Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Б.Батбаатар: Р.Батболдтой биш, цаад эзэнтэй нь ярина

Б.Батбаатар: Р.Батболдтой биш, цаад эзэнтэй нь ярина
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 8
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. ИЗНН-ын Дүрмийг Улсын дээд шүүх бүртгээгүйгээс болж УИХ-ын гишүүн С.Батболд нар Онц их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыгаа огцруулж, Р.Батболдыг намын даргаар сонгосон. Тухайн үед Ерөнхий сайд Г.Занданшатарт "ИЗНН-ын дарга Р.Батболд болсон учраас танхимдаа сайдаар ажиллуул" гэдэг утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Ингээд Н.Учралын Засгийн газар байгуулагдаад Засгийн газарт хамтран ажиллах саналыг ИЗНН-д ирүүлээгүй билээ.
-Н.Учрал Ерөнхий сайд танай намыг Засгийн газартаа урьж ажиллуулсангүй. Танай намын дотоод асуудлаас болоод урьсангүй юу. Ер нь намын даргын асуудлаа хэзээ шийдэх вэ?
-Манай нам Г.Занданшатар Ерөнхий сайдын танхимд хамтарч ажилласан. Онц их хурал гэдэг нэрийн дор хуралдаад, хүмүүсийг цуглуулаад намын удирдлагыг авчихаж болдог бол Дээд шүүхэд бүртгэлтэй 38 намыг ч ингэж авна шүү дээ. Тэгэхээр энэ засаг төр юу болох вэ. Тиймээс энэ хүмүүсийн хийсэн хурал хуулийн бус, дүрмийн бус. Ийм зүйлтэй эвлэрэхгүй. Ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлж, хувийн ашиг сонирхлоо нэгт тавьж, шантаажны улс төр хийж байгаатай эвлэрэхгүй.
-Засгийн газарт танай намыг уриагүй тухайд та ямар байр суурьтай байгаа вэ. Намын дарга нь хэн нь мэдэгдэхээ байчихаар Ерөнхий сайд урилга өгөөгүй гэж ойлгогдоод байна л даа?
-Хэсэг бүлэг хүмүүс МАН-ын Онц их хурал гэж хуралдуулаад Н.Учрал намын дарга биш гэдэг бичгийг хэн нэгэн хүн өгчихвөл түүнийг хүлээж авч болох уу. Үүнтэй л ижилхэн зүйл шүү дээ.
-Хамгийн гол нь танай намын Дүрмийг Дээд шүүх олон удаа буцаасан юм байна. Хамгийн сүүлийн удаа 6 сарын дотор Дүрмээ хуульд нийцүүлэн ирүүлэх хугацаа өгсөн юм билээ. Энэ хугацаанд Дүрмээ бүртгүүлж чадахгүй бол танай нам татан буугдах эрсдэлтэй гэж ойлгосон.  Энэ хугацаандаа Дүрмээ бүртгүүлж чадах уу?
-Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх гурван асуудлаар Дээд шүүх манай намын Дүрмийн бүртгэхээс татгалзсан. Энэ гурван асуудлаа засаад, хуульд нийцүүлээд Их хурлаараа батлуулаад Дээд шүүхэд хүргүүлнэ. Намын их хурлаа дөрөвдүгээр сарын 26-нд хийхээр зарласан. Энэ их хурлаар Дүрмээ батлаад Дээд шүүхэд тавдугаар сарын 2-оос өмнө хүргүүлнэ.
-Их хурлаараа Дүрмээ батлаад Дээд шүүхэд бүртгүүлж чадах болов уу. Хэрвээ чадахгүй бол хариуцлагыг хэн хүлээх вэ. Олон удаа буцаагдсан болохоор ингэж асуугаад байна л даа?
-Монгол Улсад хууль хүчин төгөлдөр үйлчилдэг бол Дээд шүүх манай намын  Дүрмийг бүртгэж авахаар Дүрмээ боловсруулж хүргүүлнэ.
-Ер нь Р.Батболд гишүүнтэй уулзаж, ойлголцож болохгүй байгаа юм уу. ИЗНН-ын дөрвөн гишүүн дөрвөн тийшээ хараад суучихаад байна шүү дээ?
-Намын асуудал дээр С.Замира, М.Нарантуяа-Нара гишүүн бид гурав нэгдмэл байр суурьтай байгаа. Р.Батболдтой юуг нь ярих вэ. Эзэнтэй нь л ярьсан дээр ш дээ.
-Эзэн нь хэн юм бэ?
-Эзнийг нь удахгүй зарлана.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн