Боловсрол | 5 мин уншина

Ч.Лодойравсал: Том компаниуд диплом биш, хувь хүний гурван чадварыг л голчлон хардаг

Ч.Лодойравсал: Том компаниуд диплом биш, хувь хүний гурван чадварыг л голчлон хардаг
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 16

МУИС-ийн ТУЗ-ийн гишүүн, ХШУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал МУИС-ийн индер” зочноор уригдан “Бүтээгч монгол, бүтээгч иргэн-МУИС-ийнхан” сэдвээр тавьсан илтгэлийг тоймлон хүргэж байна.

Яг одоогийн Монгол Улсын хувьд хамгийн том асуудал нь хэрэглэгч улс болчихоод байгаа юм. Ихэнх тохиолдолд бүх бараа бүтээгдэхүүнээ импортолж байна. Бидний экспортолж байгаа бүтээгдэхүүн маш бага, тэр дотроо ихэнх нь түүхий эд байх жишээтэй. Тэгэхээр  дараагийн бидний зорилт бол үйлдвэрлэгч улс болох юм. Бид өөрсдөө хийж, бүтээж сурах ёстой.  Монгол Улс ган хайлуулах ёстой, хүнд машины үйлдвэртэй байх ёстой. Мал аж ахуй, газар тариалантай байх ёстой. Өөрөөр хэлбэл, бид бусдаас хараат болохгүйн суурь үндэс нь үйлдвэрлэгч байх ёстой юм. Шинэ технологи, шинэ мэдлэг бүтээдэг, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд явах нь чухал.  Улс орон ийм чиглэлд явах ёстой бол иргэд нь мөн л адил бүтээлч байх шаардлагатай. Тэгж байж бид цааш явна.  

Бид анхнаасаа л хэрэглэгч орон байсан уу гэвэл бас үгүй. Манайд өнгөт телевизор, компьютер угсарч байсан туршлага ч бий. Монгол Улс бодлоготойгоор электроникийн салбарт Зүүн өмнөд Ази, Польш, Чех зэрэг орнуудад электроникийн инженерүүд бэлдсэн. Тэгээд улсаас 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд "Монел" компанийг байгуулаад үйлдвэр явуулж байсан. 2012 оны мэдлэгийн эдийн засгийн индекс Монгол Улс 83-д байсан бол Хятад 84-д эрэмбэлэгдэж байлаа. Хятадаас 10 мянган хүнд ногдох телевиз, гар утс, интернэт хэрэглээгээрээ өндөр байсан.    

1946 онд Х.Чойбалсан ШБОС буюу шинэ бүтээл оновчтой санаачлага гаргаж хүмүүст олсон орлогоос нь 20 хувийг урамшуулал болгон өгч байсан. 1980 онд ШБОС-ын дэлгэрүүлэх аян улс даяар өрнөсөн. Үүний үрд дүнд Азид байхгүй мундаг систем хийсэн шүү дээ. Яамдын орлогч дарга, сайд нараас эхлээд, төсөв баталдаг хүний ажил үүргийг хүртэл ШБОС гэдэг үзүүлэлтээр үнэлж байлаа. Үүний хүчинд 1980-1990 он хүртэл 10 жилийн хугацаанд 20 мянган шинэ патент бүтгэгдэж байсан. Түүнээс 90 хувь нь амьдралд нэвтэрч байсан.  Бидэнд одоо энэ мэт зөв бодлого маш чухал.   

БНСУ-ын технологиор амжилт олсон туршлага их энгийн. 1980-аад оны сүүлээр БНСУ-д байгууллагын холбооны системийг бүгдийг шинэчлэх шаардлага гарсан. Яг тэр үед Солонгосны ахисан түвшний судалгааны инстутит /КАИСТ/-ийн профессор Ерөнхийлөгчдөө хандаж “Үүнийг бид хийж чадна, үүнийг л бид өөрсдөө хийхгүй бол цаашид бүгдийг худалдаж авах болно шүү” гэж захиа бичсэн байдаг юм. Тэгээд Ерөнхийлөгч нь шийдвэр гаргаад түүнийг хийж чадах бүх хүнийг цуглуулаад хийлгэсэн. Технологийн салбарын хөгжил нь ингэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл үйлдвэрлэгч бүтээгч улс болоход хүмүүс нь ямар байх ёстой вэ    

21-р зуунд дараах чадварууд үнэд орно...

undefined

Монгол орон эрс тэс уур амьсгалтай, тархай бутархай амьдарч байсан улс. Хөдөө амьдарч байгаа айлд асуудал гарвал бүх асуудлыг өөрсдөө л шийднэ. Бидний давуу тал нь амьд үлдэх чадвар сайтай. Сул тал нь өөрийнхөө л асуудлыг шийддэг. Гэтэл хотожсон, суурьшмал соёлтой өнөөгийн нийгэмд бусадтай хамтрах, аливаа асуудлыг глобал хэмжээнд ярих, хэлэлцэх, шийдэх шаардлага гарч байгаа юм. Бид өөрсдийн суурь давуу тал дээрээ тулгуурлаад илүү өргөн өнцгөөр алс хол харах шаардлагатай болж байна.       

Зөв монгол хүнийг бага сургуульд нь бэлдэх ёстой. Японд бага ангийн багш нар ахлах ангийн багш нараас өндөр цалин авдаг. Яагаад гэхээр бага ангийн багш нар нь япон хүнийг бэлтгэдэг бол ахлах ангийн багш нар зүгээр л хичээл заах статустай. 

Тэгэхээр хүн болж төлөвшихийн 60,70 хувь нь долоон нас хүртлээ бүрэлдэж байгаа юм. Бага сургуульд нь бага боловсролоор нь дамжуулан илүү системтэй бэлдэх нь чухал. Харин их сургуульд бол дэлхийн хүнийг л бэлдэх ёстой юм.   

Их сургуульд дөрвөн зүйлд анхаарч, сургалтаа явуулах ёстой. Нэгд, мэдэхэд сургана, чадварт сургана, хувь хүнийг хөгжүүлнэ. Нөгөө нэг зүйл нь нийгэмд бусадтай хамтрах ёстой учраас бие хүний хувьд төлөвшүүлэх ёстой. Энэ дөрвөн чадварыг олгох нь их сургуулийн үүрэг.  

21-р зуунд үнэд орох чадварууд бол аливаа асуудлын учрыг олдог шийдэл гаргаж чаддаг, хамтарч чаддаг, харилцааны чадвар. Нөгөө талаас шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ байх ёстой.  Толгой өвдөж байна гэж хариулдаг хүн биш, толгой өвдөхөд хүний биед ямар процесс явагддаг вэ, аналгин уухад ямар нөлөөл үзүүлдэг, тэр эм ямар бүтэц, найрлагатай вэ, аналигиныг өөр ямар зүйлээр орлуулж, толгойн өвчнийг намдааж болох уу гэдэг шийдлийг олж чаддаг хүн болох ёстой. Энэ нь аливаа асуудлын нарийн учрыг олдог, шийдэл гаргаж чаддаг чадварыг хэлж байгаа юм.  

Их сургуулиас диплом олж авах нь чухал, түүнээс илүү чухал нь аливаа зүйлийг мөн чанарыг ойлгодог, асуудалтай мэргэжлийн үүднээс хандаж, харилцаж чаддаг чадварыг эзэмших нь чухал. Бакалаврын сургалт бол хүүхдэд тухайн мэргэжлийн шинэ зүйлийг сурахад шаардлагатай суурь мэдлэг чадварыг л олгож байгаа юм.     

Том компаниуд ажилд авахдаа тухайн хүний диплом, дүн, оноог нь бус яагаад энэ ажлыг сонгосон бэ, зорилго байна уу, баг байна уу, санаа байна уу гэдэг гурван зүйлийг л хардаг.   

Аливаа өгөгдлийг цэгцлэхээр мэдээлэл болж байгаа юм, мэдээллийг цэгцлэхээр мэдлэг болж байгаа. Мэдлэгийг тунгаахаар сэц болно. Хуучин бол хэн мэдээлэлтэй байна, тэр хүн давуу талтай байсан. Одоо бол хэн өгөгдөлтэй байна, түүнээсээ хэрхэн мэдээлэл боловсруулж чадаж байна. Мэдээлэлд шинжилгээ хийж, боловсруулж чаддаг чадвар чухал юм. Мэдээлэл асар хурдтай хөвж байна. Шүүн тунгаах, цэгцлэн боловсруулах чадвар шаардана. 

Нөгөө талаас залуус бусдын туршлага, ноу-хау мэдэж, өвлөж авах нь чухал юм.

Нэг гуталчин залуу байж. Тахалсан гутлууд нь бүгд салж унаад байсан байна. Харин багшийнх нь хадсан гутал салахгүй байж. Багштайгаа хамт сууж байгаад яг ижилхэн хадаасаар, адилхан арга барилаар хадсан ч өөрийнх нь хадсан хадаас богино хугацааны дараа салж унаад байсан байна. Гайхширсан залуу багшаасаа учрыг лавлахад хадаасаа хадахын өмнө норгож, шүлсдэх ёстойг хэлжээ. Номон дээр хадаасаар тах хадна гээд биччихсэн байдаг. Гэхдээ шүлсдэхийг хэн ч мэдэхгүй. Ажлын байран дээр гарч байж л сурдаг.   

Амжилтад гурван зүйл чухал. Тэр нь итгэл, сэтгэл, зүтгэл. Тесла компнани цомхтгол хийхдээ Тесла номер нэг машин үйлдвэрлэгч болно гэдэгт итгээгүй хүмүүсээ халсан гэдэг. Зорилгодоо итгэхгүй байгаа хүн хол явахгүй.  

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн