Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Цахим залилангийн эсрэг "вакцин"

Цахим залилангийн эсрэг "вакцин"
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 13
2025 оны Дижитал тайланд “2025 оны эхээр Монгол Улсад 2.9 сая хүн интернэт ашиглаж байсан нь хүн амын 83 хувь нь цахим хэрэглээтэй гэсэн үг. Үүнээс 2.6 сая сошиал медиа хэрэглэгч байгаа нь нийт хүн амын 74.4 хувьтай тэнцэж байна” гэжээ. Гэхдээ үүний цаана давхардсан болон хуурамч хаягууд байгааг үгүйсгэхгүй бөгөөд, хуурамч мэдээллээр урхидан, залилан үйлддэг гол суурь болоод байна.  Он гарсаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн гуравны нэгийг залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Харин үүний  90 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Тиймээс цахим залилангаас сэргийлдэг, “дархлаатай” иргэн байхыг энэхүү нийтлэлээр уриалж байна.

Цахим залилагчид хэнийг хохироодог вэ

Цахим залилангийн хамгийн түгээмэл хэлбэрийн нэг нь телеграмм даалгавар биелүүлэх юм. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хийсэн судалгаагаар 2025 оны эхний хагас жилийн байдлаар телеграмм платформоор залилуулсан 1304 хохирогчийн 63.8 хувь нь эмэгтэй, 36.2 хувь эрэгтэй байна.
Түүнчлэн, нийт хохирогчдын 445 буюу 34.1 хувь нь 25-34 насныхан байгаа бол түүний удаах хувийг 35-44 насныхан эзэлж байна. Ажил эрхлэлтийн хувьд эдгээр хохирогчийн 52.8 хувь нь хувийн байгууллагад ажилладаг бол 19.9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 16.6 хувь нь төрийн албан хаагч, 8.4 хувь нь оюутан, 2.1 хувь нь тэтгэврийн насныхан байжээ. Цахим залилангийн гол шалтгаан нь хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, дадал сул байдал юм. Тухайлбал:
  • 2022 оны судалгаагаар Монгол Улсад зөвхөн 43.8  хувь нь цахим аюулгүй байдлын анхан шатны мэдлэгтэй байсан бол 21.3 хувь нь phishing/хуурмаг линк ялгах мэдлэгтэй гэжээ.
  • Онлайн банк ашиглагчдын 45 хувь нь хаалт, нууц үг, хамгаалалтын тохиргоогоо бүрэн хянадаггүй.
Тэгвэл дижитал хариуцлага гэж юу вэ
Дижитал хариуцлага гэдэг нь интернэт, технологийн хэрэгслийг ашиглахдаа:
• Хувийн мэдээллээ хамгаалах
• Хуурамч мэдээллийг таних
• Онлайн гүйлгээ, банк, худалдаанд болгоомжтой байх
• Ёс зүйтэй, хүндэтгэлтэй харилцах
• Сэжигтэй үйлдлийг мэдэгдэх зэрэг дадлыг хэлдэг.
Цахим залилангийн эсрэг хамгийн хүчтэй хамгаалалт иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, хариуцлага, үнэн зөв мэдээллийг таних чадвар  юм. Тэгвэл цахим залилангийн эсрэг "вакцин" болон таван аргыг хуваалцъя.
Эх сурвалж, холбоосыг шалгах дадал
Цахим залилан ихэнх тохиолдолд худал холбоос (phishing link) эсвэл хуурамч сайтаас эхэлдэг. Хэрэв ямар нэг линк, имэйл, мессеж итгэл төрүүлэхгүй байвал эхлээд эх сурвалжийг шалгаарай. Хэн илгээсэн, домэйн нэр нь зөв эсэхийг шалгах нь чухал.
Түүнчлэн, ямар ч мэдээлэл байсан баримт шалгах соёлд суралцъя.
Зөвлөмж: Е-mail-ын хаягийг, домэйн нэрийн лиценз, аюулгүй байдлын сертификат зэргийг шалгах. Мөн Монголын баримт шалгах төвийн Асуу чат ботоос асуух хэрэгтэй.
Хувийн мэдээллийг хамгаалах дадал хэвшүүлэх
Хувийн мэдээлэл, нууц үг, OTP кодыг санамсаргүй байдлаар хэн нэгэнд өгч болохгүй. Энэ нь энгийн хэр нь хамгаалалтын хамгийн чухал зарчим юм.  Залилангийн гэмт хэрэг ихэвчлэн хуурамч санал, урамшуулал, банканд холбогдох мэдээлэл гэж төөрөгдүүлэх байдлаар хувийн мэдээллийг авахыг зорьдог.
Зөвлөмж: Хэн нэгэн танд нууц код, зурвас, OTP-г асуувал шууд татгалзаж, албан ёсны байгууллагад холбоо барина уу.
AI-д суурилсан хуурамч агуулгыг таних ур чадвар нэмэгдүүлэх
Сүүлийн жилүүдэд deepfake технологи, хиймэл дүрс, дуутай холбоотой луйврууд ихээр нэмэгдэж байна. Олон улсын судалгаагаар deepfake материалыг хүмүүс 24.5 хувийг л таньж чаддаг гэж мэдээлжээ. Тэгэхээр гурван хүн тутмын хоёр нь хуурамч агуулгыг бодит гэж андуурах эрсдэлтэй гэсэн үг юм.  Зөвлөмж:
✔️ Хэн нэгний нэрээр ирсэн видеог шууд итгэхгүй байх
✔️ Нэг эх сурвалжтай бус бол өөр эх сурвалжаар шалгах
✔️ AI-аар бүтээгдсэн дохио тодорхойлох дохио зааварчилгааг сурах
Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг
Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд явж байгаа. Тэгвэл эдгээр сайхан үгээр халхалсан үйлдлийн цаана хэн нэгэн таныг залилахаар отоод сууж байна гэсэн үг. Тэд цахим орчинд сугалааны шууд дамжуулалтаар орж, сугалаа авсан иргэдэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж байгаа талаар дансны гүйлгээ харуулж, иргэдэд итгэл төрүүлдэг байна. Үүний дараа сугалаанд хожсон гэж итгэсэн иргэдэд “Та нийт хожсон хонжворын 10 хувийг шилжүүлснээр таны данс руу хонжворын мөнгө шилжин орно” гэж цахим залилан үйлдэж байна. Мөн ойр дотнын хүнийх нь фэйсбүүк чатаар “мөнгө зээлээч” гэсэн залилах гэмт хэрэг гарсаар байна. Түүнчлэн сүүлийн үед ихээр гарч буй цахим залилангийн хэлбэр бол сугалаа .“Хусаад хож”, “Хаш чулуун сугалаа”, “Азын хүрд” зэрэг сугалааг лайв хэлбэрээр явуулж, үүнээс үүдэн иргэд хохирогч болох тохиолдол ихээр гарч байна. Иймд мэдээлэлтэй байх нь чухал юм.
Гэр бүлийн болон эргэн тойрныхоо хүмүүст мэдээлэл түгээх
Цахим залилан нь ганц хүн төдийгүй гэр бүл, найз нөхөд рүү дамжих эрсдэл болдог. Тиймээс зөв дадлыг гэр бүл, хамт олон, орчиндоо түгээх нь чухал. Хэн нэг нь сэрэмжгүй байхад бусад нь хамгаалалтгүй болно. Жишээлбэл, ахмад настан, хүүхдүүдэд технологи болон танихгүй хүмүүст болгоомжтой хандах дадлыг заах хэрэгтэй.

"Баримт нэн тэргүүнд” сүлжээний олон нийтийн төлөөх бүтээл

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн