“Центр доктора бубновского” хөдөлгөөнөөр эмчлэх, нөхөн сэргээх төвийн эмч, клиникийн профессор А.Буяндэлгэртэй хөдөлгөөн заслын эмчилгээний талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хэрэглээ гаарлаа. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?
-Эм гэдэг заавал нэг өвчнийг эмчилдэг, тусгай заалтаар хэрэглэдэг. Өөр ямар ч эмчилгээний арга байхгүй үед амьтан, сайн дурын хүн дээр туршиж эмнэл зүйн судалгаа хийгээд батлагдсан. Хурц халдварт өвчин, осолд орох зэрэг ямар нэгэн яаралтай үед биднийг эм аварна. Харин архаг өвдөлтийн үед өвчин намдаах эм уух нь ямар ч нэмэргүй. Мөн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэдийг бол хэдийг авах боломжтой, бөөн рекламтай. Өөрөөр хэлбэл, өвдөлт гэдэг таны биеийн ямар нэгэн зүйл болохгүй байна гэсэн дохио. Тийм учраас өвчин намдаах эм хүний биед ямар ч хэрэггүй. Хэчнээн их эмийн бодис хэрэглэнэ төдий чинээ бидний биед хуримтлагдсаар байгаад асуудал үүсгэнэ. Жишээлбэл, парацетамол худалдаж авах боломжгүй ядуу улсад аутизм байхгүй байна гэдэг нотолгоо.
-Нуруу болон үе өвчний асуудал залуусын дунд ихсээд байгаа нь юутай холбоотой гэж харж байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ гар утас, компьютер, машин хэрэглэдэг болсон гээд хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдчихлөө. Өмнө хүүхдүүд гудамжинд тоглоод гэртээ ордоггүй байсан бол одоо гараад тогло гэсэн ч тоглохгүй байна. Мөн бидний яс, булчингийн үйл ажиллагаа өөр болчихлоо. Өөрөөр хэлбэл, хүн 24 цагийн 16-д босоогоор амьдардаг амьтан. Иймд бидний босоогоор байлгах, суух боломжийг олгож буй суурь булчингууд маш чухал. Гэтэл бид суурь булчингуудаа суух, толгойгоо барихад ашиглаад л хөгжүүлэх зүйл юу ч хийхгүй байна. Ингэснээр ажиллуулахгүй байгаа булчингууд агшиж, нарийсаад, байнга ажиллуулдаг цөөн булчингийн шөрмөс нь татаж эхэлдэг. Монголд хүүхэд наснаас нь бие бялдрын хөгжлийг орхигдуулсан. Эрэгтэй хүүхдийг барилдуулах, эмэгтэй хүүхдийг багаас нь бүжиглүүлэхийг хуучин хоцрогдсон гэж хаяад орчин үеийн системээ нэвтрүүлж чадаагүй байж байгаад нийгэм солигдоод одооноос л анхаарч эхэлж байна. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн суурь булчинг хөгжих ёстой насанд нь хөгжүүлэхийг чухал гэж үздэг. Жишээлбэл, АНУ-д 7 настай эрэгтэй хүүхэд дөрвөн секцэд зэрэг явж байна. Харин манайд хүүхдүүд хөдөлгөөн хийдэггүй нийтлэг дүр төрхтэй болоод байна. Иймд 20-30 наснаас эхлээд нуруу, өвдөг, хүзүүний архаг өвдөлттэй хүн олон болсон. Хамгийн чухал зүйл бол нурууны өвдөлтийн шалтгаан нь дүрс оношилгооны аппаратаар гарахгүй. Яагаад гэвэл нурууны архаг өвдөлт булчинтай холбоотой. Хүний нурууны булчингийн шөрмөс татвал өвдөлт өгнө. Хөлийн шөрмөс татахад тавиулж болно. Харин нурууны шөрмөс татахад тавиулж чадахгүй. Нэг хөлд 55 булчин байдаг бол нуруунд 277 булчин бий. Эдгээрээс аль булчингийн шөрмөс татсанаас шалтгаалан зовуурь нь өөр, өөр байдаг. Гэтэл нуруу өвдөхөд хүмүүс зүү, төөнүүр, бариа засал, хамгийн айхтар нь мэс засал хийлгэнэ. Тус аргуудыг ашиглаад амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол ахиад л нэг өдөр шөрмөс нь татна.
-Тэгвэл нурууны өвдөлтгүй амьдрах боломжтой юу?
-Хүний биед нийт 630 булчин бий. Тэдгээр булчинг зөв ажиллуулаад байвал бүх насаараа зөв амьдрах боломжтой. Бидний бага нуруу 100-120 жил амьдрахад боломжтой нөөцтэй. Эвэрхий болсон, гулссан, дарагдсан гэдэг сүүлийн үед гарч ирсэн онош. Дүрс оношилгооны аппарат гараагүй байхад ч нурууны өвдөлт байсан.
–Хүмүүст нуруу, бөөрний өвдөлтийг ялгахгүй байх нь олон. Тэгвэл хэрхэн ялган таних вэ?
-Хүмүүс бүсэлхий, нуруу өвдвөл бөөрөөр өвдлөө гэж ярьдаг. Манай Монголд хийсэн гадаадын эмч нарын судалгаагаар бөөр нь өвдсөн гэж ирсэн хүмүүсийн 98 хувь нь нурууны булчингийн асуудалтай байсан. Хүний биед хамгийн элбэг татдаг булчин бол нурууны дөрвөлжин булчин юм. Харин бөөрний хамгийн аюултай өвчин бол үрэвсэл. Энэ нь бөөрний дутагдалд оруулаад амь насанд аюул үүсгэдэг. Гэтэл тухайн өвчин нь эцсийн шатанд ортлоо ямар ч зовуурь өгдөггүй. Өвдөг өвдөхөд хөдөлгөж, нуруу өвдөхөд булчинг нь тэмтэрч үзэхгүй мэс заслын заалт гаргаж болохгүй. Тэгэхээр 100 кг жинтэй өвдөг нь өвддөг хүнийг илүүдэл жинг нь хасахгүйгээр мэс засал хийгээд ямар ч үр дүн гарахгүй. Иймд янз бүрийн зовуурьтай хүмүүсийг бид бүтнээр нь харж, эмчилдэг. Хүний биеийг машин засаж байгаа юм шиг зөвхөн нэг хэсгийг нь эмчлээд болно гэж байхгүй. Ихэнх хүн “Миний жин хамаагүй. Одоохондоо жингээсээ ямар ч зовуурь өгөөгүй болохоор миний өвдгийг л эмчилчих” гэдэг. Бүтэн биеэр нь эмчилбэл биеийн жин хэвийн болж өвдөг нь өвдөлтгүй болоод хөдөлмөрийн, амьдралын чадвар нь 100 хувь сэргэнэ.
-Хөдөлгөөн заслын эмчилгээ бариа заслаас юугаараа ялгаатай вэ?
-Хөдөлгөөн заслын эмчилгээний аргаар хүний нуруу татсан үед тухайн булчинг нь олж, нухдаг. Дараа нь тухайн булчинд зөв хүчний дасгал хийлгэдэг. Түүний дараа сунгаснаар цогц эмчилгээ болдог. Мөн нэмээд богино хугацаагаар хүйтэн жин тавьж болно. Тэгвэл тухайн булчингийн цусан хангамж сайжирч, хурдан сэргэдэг. Харин бариа засал бол энэ цогц эмчилгээний зөвхөн нэг хэсэг. Зангирсан булчинг тавиуллаа гээд булчин нь ажилд орохгүй. Магадгүй мэдээ алдуулах тариа хийгээд зангирсан булчинг түр зуур тавиулж болно. Гэхдээ булчин нь буцаад л татна. Мэс засал үүнтэй яг адилхан. Бид хөдөлгөөн хийхийн тулд халаалт хийх хэрэгтэй. Дараа нь хөдөлгөөнөө сунгалтаар дуусгаснаар сайн нөлөө үзүүлнэ.
-Ярилцлагынхаа төгсгөлд хөдөлгөөн заслын эмчилгээтэй холбоотой зөвлөгөө өгөхгүй юү?
-Бид эрдэнэт хүний амь руу яаран хутга мэс барьж дайрахгүй гэдэг зарчимтай. Эхлээд тухайн хүнд өөрийнхөө биеийг эрүүл болгох нөхцөлийг нь зааж өгдөг. Монголчууд хөгширч үхэхгүй хөшиж үхнэ гэж ярьдаг. Тийм учраас дээр үед монгол хүмүүс биелгээ хийдэг байсан. Биелгээ хийснээр өдөр тутамд ашигладаггүй булчингаа хөдөлгөх боломж бүрддэг. Биелгээний зарим элементийг бэлтгэгдсэн тамирчин ч хийж чаддаггүй. Хүн болгон өөрийнхөө биеийг ойлгож сурвал эрүүл байх ид шид бидний биед нуугдаж байдаг. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол ам руугаа орж буй зүйлийг хянах, өөрийнхөө булчингуудыг зөв ажиллуулж сурах юм.