Монгол Улс Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндий гэсэн дөрвөн чөлөөт бүстэй. Эдгээр нь экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилготой боловч хуулийн тогтолцоо сул байгаагаас архины зөвшөөрөл өгөхөөс өөр ажил хийхгүй байна. Иймээс Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байгаа аж.
Шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг “эдийн засгийн тусгай бүс"-ээр тодорхойлж, энэ хэлбэрт шилжүүлнэ. Мөн үйл ажиллагааны чиглэлээс нь хамааруулан чөлөөт худалдааны бүс, экспорт борлуулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс зэргээр төрөлжүүлнэ. Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээг “нэг цонхны үйлчилгээ”-ний зарчимд тулгуурлаж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зэрэг өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж буй аж. Тэгвэл Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулах үеэр сэтгүүлчид Шадар сайд Х.Ганхуягаас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ямар үр дүн гарах тухай асуухад дараах хариултыг өгсөн юм.
-Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар юу, юу өөрчлөгдөх вэ. Ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улс чөлөөт бүстэй боловч энэ бүс архины зөвшөөрөл өгөхөөс өөр ажил хийдэггүй. Учир нь хуулийн тогтолцоо нь ийм. Тиймээс бид чөлөөт бүсүүдээ тэргүүлэх чиглэлээр нь байгуулах шаардлагатай. Хууль шинэчлэхгүйгээр чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх боломж маш хязгаарлагдмал. Замын-Үүдийн чөлөөт бүсийн замын бүтээн байгуулалтыг хийж байна. Одоогоор түр зам ашиглах асуудлыг айлын талд өгчихсөн. Гэхдээ дэд бүтцийн ажил буцаагаад бүгдийг нь шалгадаг хууль зүйн ажил хийх шаардлагатай. Евразийн хэлэлцээр хийгдсэнтэй холбоотойгоор Алтанбулаг чөлөөт бүсэд хувийн хэвшлийнхний ажиллах сонирхол өндөр байна. Улс хөрөнгө оруулалт хийх, гадаадаас зээл авах хязгаарлагдмал нөөцтэй. Тиймээс хувийн хэвшилд хөрөнгө оруулалтаа тат, дэд бүтцээ ашиглалтад оруул. Тэгээд наад чөлөөт бүсээ ашигла гэсэн бодлогыг барьж байна. Цагаан нуурыг ч гэсэн энэ чиглэл рүү оруулна. Энэ чөлөөт бүс магадгүй логистик болон гурван улсын хоорондын экспортын чиглэлийг хөгжүүлэх боломж олгоно. Энэ мэтчилэн сонирхож байгаа газарт нь өгөөд дараагийн чөлөөт бүсийг хөгжүүлэх байдлаар явна. Чөлөөт бүсийн хууль нь бизнесийн орчинтой холбоотой учраас 60 хоног зайлшгүй хүлээх шаардлагатай. Түүний дараа өргөн барих юм. Гэхдээ энэ жил нэлээд эрчимжүүлэхээр зорьж байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн ажлуудыг энэ жил дуусгахаар зорьж байна. Ингэснээр айлын талтай харилцаа холбоо үүсгэх боломжтой болно. Нөгөө талаас хөрөнгө оруулалт хийх ихээхэн сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Хөрөнгө оруулалтаа авчих юм бол өөрөө хөдөлгөөнд орох юм.