Засгийн газар | 2 мин уншина

Н.Учрал: Ураны хөрөнгө оруулалтын гэрээг намрын чуулганд өргөн барина

Н.Учрал: Ураны хөрөнгө оруулалтын гэрээг намрын чуулганд өргөн барина
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 11
Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн төслүүдийн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар 100 хоногтоо багтаан 14 мега төслөө эхлүүлэх зорилго тавьж, холбогдох сайд нарт албан даалгавар өгчээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Францын Орона-той хийх хөрөнгө оруулалтын гэрээний ажлын явцын талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Зарчмын зөрүүтэй 200 саналд нэгдсэн. Тохирч чадаагүй зургаан чиглэлийн саналд байр сууриа илэрхийлсэн.
Том төслүүдийг эрэмбэлээд ураны хөрөнгө оруулалтын гэрээр энэ намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.
Мөн 14 шинэчлэл хийнэ. Үүний хүрээнд Төрийн албаны хуулийн үзэл баримтлалд санал авахаар ажиллаж байна. Олон улсын зөвлөх үйлчилгээнүүдэд санал тавьсан. Мөн төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хуулийг шинэчлэн найруулна. Энэ хүрээнд олон улсын зөвлөх үйлчилгээнүүдтэй хэд хэдэн уулзалт хийсэн. Түүнчлэн татварын шинэчлэл, төсвийн зардлын шинэчлэл, ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой асуудал, лицензтэй холбоотой шинэчлэлийг 100 хоногийн дотор эхлүүлнэ. Засгийн газар арванхоёрдугаар сард 100 хоногийн тайлангаа олон нийтэд тавина.
Мөн өнөөдрийн хуралдаанаар 2024 онд улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. 2023 оны наймдугаар сард газар олголтуудыг нэгдсэн байдлаар шийдэх шийдвэр гаргасан. 2800 нэгж талбар газрыг олгох шийдвэрийг гаргаж байна гэсэн үг. Цаашдаа Засгийн газар нэгдсэн байдлаар газар олгоод явбал ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллаад явах боломжтой болно” гэлээ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн