Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ардчилсан нам МАН-д дахиад "муриулах" уу

Ардчилсан нам МАН-д дахиад "муриулах" уу
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 7
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн бариад байгаа. Тус өөрчлөлтөөр УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх, суудлыг нь индэр дээрээс буулгах гэх мэт өөрчлөлтийг тусгасан. Энэ нь парламентын спикер дарга биш зөвхөн хурал зохион байгуулагч байх ёстой гэсэн гол агуулгатай болохыг хууль санаачлагч Х.Тэмүүжин гишүүн тайлбарлаж байгаа юм.
Дөрвөн сарын өмнө өргөн барьсан хуулийн төслийг эрх баригч нам хэлэлцүүлэхгүй байсан ч УИХ-ын даргаа сонгохын тулд уг хуулийг нь батална гэдэг амлалт өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлэг тус хуулийг нь баталбал УИХ-ын даргыг нь сонгоод явна хэмээн тохирч УИХ-ын даргыг томилох өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд эхэлсэн. Мөн С.Бямбацогт АН-ын бүлгийн хуралд оролцож, "УИХ-ын даргаар сонгогдвол намаасаа түдгэлзэж болно" гэдэг амлалт өгсөн. Харин хуулийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг байгуулж, сайн хэлэлцэж байж батлах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын дарга С.Бямбацогт нар илэрхийлсэн юм. Хуулийн төслийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг нь дэмжсэн учраас АН-ын бүлгийнхэн МАН-ын бүлгээс УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн С.Бямбацогтыг дэмжсэн. Харин одоо МАН-ын бүлгийнхэн амлалтдаа хүрч Х.Тэмүүжин нарын өргөн барьсан хуулийн төслийг нь үргэлжлүүлэн хэлэлцэн батлахгүй бололтой.
Учир нь өчигдөр МАН-ын бүлэг тус хуулийн төслийг яаран батлахгүй гэдэг шийдвэр гаргажээ. Энэ талаар бүлгийн дарга Ж.Батжаргал "УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлзэх асуудлыг нарийн судлахгүй бол болохгүй. Парламентын засаглалтай олон орноос цөөхөн улс энэ заалтыг хэрэгжүүлж байгаа. Хэрэгжүүлсэн тохиолдолд УИХ-ын даргын цаашдынх нь улс төрийн замналд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь орхигдсон харагдаж байгаа.
Ард түмний мандатыг авч УИХ-д сонгогдсон хүн парламентын дарга болно. Тэр хүний мандат нам дээр нь хадгалагдах уу, үгүй юү. УИХ-д намуудын авсан суудал тэнцүү, ганцаар илүү тохиолдолд энэ заалт хэрхэн үйлчлэх үү гэдэг нь асуудал. Энэ мэтээр бодмоор, судалмаар, дахиж нарийн тооцмоор, Монголын хөрсөнд нийцэх эсэхийг судлах шаардлага байна гээд өнөөдөр нэгдсэн байр сууринд хүрээгүй" гэсэн юм.
Үүнээс харахад9 МАН-ынхан УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг нь батална гэсэн амлалтаасаа "мурих" бололтой.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн