Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбар дахь асуудлын талаар хэлэлцсэн байна. Нийт дөрвөн чухал асуудлын талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан тухай Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа.
Тэрээр “Эрүүл мэндийн даатгалын сангийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, гарсан зөрчлүүдийн талаар хэлэлцлээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг томилж, 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Сүүлд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн уламжлалт анагаах ухааны чиглэлийн Засгийн газарт Ерөнхийлөгчөөс чиглэл хүргүүлэх тухай зарлигтай холбоотой чиглэлд тогтоол шийдвэр гарсан. Эдгээр дөрвөн асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.
Эрүүл мэндийн даатгалын сан 2023-2024 онд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, ковид цар тахлын үеэр замбараагүй явж ирсэн. Харин 2025 онд хязгаарлалтууд тавиад үнийн дүнгээр архаг, цочмог, төлөвлөгөөт гэсэн гурван чиглэлээр гэрээ хийдэг болгосон. Гэхдээ хяналт шалгалтын явцад гэрээн дээр хулгай хийсэн баримтууд гарч ирж байна. Тухайлбал, хязгаар тавьж архаг өвчин буюу ноцтой биш үйлчилгээг 1 тэрбум төгрөгт багтааж энэ жил ажиллах, цочмог буюу хүнд яаралтай тусламж үзүүлэх хүмүүстээ 5 тэрбум төгрөгт багтаах, үүнд хязгаарлалт тавихгүй бөгөөд төлөвлөгөөт хагалгаа, төлөвлөгөөт эмчилгээ гэж өндөр дүн тавьдаг. Тэгээд гэрээ нь хийгдээд дууссан байхад гэрээний явцын дунд өөрчлөлт оруулдаг, дүнг нь өөрчилсөн байна. Архаг өвчний үйлчилгээ бага дүнтэй байсныг их болгож, цочмогийг зориуд бага болгосон байна. Өөрөөр хэлбэл хязгаарлалт тавихгүй байдлыг ашигласан гэсэн үг. Энэ мэт хулгайн үйлдлүүд нь ЭМДС-ийн үйл ажиллагааг алдагдуулсан. Эдгээр баримтуудыг хууль хүчний байгууллагад шалгуулахаар өгч байна.
2027 он бол нийгмийн эрүүл мэндийг дэмжсэн том жил болох болно. Монгол хүн өвчин тусаад нас бардаггүй, өвчин тусаад тахир дутуу болдоггүй, өвчнийг нь эрт илрүүлж чаддаг, эмчилгээ нь оновчтой байдаг, санхүүжилт нь хангалттай, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчид нь тусламж үйлчилгээгээ хангалттай үзүүлж чаддаг тогтолцоог бий болгох юм. Тиймээс энэ хүрээнд ажлын хэсэг байгуулах үүрэг даалгаврыг надад өглөө. Ингээд бид 2027 онд эрүүл мэндийн салбарын ажилчдыг хангалттай 3.5 сая давсан цалинтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллана" гэлээ.