Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцуулав. Засгийн газар энэхүү үндсэн чиглэлээ “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” хэмээн нэрлэсэн байна.
“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжүүлэх 8 үндсэн чиглэл, 10 реформ
Засаглал болон цахим шинэтгэл
Үнэт зүйл нийгмийн хөгжлийн шинэтгэл
Эдийн засаг дэд бүтцийн шинэтгэл
Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл
Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл
Шинжлэх ухаан, хиймэл оюуны шинэтгэл
Авлига болон баялгийн хулгайтай тэмцэх бодлого буюу төр бүх шатандаа ил тод, хүнд сурталгүй байвал эдийн засаг хөгжинө. Энэ хүрээнд төрийн чадавх, төрийн чадварын сорилт, системийн шинэ философи, давхар төрөөс чадварлаг төр рүү шилжинэ гэлээ. Мөн ирэх 5 жилд Засгийн газар цахим шинэтгэл буюу төрийн албанд хиймэл оюун ухааныг ашиглана. Хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр авлига, танил тал харах байдлыг таслан зогсооно. ТӨК-иудад хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, ухаалаг, цахим засаглалыг нэвтрүүлнэ.
Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ " Засгийн газрын дундаж нас 1.4 жил, Засаг солигдох бүрд хөгжлийн бодлого төлөвлөлт нь өөрчлөгдөөд, хөрөнгө оруулалтын орчин нь тодорхой бус замбараагүй явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа. Тиймээс таван жилээр нийгэм, эдийн засгийн ажлыг төлөвлөж байна. 5 жилийн төлөвлөгөөнд үндэслээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн жилийн төлөвлөгөөг батална. Энэ үндсэн чиглэл уриа лоозон биш, мөрөөдлийн жагсаалт биш. Бодит ажил хэрэг, бүрэн зураглал юм. Тавьсан зорилготой, хэмжиж болохуйц юм. Ард түмэн шударга, авлигагүй нийгмийг хүсэж байна. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэх, эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрахыг хүсэж байна. Энэ бүх шаардлагад нийцүүлж үндсэн чиглэлээ боловсруулсан" гэлээ.
Манай улс өнөөдрийн байдлаар
Гадаад өр ДНБ-ий 158 хувь
Худалдааны хамаарал 69.7 хувь
Эдийн засгийн төрөлжилт муу 145 орноос 139 дугаар байранд
Түүхий эдийн хамаарал 93 хувь
Эрчим хүчний хамааралт 24 хувь
Түлш шатахууны хамаарал 100 хувь
Экспортын хамаарал 91.4 хувь байна.
Ирэх 5 жилд эдийн засгийн бүтцийн шинэчлэл буюу уул уурхайгаас хамаарсан эдийн засгийг өөрчлөх. Технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх. Эдийн засгийн шинэтгэлийн боломжит оролцоог нэмэгдүүлнэ. Зэсийн баяжмалыг хайлуулах үйлдвэр жилд 120 мянган тонн, 396 мянган тонн бензин үйлдвэрлэх нефтийн үйлдвэр, 600 мянган тонн коксын үйлдвэр, Зөөвч овоо ураны төсөл, хил холболтын боомтын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Түүнчлэн нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээг 10.7 мянган ам.долларт хүргэх, эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж 90 хувиас дээш болгох, хүний хөгжлийн индексээ эрс сайжруулахаар тусгасан байна. Мөн ядуурлыг хоёр дахин бууруулахаар ирэх 5 жилийн төлөвлөгөөнд оруулсан бол эрүүл мэндийн салбарт 1.3 их наядыг зарцуулдаг болохоор төсөвлөсөн. Орон сууцны төрөлжсөн банк байгуулж, 80 мянган айлын орон сууцыг барьж байгуулан, агаарын бохирдол, Улаанбаатар хот, хөдөөгийн хөгжил тэнцвэрийг хангасан цогц бодлого хэрэгжүүлнэ хэмээн танилцууллаа.