгол Улсад голчлон Ixodes, Dermacentor төрлийн хачиг тархсан бөгөөд эдгээр нь хачигт энцефалит, боррелиоз, риккетсиоз зэрэг өвчний үүсгэгчийг дамжуулах эрсдэлтэй юм. Ойн бүсэд тайгын хачиг, бэлчээрийн болон цөл, хээрийн бүсэд өөр төрлийн хачиг тархаж, тухайн бүс нутгаас шалтгаалан өөр өөр халдварыг дамжуулдаг байна. 
Хачигт хазуулсан тохиолдолд 3–7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, тунгалгийн булчирхай хөндүүрлэх, арьсан дээр тууралт гарах, хазуулсан хэсэг эдгэхгүй удах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Ийм үед яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай юм.
Урьдчилан сэргийлэхийн тулд ой, хээр явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, түрийтэй гутал сонгон, биеийн ил хэсгийг халхлах хэрэгтэй. Хачиг үргээгч бодис хэрэглэх, аяллын явцад болон дараа нь хувцас, биеэ сайтар шалгах хэрэгтэй юм. Мөн гадуур хувцсыг газарт хүргэхгүй тавих, өмсөхийн өмнө сайтар сэгсрэх нь зүйтэй. Түүнчлэн түүхий сүү, мах хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Хэрэв хачиг биед шигдсэн бол аль болох эмнэлэгт очиж мэргэжлийн хүнээр авахуулж, шинжилгээнд хамруулах нь хамгийн зөв. Боломжгүй нөхцөлд болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр авахыг зөвлөдөг. Иймд иргэн бүр сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх нь халдвараас хамгаалах найдвартай арга юм. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн