Дөрвөн настай А гэх эрэгтэй хүүхэд 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зоос залгисан гэх шалтгаанаар хүүхдийн яаралтай тусламжид хандсан. Рентген шинжилгээгээр ходоодонд зоос байгаа нь тогтоогдсон байна. Олон нийтийн сүлжээнд 4 настай хүүхэд зоос залгисантай холбоотой асуудлаар мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан ЭХЭМҮТ тайлбар хийлээ.
Тодруулбал “А овогтой А, 4 настай, эрэгтэй хүүхэд 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зоос залгисан гэх шалтгаанаар хүүхдийн яаралтай тусламжид хандсан. Рентген шинжилгээгээр ходоодонд гадны биет буюу зоос байгаа нь тогтоогдсон. Тухайн үед эмчийн зүгээс гадны биет нь зарим тохиолдолд 48 цагийн дотор өтгөнөөр гадагшлах боломжтой тул хоолоо сайн идүүлж, ажиглалт хийхийн зэрэгцээ хоёр хоногийн дараа хяналтад ирэх зөвлөгөө өгч буцаасан. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр дахин ирж үзүүлсэн бөгөөд дурангийн аргаар авах заалттай байсан ч хүүхэд хоол сойгоогүй байсан тул дараа өдөр нь хоол сойж ирэхийг зөвлөн буцаасан.
Дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хүүхэд дахин ирж, холбогдох шинжилгээ, үзлэг хийгдсэний дараа дурангийн аргаар ходоодноос гадны биет буюу зоосыг амжилттай авч, холбогдох тасагт шилжүүлэн хэвтүүлж, цаашдын хяналт, эмчилгээг үргэлжлүүлж байна.
Манай эмнэлэг нь тухайн тохиолдолд эмнэлзүйн заавар, стандартын дагуу шат дараалсан тусламж үйлчилгээ үзүүлсэн болно.
Нэмэлтээр, товлолын бус буюу нэмэлт цагаар үзүүлэх үйлчилгээг үндсэн цагийн үзлэгийн дундуур зохион байгуулдаг тул тодорхой хэмжээний хүлээгдэл үүсэх боломжтой байдаг. Мөн яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдийг эрэмбэлэн түрүүлж үздэг журмыг баримталдаг.
Хүүхдүүд амандаа янз бүрийн зүйл хийх, санамсаргүйгээр залгих тохиолдол элбэг байдаг тул эцэг, эх, асран хамгаалагчид энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна” гэжээ.