Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын яамны удирдлага, газар, хэлтсийн дарга нартай шуурхай хурал хийжээ. Тэрээр хурал дээрээ багш нарын цалингийн асуудлаар байр сууриа илэрхийлж, зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгджээ.Тэрээр "Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт нь үндсэндээ эвдэрчихсэн байна. Багшийн цалингийн асуудал гэдэг нь зөвхөн цалин нэмэх тухай биш юм. Хэрвээ хувьсах зардлын тогтолцоог зөв ойлгож, зөв хэрэгжүүлж чадсан бол багш нар ажил хаялт хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх бүрэн боломж байсан. Гэтэл энэ тогтолцоог ойлгуулж, зөв удирдаж чадаагүйгээс өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөнөөс 700–800 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болоод байна.Би өмнөх сайдыг буруутгахгүй. Харин сайдыг үнэн зөв мэдээллээр хангах, бодлогын түвшинд зөв чиглүүлэх ёстой хүмүүс яагаад хууль зөрчив. Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг нийтдээ дөрвөн том хууль зөрчигдсөн байна. Засгийн газрын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа цалин нэмэгдүүлэх тухай тогтоолд “2026 оны төсөвт багтаана” гэж тодорхой заасан байхад үүнийг үл тоомсорлосон. Тиймээс цалинтай холбоотой гарсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх шатны хүмүүст хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой.Өнөөдөр боловсролын салбар өөрөө хоёр өөр цалинтай болчихсон явж байна. Нэмэгдлийг нь хуучин цалингаас нь бодож байгаа нь бүр ч хүндрэл үүсгэж байгаа юм. Үүний улмаас цэцэрлэг, сургуулиуд Нийгмийн даатгалын санд 70 тэрбум төгрөгийн өртэй болсон байна. Жил бүр 2–3 мянган багш жирэмсний болон амаржсаны тэтгэмж буюу декрет авдаг. Гэтэл өнөөдөр тэд декретээ ч авч чадахгүй байдалд хүрсэн байна. Яг хэдэн багш ийм байдалд орчихоод байна вэ гэдэг тооцоо та нарт байна уу. Мөн эмнэлэгт хэвтээд, хөдөлмөрийн чадвар түр алдсаны листний мөнгөө авч чадахгүй байгаа багш хэд байна вэ. Цаашлаад энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа багш нарын асуудал яригдана. Тэд тэтгэврээ шинэ нэмэгдсэн цалингаасаа тогтоолгох уу, хуучин цалингаасаа тогтоолгох уу гэдэг тодорхойгүй байна. Хэрвээ шинэ цалингаас тооцно гэвэл 933 тэрбум төгрөгийн санхүүгийн дарамт бий болно. Энэ бол маш том тоо юм" гэжээ.